нийгэм

I ангийн сурагчид өнөөдрөөс сэтгэл хөдлөлөө удирдах хичээл үзнэ

Таны сэтгэгдэл

Ерөнхий боловсролын сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын хичээл өнөөдөр эхэлж байна. Энэ улирлаас эхлэн нэгдүгээр ангийн сурагчдын сургалтын хөтөлбөрт “Нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээл”-ийг шинээр нэвтрүүлж байгаа аж.

Боловсролын сайд Ц.Энх-Амгалангийн мэдээлснээр тус хичээл нь хүүхдүүдийг өөрийгөө ойлгох, сэтгэл хөдлөлөө удирдах, бусдыг хүндэтгэх, хамтран ажиллах зэрэг амьдралд шаардлагатай суурь чадварт сургах зорилготой юм.

Хөтөлбөр нь “Би”, “Бусад”, “Бид” гэсэн гурван үндсэн агуулгын хүрээнд хэрэгжих бөгөөд нийт зургаан чиглэл, 24 чадамжийг эзэмшүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, сурагчид өөрийн сэтгэл хөдлөлийг таньж мэдэх, мэдрэмжээ зөв илэрхийлэх, бусдыг ойлгож энэрэнгүй хандах, хамтран ажиллах, зөрчил маргааныг зохистой шийдвэрлэхэд суралцах юм.

Хичээлээр “Би сурагч”, “Сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдах вэ?”, “Өөртөө болон бусдад хэрхэн энэрэнгүй хандах вэ?”, “Мэдрэмжээ хэрхэн зөв илэрхийлэх вэ?”, “Зөрчлийг хэрхэн зөвөөр шийдвэрлэх вэ?” зэрэг сэдвийг судална. Мөн хичээлийг заах багш нарыг тусгай арга зүйгээр бэлтгэсэн бөгөөд сурагч бүрд “Миний сайхан сэтгэлийн дэвтэр” олгох аж.

Түүнчлэн хүүхдийн нийгэм, сэтгэл зүйн хөгжлийг дэмжихэд эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог хангах зорилгоор гарын авлага, зөвлөмж боловсруулжээ. Ингэснээр сургууль, гэр бүл хамтран хүүхдийн төлөвшил, хөгжлийг дэмжих боломж бүрдэх юм.

Энэхүү хичээлийн онцлог нь сурагчдыг зөвхөн эзэмшсэн мэдлэгээр нь бус, хувь хүний хөгжлийн ахиц, түвшинд нь үндэслэн үнэлэхэд оршино. Багш нар хүүхэд бүрийн 24 чадамжийн ахиц, хөгжлийг ажиглан үнэлж, шаардлагатай дэмжлэг үзүүлэх юм.

Өмнө нь нийгэмшил, сэтгэл хөдлөлийн боловсролын агуулгыг төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн үндсэн сургалтын хөтөлбөрт тусгайлан хэрэгжүүлж байгаагүй бол зарим хувийн сургуулиуд энэ чиглэлээр туршлага хуримтлуулж иржээ.

6
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

821 нийтлэл

Сэтгэгдэл бичих