улс төр

Боловсролын зээлийн сангийн зээлийг 6 хувийн хүүтэй болгох гэж байна

Таны сэтгэгдэл

-Боловсролын зээлийн сангаас жилд 50-70 хүүхэд дэлхийн шилдэг 100 сургуульд суралцахад зээл авдаг бөгөөд энэ нь тус сангийн нийт санхүүжилтийн 10-15 орчим хувийг эзэлдэг. Гэтэл санхүүжилтийн 80-90 шахам хувь нь 20 гаруй төрлийн тэтгэлэг, тусламж, хөнгөлөлтөд зориулагддаг аж.Үүнд хамрагдагсдын тоо жилд дунджаар 15 мянга-

Монгол Улсын Боловсролын зээлийн санг гадаадын их, дээд сургуульд суралцан төгсөгчид “цөлмөн тоносон” мэт дуулиан сүүлийн хэдэн жилд улс төрийн шалтгаанаар хүчтэй өрнөсөн ч үнэндээ тус сангийн нэг жилийн зарцуулалтын 10-15 орчим хувь нь л дэлхийн шилдэг 100 сургуульд тэнцсэн суралцагчдад зээл хэлбэрээр олгогддог байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлагаар 2021 оноос хэрэгжиж буй “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрийн тэтгэлгээс гадна дотоодын сургалтын зээл, хөнгөлөлт, тэтгэлэг буцалтгүй тусламжийг мөн тус сангаас санхүүжүүлэн нийтдээ 27-28 төрлөөр олгодгийг цахим хуудсаас нь харж болно.

Буцалтгүй тусламжийг зургаан төрөлд, эрэлттэй мэргэжлийн тэтгэлгийг 11 мэргэжилд, багш, ажилтан болон багш мэргэжлээр сурагцагсад, багш нарын нэг хүүхдийг сургах зургаан төрлийн тэтгэлэг зэрэгт төсвийн санхүүжилтийнх нь 80-90 хувь нь зарцуулагддаг байх нь.

Тус сангаас жилд 16 мянган орчим хүнд санхүүжилт олгодог гэх мэдээлэл байгаа бөгөөд санхүүжилтийн эх үүсвэр нь улсын төсөв юм. Энэ дунд нөгөө хэл амтай, дэлхийн шилдэг их, дээд сургуульд тэнцэгсдийн “зээл”-д жилд 50-70 хүүхэд хамрагддаг гэхээр нийт тоонд маш бага хувийг эзэлдэг гэсэн үг. Тэгэхээр нэг хүүхэд 4-5 жил суралцаж төгсөнө гэж бодоход жилд 300-аад хүүхдэд зээлийн санхүүжилт олгогддог аж.

Өөрөөр хэлбэл, Боловсролын зээлийн сангийн ачаалал, дарамт нь гадаадад суралцагсдын зээл бус харин бусад бүтээгдэхүүнүүд болох хорь гаруй төрлийн тэтгэлэг, тусламжаас үүсдэг болохыг төвөггүй ойлгож болохоор байна. Энэ тэтгэлгийн төрөлд сум, дүүрэг бүрээс нэг, нэг шилдэг хүүхдийг, нийтдээ 300 гаруй хүүхдийг жил бүр сонгон шалгаруулж, гадаад улсад сургадаг Ерөнхийлөгчийн илгээлт хөтөлбөрийн тэтгэлэг ч багтаж байгаа.

Дээрх зээлд хамрагддагаас даруй 5-6 дахин олон хүүхэд тэтгэлгээр суралцдаг гэсэн үг.

Тэгвэл яг одоо Боловсролын зээлийн сангийн журмыг шинэчлэн гадаадын шилдэг 100 их, дээд сургуульд суралцагсдын зээлийг жилийн 6 хувийн хүүтэй болгох Засгийн газрын тогтоол батлуулахаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан төслийг боловсруулж буй аж.

Уг зээл Боловсролын зээлийн сангийн санхүүжилтийн зарцуулалтын 10 гаруйхан хувь, жилд 50-70 хүүхдэд олгогддог. “Дэлхийн боловсролыг Монголд” уриатайгаар анх эхлүүлж байсан энэ хөтөлбөр Монголын хөгжлийг авч явах шилдгүүдийг бэлтгэх зорилготой байв. Тийм ч учраас рангаар дэлхийн эхний 100 сургуулийн урилгыг авч чадсан хүүхдүүдийг дэмжих концепцийг баримталсан хэрэг. Тэдгээр сургуульд элсэхийн тулд хэчнээн их хөдөлмөр, тэвчээр, цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулсныг мэдэхгүй ч сургалтын төлбөрийнхөө тодорхой хувьд сургуулиасаа тэтгэлэг авлаа ч жилд өөрсдийн халааснаас төлөх мөнгө нь 100-200 сая орчим болдог. Нийт дөрвөн жил суралцахдаа бараг нэг тэрбум төгрөгийн зээл авдаг нь эргэн төлөхөд чамгүй өндөр ачаалал юм. Дэлхийн шилдэг сургуульд суралцаад эх орондоо ирэхэд ямар хэмжээний цалин угтдаг билээ?!

Гэтэл одоо энэхүү зээлийг нь жилийн 6 хувийн хүүтэй болгосноор 20 жилийн хугацаанд тэд хэдийг хүүнд төлөх болох вэ? Улс, эх орноо хөгжүүлэх үйлсэд зүтгэх бус их хэмжээний өр зээлийн дарамтад 20 жилээ зарцуулах болно гэсэн үг. Яагаад зээлийн хүүг 6 хувиар тогтоож буй үндэслэлээ тайлбарлахдаа Монголд хамгийн хямд, хүү багатай зээл болох ипотекийн зээлээр жишиг барьж байгаа хэмээн Боловсролын яамны мэргэжилтнүүд тайлбарлажээ.

Орон сууцтай болохын төлөө монголчууд бүх насаараа зүтгэж, ихэнх жилүүдэд нь банкны хүү төлсөөр хамаг эрч хүчтэй, идэвхтэй үеэ үрж дуусгадаг өрөвдөлтэй, эмгэнэлтэй энэ амьдралыг боловсролын салбарт давтах гэж байгаа нь хэтэрхий харгис биш үү Л.Энх-Амгалан сайд аа?

Уг зээлийг авч буй хүүхдүүдийн төлбөр цаашаа сургуулийн данс руу валютаар хийгддэг ч санхүүжилтийг нь улсын төсөвт төгрөгөөр тооцож тусгадаг. Гадаад валют, долларын зээл хэмээн тайлбарладаг ч үнэндээ төгрөгийн л зээл. Гэтэл сүүлийн 20 жилд монгол төгрөгийн ам.доллартай харьцах ханш жил бүр зургаан хувиар унасан учраас жилд ийм хэмжээний хүү тооцох нь зүйтэй гэсэн тооцооллыг ч бас ярьж байгаа юм байна. Тийм өндөр зээлийг ийм өндөр хүүгээр авч суралцсан мэргэжилтнүүд сургууль төгсмөгцөө ажилд орох, ажилд оронгуутаа зээлээ төлөх болно. Гэхдээ зээлдэгчдийн зүгээс хүү төлөх хугацааг хойшлуулах хүсэлт илэрхийлж байгаа ч эхний хоёр жилд л хүүгээс чөлөөлөх байдлаар “харж” үзэж болох юм гэсэн байр суурийг яамныхан хэлж буй гэх.

Хэт өндөрт улстөржиж олны анхааралд орсноос биш Боловсролын зээлийн сангийн 15 орчим хувийг зарцуулж буй зээл дээр ингэтлээ хатуурхах шалтгаан юу байгаа юм бэ? Хэрэв төсвийн мөнгө, санхүүжилт, сангийн зарцуулалтыг үр ашигтай болгох талаар бодлого гаргах гэж байгаа бол хорь гаруй төрлийн тэтгэлэг, буцалтгүй тусламжийг жилд арван хэдэн мянгаар нь хавтгайруулан олгодгоо хяналттай, хямгатай болгох цаг болсон юм биш үү. Хэзээ мөдгүй Засгийн газрын хурлаар тогтоолыг нь батлах гэж буй энэ асуудалдаа Ерөнхий сайд Н.Учрал та анхаарал хандуулна уу?!

2026.11.09  Даваа гараг № 008/4110

81
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

849 нийтлэл

Сэтгэгдэл бичих