Дэлхийн үйл явдал

Бурхан багшийн шүтээн зурагт намтрыг ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүс нутгийн жагсаалтад бүртгүүлэв

Таны сэтгэгдэл

ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүсийн хорооны 11 дүгээр Ерөнхий чуулган Индонезийн нийслэл Жакарта хотноо 2026 оны 11 дүгээр сарын 2-6-нд болов.

Тус Ерөнхий чуулганаар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж буй Бурхан багшийн шүтээн зурагт намтар”-ыг 2026 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр ЮНЕСКО-гийн соёлын үнэт өв болгон бүртгэснийг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей мэдээлэв.

Энэхүү өвийг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал, доктор П.Байгалмаа, музейн зөвлөх О.Батсайхан, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын Мэдээлэл, харилцаа холбооны асуудал хариуцсан мэргэжилтэн, “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Монголын үндэсний хорооны Нарийн бичгийн дарга О.Дэлгэрцэцэг нар ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн хорооны 11 дүгээр Ерөнхий чуулганд ийнхүү танилцуулж амжилттай хамгаалж гэрчилгээг гардан авчээ. Тус өвийн нэр дэвшүүлэх материалыг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн хамт олон ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисстой хамтран боловсруулж, бэлтгэсэн байна.

Тус Ерөнхий чуулганд Ази, Номхон далайн бүсийн 26 орны 28 баримтат өвийг нэр дэвшүүлснээс 21 бүтээлийг хэлэлцэж баталжээ.

Бурхан багшийн шүтээн зурагт намтар нь XIX зууны түүх, соёлын үнэт дурсгалт бүтээлд бурхан багшийн намтрыг 34 зураг болгож зурсан төдийгүй хүн төрөлхтний ёс зүй, дэлхийн их соёл болсон үнэт сургаалыг дүрсэлсэн байдаг. Буддын шашинтай улс орнуудад бурхан багшийн тухай шүтээн зураг байдаг ч зургаар үзүүлсэн 34 намтар цуврал зураг нэн ховор юм.

“Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж буй Бурхан багшийн шүтээн зурагт намтар” гэх албан ёсны нэртэй уг бүтээл нь 28х22 см хэмжээтэй цаасан дээр шороон будгаар зурсан. Нэр нь үл мэдэгдэх XIX зууны Монголын бурханч лам тус бүтээлдээ намтрыг уран сайхны аргаар илэрхийлэхдээ бурхан багш урьд өмнө нь олон дүрд хувилан ёс зүй, үнэнч байдал, энэрэнгүй сэтгэл, ёс суртахууныг эрхэмлэх, зөв сэтгэлийг бий болгож байсан түүхийг өгүүлсэн бүтээл юм.

Чуулганы үеэр Монгол Улсын төлөөлөгчид Дэлхийн дурсамж хөтөлбөрийн Монголын үндэсний хорооны 2024-2026 оны үйл ажиллагааны тайланг танилцуулахын зэрэгцээ баримтат өвийн бүртгэл, хадгалалт хамгаалалт, хүртээмжийг сайжруулах болон бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр гишүүн орнуудтай санал солилцжээ. Тус өвийг Ази, Номхон далайн бүсийн жагсаалтад бүртгүүлсэн нь Монгол Улсын баримтат өвийн үнэ цэнийг олон улсын түвшинд таниулах, судлах, хадгалж хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд чухал ач холбогдолтой юм.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн түүхт 60 жилийн ой энэ онд тохиож буй. Тус музейн бүтээл нь Монголын музейнүүдээс анх удаа баримтат өвийн төрөлд ийнхүү нэр дэвшиж ЮНЕСКО-гийн өв болж байгаа нь Монголын дүрслэх урлагийн түүхэнд тэмдэглэх үйл явдал бөгөөд музейн салбарын үе үеийн ажилтан, албан хаагчид болон соёлын өвийг хадгалан хамгаалагч эрдэмтэн судлаачдын гавьяа зүтгэлийн бодит үр дүн гэдгийг мэргэжилтнүүд тодотгож байна.

Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын жагсаалтад 7 өв, Ази, Номхон далайн бүс нутгийн жагсаалтад 6 өвийг тус тус бүртгүүлээд байна.

15
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

823 нийтлэл

Сэтгэгдэл бичих