улс төр

Ардчилсан намд найман сайдын суудал өгөхөөр арын өрөөнд ярилцжээ

Таны сэтгэгдэл

-МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахын тулд АН-тай засагт хамтрахаар төлөвлөж байна-

МАН-ын дарга Н.Учралын тэргүүлж буй Засгийн газар танхимдаа сэлгээ хийж, Ардчилсан намтай хамтрах тухай аль эртнээс сонсогдсон яриа “арын өрөөнд” бодитой төлөвлөгөө болж цаасан дээр буужээ. Ардчилсан намыг эрх баригчдын улс төрийн зорилготой зохион байгуулалтад оруулах ажлыг зуучлан гүйцэтгэх болсон гишүүдтэй тэд найман сайдын квот тохиролцсоноос элсний 13 фракц зургааг нь авч, говийн бүсийнхэнд нэг,  Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь нарын фракцид мөн нэгийг хуваарилах зураглал яригдаж байгаа аж.

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурлаар энэ асуудлыг хэлэлцэн “хамтарсан Засгийн газар байгуулахыг дэмжих” шийдвэр гаргах нь “хэзээ вэ” гэх цаг хугацааны асуудалтай л байгаа болохоос бус “хувьсгал”-ын тохироо хэдийнэ бүрдсэн гэж үзэж байна. Тус намын Үндэсний бодлогын хороо 378 гишүүнтэйгээс хамтарсан Засгийн газар байгуулахыг хэзээ ч дэмжихгүй хатуу байр суурьтай гишүүдийн тоо 130 орчим, МАН-тай хийсэн тохиролцоог дэмжих саналын тоо 200 шахам байна гэсэн тоог эрх баригчид аль хэдийнэ цаасан дээр буулгажээ.

Сөрөг хүчний намынхаа улс төрийн шийдвэр гаргах бодлогын бүтцийг гаднаас нь хайрцаглаж чадаж буй МАН яагаад Ардчилсан намтай Засгийн газраа хуваах сонирхолтой байна вэ гэх асуултад хариу өгөх хэрэгтэй. Хэдхэн алхаад л шинэ онтой золгох энэ цаг үе эрх баригчдын амьсгааг давхцуулж байгаагийн цаад шалтгаан нь Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл үндсэндээ хагас жилийн хугацаа үлдээд буй явдал юм. МАН-ын чансаа, нэр хүнд судалгаагаар төсөөлснөөс нь доогуур өнхөрч яваа үед Ардчилсан намын нэр дэвшигч хэн байх нь тэдэнд чухал. Сонгуулийн дүнг урьдчилаад тохирч болох, үгүй гэхэд ард иргэдийн дэмжлэгээр илүүрхэхээргүй нэгнийг Ардчилсан намаас нэр дэвшүүлэх ашиг сонирхолд адгаж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ардчилсан намыг сугандаа хавчуулаад хавтаслаж авахын тулд Засагтаа зай гаргаж, хажуудаа хадах хэрэгтэй байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн хэд, хэдэн бүлэглэлд хуваагддаг бөгөөд элсний 13, Monday, говийнхон гэх тэдгээр төлөөллүүдээ дагаж ҮБХ нь бүрддэг тул саналыг нь урьдчилж хайрцаглаад тоолох тийм ч хэцүү биш. Хэнийг дагаж хэдэн хүний санал хайрцаглагдахыг тооцоолохын тулд олон хүнтэй уулзах ч шаардлагагүй. Арын өрөөнийхөн ажлаа хийхэд л болчих зүйл.

УИХ-д сонгогдсон Ардчилсан намын гишүүд эв санаагаа нэгтгээд зүтгэхэд нь ээлгүй, эвгүй гэдгийг МАН-ынхан тооцоолж буй. Тийм ч болохоор ядаад Засагтаа  оруулсан гишүүдийн санаа сэтгэлийг хоёрдуулж, гутал хөл хавчих мэдрэмжийг тэдэн дээр турших гэсэн л хэрэг.

АН-ын бүлэг дэх элсний 13 буюу зургаан сайдын суудал авах Д.Жаргалсайхан, Г.Хосбаяр, А.Ганбаатар, Д.Энхтуяа, Х.Болормаа, О.Амгаланбаатар, Д.Ганбат, Дав.Цогтбаатар, П.Батчимэг, Б.Түвшин нарыг дагаж ҮБХ-ны 100-аад гишүүн, Говийн бүсийн Р.Эрдэнэбүрэн, Р.Сэддорж, Ц.Мөнхбат нарыг налах 50-60 хүн, Monday фракц Ж.Батсуурь, Б.Пүрэвдорж нарыг бараадах 60-аад санал гэдэг тооцоолол үндсэндээ хамтарсан Засгийн газар байгуулах баттай боломжийг харуулж буй юм.

Ардчилсан намынхны хувьд хамтарсан Засгийн газарт хавчуулагдах нь хэнд ямар хэрэгтэй вэ гэх асуулт. Эрх баригчдын энэ санаархал, найман сайдын суудал хэрэв бодитой болчихвол тойргоос сонгогдсон гишүүдэд ирэх сонгуулийн зардлаа босгох том боломж ирнэ гэдгийг элснийхэн тооцоолсон. Тохиролцсон байхыг ч үгүйсгэхгүй.

Төсвийг захиран зарцуулах эрх мэдэлтэй сайдын албан тушаал УИХ-ын сул гишүүн байхаас илүү ашигтай. УИХ-д тойргоос сонгогдох өртөг зардал өссөөр байдаг бол Засгийн сайдын суудал сул гүйж орж ирдэг. Дахиад нэр дэвших эрх, тойрог дээр ажиллах зардлаас өөрийг харахгүй болдог сонгуулийн өмнөх жил рүү өнгийж байхад өөдөөс тосоод ирэх боломжоос татгалзахад их л эр зориг шаардагдана.

Тэгэхээр тохиролцоонд орсон гишүүд 2028 оны сонгуульд тойрогтоо төрийн мөнгөтэй очих тийз авч байна гэсэн үг. Гэлээ гээд Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд тахимаа өгнө гэсэн баталгаа бас хэнд нь ч үгүй. Бүгд л азаа үзэх гэж байгаа нь энэ.

УИХ-д сонгогдсон Ардчилсан намын гишүүд эв санаагаа нэгтгээд зүтгэхэд өөрсдөд нь ээлгүй, эвгүй гэдгийг МАН-ынхан тооцоолж буй. Тийм ч болохоор ядаад Засагтаа оруулсан гишүүдийн санаа сэтгэлийг хоёрдуулж, гутал хөл хавчих мэдрэмжийг тэдэн дээр турших гэсэн л хэрэг.

2026.11.02  Даваа гараг № 007/4110

42

Сэтгэгдэл бичих