нийгэм

Дахин төлөвлөлтийн залиланд дарга нар нь оролцдог уу

Таны сэтгэгдэл

Дахин төлөвлөлт үү, дампуурлын схем үү?

Дахин төлөвлөлт нэрийн дор иргэдийг хохироосоор байх уу?

Улаанбаатар хотод “дахин төлөвлөлт” гэх үг иргэдийн хувьд хөгжлийн гарц биш харин эргэлзээ, айдас, шүүхийн маргаан гэсэн ойлголттой бараг л дүйх боллоо. Гэр хорооллыг орон сууцжуулахаар дахин төлөвлөлтөд оруулах ажил явагдаад олон жилийг үзэж байгаа ч өнөөдрийг хүртэл голдрилдоо орж ажил нь жигдрэх нь байтугай иргэдийг олон сар жилээр хүлээлтэд хүлж, тэвчээрийг нь барсан хэвээр л байгааг захын жишээнээс харж болно.

Орон сууц захиалгын гэрээний залилан, барилгын компаниуд байрыг давхардуулан зарах, хугацаанд нь ашиглалтанд оруулалгүй иргэдийг хохироох асуудал анхаарал татаж шүүх цагдаад энэ талаарх гомдлууд үй олноороо ирдэг, хэрэг маргаан үүсгэдэг ч хохирсон иргэдийн тоо улам нэмэгдсээр байгааг хуульч О.Батхүүгийн удаа дараагийн пост, лайв доорх комментуудаас харж болохоор байна. Түүний дотор гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэгч нэр бүхий олон компаниуд иргэдийг залилсан хохироосон талаар иргэд хаана хандахаа мэдэхгүй, шүүх цагдаад хандаад хохирлоо барагдуулж чадаагүй гэх гомдлууд байна.

Зогссон барилгууд, гацсан амьдрал

Тухайлбал, Нийслэлийн дахин төлөвлөлтийн хүрээнд гэр хороолын дахин төлөвлөлт Г.Ганхүү даргатай Нийслэлийн орон сууцны бодлогын газрын хяналт доор 57 компани эрх хэрэгжүүлж байгаа гэх, түүний дотор “Баганат өргөө” ХХК , “Азийн Барилга” ХХК иргэд шүүхэд хандсан, “Андын Зам” ХХК ажил нь зогссон газраа чөлөөлсөн иргэд хохирсон, “Очирням поперти девелопмент” ХХК гэр хорооллын дахин төлөвлөлтийн эрхийг 2013 онд авсан боловч 2018 онд шүүхээр татан буулгах шийдвэр гарсан өөрөөр хэлбэл хууль бус үйл ажиллагаа эрхэлж байгаа гэх мэт компаниуд байсаар байгааг нийслэлийн удирдлагууд нуун дарагдуулж байдаг нь илэрхий.

Гэтэл өмнөх гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлаа ч олигтойхон шийдэж чадаагүй нийслэлийнхэн хуучирсан барилгуудыг газарт оруулж дахин төлөвлөхөөр “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийг 2024 онд байгуулсан байдаг. Гэвч уг компанийн удирдлага, гүйцэтгэх зохион байгуулалтыг хариуцаж буй З.Төмөртөмөөгийн нэр сүүлийн үед олон маргааны төвд орж байна.

Дахин төлөвлөлтийн залиланд дарга нар нь оролцдог уу?

Төр иргэн хувийн хэвшлийн гурвалсан гэрээгээр эрх хэрэгжүүлж байгаа компаниуд ч мөн адил хууль зөрчсөөр байгааг нь хотын дарга Х.Нямбаатар агаарын бохирдолыг бууруулах талаар Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд өндөр өртөгтэй томоохон төслүүд хийгдэж ажилласаар байна гэх боловч энэ мэт асуудлаа жижиг гэж тоохгүй байна уу? Эсвэл түүний шууд удирдлага доор байгаа дарга нар ажлаа мэдэхгүй эсвэл мэдсэн ч арга хэмжээ авахгүй байна уу гэдэг нь хохирсон иргэдийн асуулт хэвээр үлдэж байна.

З.Төмөртөмөөгийн ахлаад байгаа “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн хуучны байруудыг нураан дахин барих гэдэг ажил нь цаанаа мөнгө угаалт уу гэж хардах иргэд ч байна. Учир нь өмнөх гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хуучин байрыг буулган барих ажил удааширалтай, иргэдийг олон жил дамнуулан хүлээлтэд хүлдэг өнөөх л жишиг давтагдахгүй гэх баталгаа алга.

26-р байр: Шүүхийн маргаантай байхад нураасан нь хууль дээдлэх зарчим уу?

Хамгийн ойрын жишээ л гэхэд Сүхбаатар дүүргийн VI хороо, Бага тойруу дахь 26-р байрыг шүүхийн маргаантай байхад нураасан нь хууль дээдлэх зарчим уу?

Тодруулбал, 2025 оны наймдугаар сарын 4-нд нийслэлээс уг байрыг дахин төлөвлөлтөд оруулж, “Азийн идэр цамхаг” ХХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулсан байдаг. 2025 оны есдүгээр сараас оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхэлсэн ч нэг айлтай тохиролцоонд хүрч чадаагүй хэвээр байхад барилгын хоёр хажууг нураасан зураг олон нийтийн сүлжээнд тархсан.

Тохиролцоонд хүрч чадаагүй 26 дугаар байрны оршин суугч Г.Хүрэлсүх “Тендерийг хууль зөрчиж олгосон гэх үндэслэлээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүхийн хэрэг үүссэн, шийдвэр эцэслэгдээгүй байхад нураалт хийсэн, Бага тойруу орчимд 7 давхраас дээш барилга барихыг хориглосон шийдвэрийг үл тоосон, 50 айлын байрыг буулгаж, 16 давхар, 260 айлын орон сууц барихаар төлөвлөсөн тухай” ярьсан.

Хамгийн ноцтой нь “Азийн идэр цамхаг” ХХК-ийн санхүүгийн чадамж. Иргэдийн гаргасан баримтад орлогын эх үүсвэр нь нэг кофе шоп, үндсэн хөрөнгө нь хоёр компьютер, нэг принтер гэж бүртгэгдсэн гэх мэдээлэл бий.

Ийм компанид 260 айлын барилгын ажлыг даатгасан бол шалгаруулалтын бодит шалгуур нь юу байсан бэ? Үүнийг хянаж, баталгаажуулах ёстой этгээд нь хэн бэ?

Эндээс З.Төмөртөмөө тэргүүтэй зохион байгуулалтын багийн хариуцлага зайлшгүй яригдана.

Татан буугдсан компанийн “дахин төрөлт”

Иргэдийн мэдээллээр 2018 онд улсын бүртгэлээс татан буугдсан компанид ижил нэрээр нь 2020 онд шинээр гэрчилгээ олгосон, улмаар тендерт оролцох боломж бүрдсэн гэх баримтууд байна. Өмнө нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн эрх авч, шүүхийн шийдвэрээр татан буугдсан “Очирням проперти девелопмент” ХХК-ийн жишээ ч дурдагддаг.

Хэрэв татан буугдсан компани ижил нэрээр “шинээр мэндэлж”, нийслэлийн төсөлд оролцох боломжтой бол Улсын бүртгэлийн хяналт хаана байна, тендерийн шалгуур хэр бодит вэ, санхүүгийн чадамжийг хэн үнэлдэг вэ гэх асуудлууд ар араасаа ундарна. Энэ бол ганц компанийн асуудал биш, системийн цоорхой.

Түрээсийн мөнгө, зээлийн хүү, инфляц, дэд бүтцийн хүндрэл энэ бүхний эрсдэлийг зөвхөн иргэн үүрч байна.

Энэ бүхний хариуцлагыг хэн үүрэх вэ?

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар агаарын бохирдлыг бууруулах, хотыг шинэчлэх томоохон төслүүд хэрэгжиж буйг онцолдог. Харин бодит байдал дээр шүүхийн маргаантай байрыг нурааж, санхүүгийн чадамжгүй компанид олон зуун айлын хувь заяаг даатгаж, дэд бүтцийн даац тооцоогүй 16 давхар барилга төлөвлөж, хяналт шалгалтын ил тод байдал хангалтгүй хэвээр байна.

Эдгээр төслийн зохион байгуулалтыг гардан хариуцаж буй З.Төмөртөмөө энэ бүхэнд ямар тайлбар өгөх вэ?

Учир нь төр иргэн хувийн хэвшлийн гурвалсан гэрээ гэх гоё нэрийн цаана бодит байдал дээр санхүүгийн чадамжгүй гүйцэтгэгч, шүүхэд маргаантай тендер, нураасан ч бариагүй барилгын талбай, түрээсийн дарамтад орсон иргэдийн амьдрал үргэлжилсээр.

Дахин төлөвлөлт бол хотын хөгжлийн бодлого. Гэвч бодлого нэрийн дор иргэд олон жил хүлээлтэд орж, шүүхийн хаалга сахиж, түрээсийн дарамтад орж, эргээд өмчгүй үлдэх эрсдэлд орж байвал энэ бол хөгжил биш эрх мэдэл, ашиг сонирхлын сүлжээний үр дагавар биш гэж үү.

Эдгээр асуултуудад холбогдох албан тушаалтнууд ил тод тайлбар хийж, аудит, хөндлөнгийн шалгалт хийлгэхгүй бол “дахин төлөвлөлт” гэх нэр улам бүр “дахин хохироолт” болж хувирсаар байх уу?

88
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

275 нийтлэл

Сэтгэгдэл бичих