Лодойсамбуу: Ерөнхий сайд Америк руу ирэхдээ лайвчин хүүхнүүдээ орхиод олигтойхон олон улс судлаач, тоймчид, эдийн засгийн сэтгүүлчид авч ирээч
Өдгөө АНУ-д байгаа УЛААН БАЛ нэвтрүүлгийн хөтлөгч Ч.Лодойсамбуу удахгүй АНУ-д айлчлэх гэж буй ерөнхий сайдын хэвлэлийн багийн талаар ийн бичжээ.
Ерөнхий сайдын АНУ руу дагуулж явах 30 сэтгүүлчийн нэрийг хараад чухал айлчлалынх нь өмнө ганц л зүйл захимаар болж байна.
Хоёр улсын гадаад харилцаа байтугай өөрөө өөрийнхөө юу хийж байгааг ч ойлгодоггүй наад лайвчин хүүхнүүдээ орхиод олигтойхон олон улс судлаач, тоймчид, эдийн засгийн сэтгүүлчид авч ирээ. Үеийн үед төрийн айлчлалыг сурвалжлах томилолт гэж Засгийн цагаан хоолой болсон хэдэн редакцийн ажилтнаа шагнах хэрэгсэл байсаар ирсэн. Үр дүнд нь айлчлалын мэдээ гэж элгийн л юм үздэг. Телевизүүдээр зүгээр дуугүй дүрс урсгахад л хэн ч харсан ойлгочихоор үйл явдлын “Тэр тэрэнтэй уулзлаа, тэгээд тэгэж зоог барилаа” гэх мэтийн гурван минутын усан текст уншаад л, эсвэл нэг яруу найрагчийн аман зохиол, аяллын тэмдэглэл, юу нь үл мэдэгдэх утгагүй урт уянгалсан сэтгэгдэл сонины бүтэн нүүр дамнан нийтлэгдэж фэйсбүүкээр шэйрлэгдээд л Монголын хувьд томоохон айлчлалын мэдээ дуусчихдаг.
Хэдэн лайвчдын өндөр барилгын шилэн шалан дээр сууж даруулсан зураг, хөшөөтэй хийсэн селфи, идэж үзээгүй хоолоо амсаж бас шоппингдсоноо гайхуулсан сториноос илүү айлчлалын ач холбогдол, нарийн ширийнийг дөмөгхөн сурвалжлаад ирэхийг л үзэгч уншигчид нь хүлээж байдаг. Дагаж явсан дарга нарынхаа аманд ороод ангайгаад зогсчихдог биш гадаад дотоодгүй асууж шалгаагаад, өнцөг гаргаж судлаад өргөн хүрээнд харчихдаг сайн сэтгүүлч манай сонин сэтгүүлүүдэд мундахгүй бий. Тэд нарыгаа шилж сонгоод аваад яв. Уг нь сарын өмнө төлөвлөж байсан энэ айлчлалын үр дүнг шинжилье гэсэн Лемон прессийн залуус лав айлчлалын багт багтаагүй гээд өөрсдөө зардлаа гаргаад ирсэн байсан шүү. Уг нь тэднийг л дагуулмаар юм.
Хэвлэлийн алба нь анхаарна биз. АНУ руу явах чинь зардал өндөр. Ганц хүний ирж буцах онгоцны тасалбар л дангаараа 10 саяд дөхнө. Ирээд буух буудал, идэх хоол гээд 1000 төгрөг нь гучхан центтэй тэнцдэг Монголын хувьд замбараагүй өндөр өртөгтэй. Тэр сурвалжлагчдын хоёр талын тийз, энд байх долоо хоногийн бүх зардал төсвөөс гарна.
Нэг лайвчин зураглаачтайгаа гэхээр ганц сайтын зардал л хэдэн арван сая төгрөг. Татвар төлөгчид нь ажил хийснийхээ хариуд шулаач, дээрэмчин, хөрөнгөтнөөрөө дуудуулж баахан шантаажлуулаад дээр нь гадаад зугаалгынх нь зардлыг бас даагаад суухыг хүсэхгүй л байгаа.
Зуун ямаанд жаран ухна гэж юун ч олон сэтгүүлч авч явдаг юм, дэмий юманд мөнгө үрээд…
Сэтгүүлч Ч. Лодойсамбуу
Сэтгэгдэлүүд