Онцлох

Дур зоргоороо үнээ нэмдэг шатахуун импортлогчдод хяналт тавьдаг газар байдаг уу

0

Цалин нэмнэ гэдэг сургаар нефть импортлогчид бензин, дизель түлшнийхээ үнийг 20-30 төгрөгөөр нэмчихлээ.

Цалин хөлс нэмэгдэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөх тухай сураг дуулдахад тэр мэдээллийг хамгийн соргогоор хүлээн авч үнээ нэмдэг газар бол ШТС-ууд. Бензиний үнэ нэмэгдэхэд өргөн хэрэглээний барааны үнэ дагаж өсч түүнийг нь дагаж эдийн засагт элдэв дарамт ирдэг. Засгийн газар энэ сарын 22-ны хуралдаанаараа төрийн албан хаагчдын цалинг нэмэх шийдвэр гаргасан.

Гэтэл ийм шийдвэр гарлаа гэдэг мэдээлэл олон нийтэд түгж амжаагүй байтал ШТС-ууд үнийн самбартаа өөрчлөлт оруулаадахав. Тэгтэл Засгийн газрын тухайн шийдвэрт төрийн бүх албан хаагчид биш, зарим албан хаагчдын цалинг нэмэхээр тусгасан байсан. Жишээ нь, бага цалинтай, их ачаалалтай гэгддэг сувилагчдын цалин 12.3-30 хувиар нэмэгдсэнд олон хүн баярласан. Шийдвэр ирэх сарын нэгнээс хэрэгжих юм. Гэтэл нефть импортлогчид шийдвэрийн сургаар бүтээгдэхүүнийхээ үнийг нэмчихсэн нь жудаггүй явдал боллоо. Засгийн газар тухайлсан бүлэг рүү чиглэсэн ийм шийдвэр гаргаж байгаа нь иргэдийнхээ нэг хэсгийг ч боловч хоёр идүүлэхгүй, хоосон хонуулахгүйн тулд хийж байгаа ажил гэж харна. Гэтэл энэ шийдвэртэй зэрэгцээд шатахуун импортлогчид бензиний үнээ нэмсэн нь Засгийн газрын шийдвэрийг далимдуулж үнэ өсгөж байгаа шунахай арга гэж дүгнэнэ. Засгийн газар шийдвэр гаргаж байгаа бол дагаж гарах энэ мэтийн сөрөг нөлөөллүүдийг ч харж шийдвэрээ хамгаалж байх хэрэгтэй. Нэг үгээр шатахуун импортлогчдоо хянах ёстой. Тэгэхгүй бол шийдвэр гаргаж нэг хэсэг бүлэг хүмүүсийн цалинг нэмсэнийхээ төлөө хариуд нийтэд хамааралтай бүтээгдэхүүний үнийг нэмж байгаа нь зүй бус хэрэг.

Энэ оны эхний найман сарын байдлаар Монгол Улсад шатахууны үнэ таван удаа өсөөд байна. Өвлийн идэр есийн жавар тачигнасан өдрүүдээр хиймэл хомсдол үүсгэж Монголын ард түмнийг хот хөдөөгүй явгалж нийгэм даяар бухимдал төрүүлсэн нь хэн билээ, шатахуун импортлогчид.

2016 он наймдугаар сард АИ92 бензин 1530 төгрөг байсан бол 2017 оны наймдугаар сард 1630 төгрөг болж өссөн. Гэтэл 2018 он гарангуут хиймэл хомсдол үүсгэж бужигнаан болсон. Үүний дараа АИ92 бензиний үнэ өнгөрсөн гуравдугаар сард 1650 төгрөг байсан бол дөрөвдүгээр сард литрийг нь 1730 төгрөг болгож огцом 100 төгрөгөөр нэмсэн. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар өнгөрсөн хавар “Шатахууны үнийн зөвлөлөөс одоогийн байгаа үнээс шатахууны үнийг нэмэхгүй байх зөвлөмж өгсөн. Одоо шатахууны үнэ нэмэгдэхгүй. Харин ч буурах ёстой” гэж мэдэгдэж байсан. Тавдугаар сард АИ92 бензин 1680 төгрөг болсон. Тэгж байтал наадмын өмнө, олон нийтийн анхаарал найр наадам, зуны амралт руу чиглэчихсэн байхад хоёр ч удаа үнээ сэм нэмж 1780 төгрөгт хүргэсэн. Наадмын уур амьсгалд дарагдаад ч гэх юм уу, зуны амралт таарсан болоод ч тэр үү, бензиний үнийн өсөлтийн талаар төдийлөн хэл ам хийлгүй нутаг нутгийнхаа зүг, ойн баяр, наадмуудаа зориод явцгаачихсан. Гэтэл хэдхэн хоногийн өмнө дахиад шатахууны үнийг 20-30 төгрөгөөр нэмчихэв. Хөдөө гадаа явж байсан улс хүүхдүүдийнхээ хичээл сургуулийн бэлтгэл гээд тэрийг бараг анзаарсангүй. Анзаарсангүй юу, эсвэл хүлцэн тэвчдэг шигээ л тэвчиж байгаа юм болов уу. Бүү мэд ээ. Өнөөдөр АИ92 бензин 1830 төгрөгийн үнэтэй байна. Харин А95 аль хэдийнэ 2000 хол давчихлаа. Тэгтэл ард түмний бодит амьдрал ямар байгаа билээ. Төрийн зарим албан хаагчдын цалин нэмнэ гэдгийг зарлангуут үнээ нэмчихсэн ШТС-ууд Засгийн газрын шийдвэр ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэхэд дахин үнээ нэмнэ гэдэгт мөрийцсөн ч болно. Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 мянган төгрөг болно гэдэг мэдээлэл шатахуун импортлогчдод бас л амттай санагдаж байгаа байх. Дөхүүлж байгаад бензин түлшнийхээ үнийг нэмчихээд шийдвэр хэрэгжиж эхлэнгүүт дахин нэмэх нь тодорхой.

Манайд цалин, цалингийн доод хэмжээ нэмэгдэнэ гэдэг сургаар ингэж дахин дахин үнээ нэмдэг ганц салбар байдаг нь энэ шатахуун импортлогчид. Энэ салбарт тийм ч олон бизнес эрхлэгч байдаггүй. Цөөн тооны, монополь нөхөд л ард түмний халаасыг хэрхэн нимгэлж, амьдралыг нь өдрөөс өдөрт яаж сөхрүүлэх тухай л хуйвалдацгаадаг. Тэдэнд хяналт тавьж, төрийн сүрийг үзүүлдэг ганц ч газар үгүй. Шатахууны чанарт, үнийн өсөлтөд нь хяналт тавилаа гэж хаа нэг мэдээ дуулддаг ч хууль бус үйлдлүүдэд нь тохирсон хариуцлага тооцож байсан удаа байна уу.

Нэг литр бензиний үнийг нэг төгрөгөөр нэмэхэд л ард түмэнд эдийн засгийн асар их дарамт ирдэг. “Сүртэй юм 20-хон төгрөг ш дээ” гэж байгаа ч үнэндээ энэ нь ард түмний нуруунд асар их ачаа болж ирж байгааг шатахуун импортлогчид огт мэдэхгүй байна гэж байхгүй.

Монгол Улс жилдээ 800-1400 сая ам.долларын нефтийн бүтээгдэхүүн хэрэглэдэг гэсэн тооцоо бий. Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ тэгж их савлаад байнга нэмэгдээд байдаггүй. 2013-2016 оны хооронд манайд шатахууны үнэ нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй. Энэ үед үнийн тогтвортой орчин ямар чухлыг монголчууд мэдэрсэн гэж хэлж болно. Үүнээс үзэхэд төр нь шатахуун импортлогчидтой үнэ тогтворжуулах тал дээр хамтарч ажиллаж иргэдийн нуруун дээр ачаалал өгөхгүйгээр зөв зохистой аргаар хэлцэл хийж зохицуулж болдгийг харсан. Гэтэл 2016 оноос хойш шатахууны үнэ 700 төгрөгөөр нэмэгдчихээд байна. Уг нь эрх барьж байгаа нам сонгуулийн хөтөлбөртөө “Шатахууны үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулан бууруулахын зэрэгцээ улсын хэмжээнд ижил үнэтэй болгоно” гэсэн амлалтыг ард түмэнд өгсөн. Гэтэл юун бууруулах манатай, Монголд шатахууны үнийн өсөлтийн хурдыг гүйцэх өөр хурдан юм алга.

Шатахууны үнийг ингээд өсгөөд байхаар болдог юм, ард түмэн хэсэг зуур фэйсбүүк, твиттерээр эсэргүүцлээ илэрхийлж байгаад больдог юм гэсэн нэгэн хэвийн арга техникээр шатахуун импортлогчид олон нийтийг хүлээж аваад сурчихсан. Сүүлдээ шатахууны үнэ нэмэгдэж байгаад ард түмэн бухимдахаа больж жам ёсны юм болдгоороо болж байгаа мэт л үздэг болчихож. “Номхон тэмээ ноолоход амар” гэгчийн үлгэр энэ л дээ. Бензиний үнэ 20-30 төгрөгөөр нэмэгдэх нь дундаас дээш түвшний амьдралтай, нийгмийн чинээлэг хэсгийнхэнд төдийлөн хамаатай биш, амьдралд нь нөлөөлөхгүй байж болно л доо. Гэтэл баялаг үйлдвэрлэж, улс эх орны бүтээн байгуулалт, ирээдүйн бүхий л үнэт зүйлийг тээж авч, өвлүүлж, хөдөлмөрлөж, хөгжлийн ачааг үүрч явахын зэрэгцээ доод давхаргынхнаа чирдэг дунд давхаргынханд шатахууны үнийн өсөлт шиг хүчтэй бороохой, чанга цохилт байхгүй. Уг нь аливаа улс төрийн бодлогоор нийгмийн дунд давхаргын хүрээг тэлж, улам батжуулж доод давхаргынхнаа аль болох өөд гаргах гэж хичээдэг. Гэвч манайд энэ бүхэн эсрэгээрээ. Дунд давхаргаа нухчин дарж доод давхарга руу илгээх бодлого яваад байгаагийн нэг ил тод жишээ бол шатахууны үнээр дарамталж эдийн засгаар нь мөлхүүлэх.

Шатахуун импортлогчид үнээ зоргоороо нэмдэг, тэднийг үнэ нэмлээ гэж донгодож, хатуу сануулга өгч дахин ийм бусармаг зүйл хийхгүй байхыг сануулдаг төрийн хүчтэй аппарат гэж алга. Шатахууны үнэ нэмлээ гэхэд ард түмний төлөөлөл гарч ирж хэвлэлийн хурал зарлаж шаардлага хүргүүллээ ч тэрийг нь тоож байгаа газар гэж үгүй, шаардлагыг нь хүлээж аваад хэрэгжүүлдэг хүн гэж байхгүй. Үнэндээ шатахууны энэ салбарт хяналт гэж юм огт байдаггүй. Тийм болоод л жил хүрэхгүй хугацаанд шатахууны үнэд 5-6 удаа өөрчлөлт орж байх вэ дээ.

Шатахууныхаа үнийг яаж нэмэх вэ гэдэг шалтаг л хайж байгаа мэт цалин нэмлээ гэх сургаар нэг үнээ нэмж, дараа нь албан ёсоор цалин нь нэмэгдээд ирэхээр дахин үнээ нэмдэг энэ шатахуун импортлогч хэдэн компаниудыг базаж, зангидаж, ард түмэнд давхар давхар цохилт өгүүлдэггүй байх тал дээр шударга ажиллачихаар газар байна уу. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Шатахууны үнийн зөвлөл гээд байгаа хүмүүс бол бэлгэ тэмдэг төдий бүдэг ажиллаж байна. Хэдэн жилийн өмнө О.Магнай гэж залуу даргаар нь ажиллаж байхдаа зад загнаад л дураараа үнээ өсгөчихсөн ШТС-уудын үнийг буулгаж байсныг та бид нүдээрээ харсан сан. Түүнээс хойш ингэж хандыг нь хага дарсан албан тушаалтан, байгууллага гэж гарч ирсэнгүй. Дээгүүрээ сүжрээд, эдийн засгийн бүлэглэлээрээ бөөрөө нийлүүлчихсэн байхад тэднийг хянах боломжгүй гэж бодож болох ч бид Ардчилсан засагтай, төр, хууль ёстой улс гэдгийг мартаж болохгүй.

Ард түмний амьдралаар наадаж дуртай цагтаа үнээ нэмдэг энэ байдлыг таслан зогсоодоггүй юм аа гэхэд хууль, журмын дагуу эмх цэгцэнд нь оруулах цаг нь болжээ. Зоргоороо үнээ нэмээд байгаа нефть импортлогчдыг илт буруутгаж бас боломгүй. Хэн ч гэсэн сиймхий, боломж байвал юм “гулсуулах”-ыг л бодно. Харин тийм сиймхийг нь өгөлгүй, ард түмнийг шулах ямар ч нөхцөлийг тэдэнд бүрдүүлэхгүй байх нь л төр засгийн гол хийх ажлуудын нэг. Шатахуун импортлогчдод хяналт хэрэгтэй байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Багш нарын бойкот Засгийн газрыг биш ард түмнийг оноод байна

Өмнөх нийтлэл

Дуучин Болдын тоглолтонд “Бут авч буй“ Амартүвшин шарк Укаг гайхшруулжээ /Видео/

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй Онцлох