Онцлохулс төр

Ерөнхий сайдууд шоронд орох гэмтэй юу

0

Энэ оны дөрөвдүгээр сараас хойш Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан гурван ч эрхэм ял сонсож, “аавын хаалга” татаад байна. Уг баривчилгааг Ерөнхий сайд асан М.Энхсайханаар эхлүүлсэн.

Түүнийг “Таван толгойн” нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлсэнтэй холбоотойгоор эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэгт буруутгасан юм. Мөн энэ үйлдлээрээ хүн амын амьдралыг хангах үйл ажиллагааг доголдуулж, хорлон сүйтгэхийг завдсан гэж давхар ялласан. Эцэст нь Нийслэлийн прокурорын газраас түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан буюу 130 сая төгрөгөөр албан хэрэгцээнд автомашин худалдаж авсан, Таван толгой ордыг хөрөнгө оруулагч талд ашигтай байдлаар байгуулах гэрээг боловсруулсан хэмээн буруутгаж, шүүхээс 4.6 жилийн ял оноосон юм.

Түүний дараагаар өмнө нь төрийн өндөр албан тушаал хашиж байсан, байгаа УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй хүмүүсийг барьж, хорьж эхэлсэн. Үүн дотор Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат ч багтсан. Түүнийг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь “Улаан сайр-2” хэмээх 1463.82 га талбайг төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг компанийнхаа нэр дээр таван сая төгрөгөөр худалдан авч, зургаан сарын дараа уг тусгай зөвшөөрлөө “Алтай констракшн” ХХК-ийн захиралд худалдсан гэх хэрэгт яллагдагчаар татсан билээ. Шүүхээс түүний энэ үйлдлийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэн зургаан жилийн хорих ял оногдуулсан юм.

Ерөнхий сайдуудын баривчилаа үүгээр дуусаагүй. Оюу толгойн гэрээтэй холбоотойгоор тухайн үед өндөр албан тушаал хашиж байсан эрхмүүдийг барьж, хорьж эхлэхдээ Ерөнхий сайд асан С.Баярыг ч тэд орхигдуулаагүй юм. Шүүхээс түүнийг 2009 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглан Петровисын шатахууныг Оюу толгойд шахахад нөлөөлсөн, улмаар найз Ч.Даваанямтайгаа хамтран АНУ-д хууль бусаар дөрвөн үл хөдлөх хөрөнгө худалдан авч, борлуулж мөнгө угаасан гэх хэрэгт буруутгасан. Энэ хэрэг эцэслэгдэж Ерөнхий сайд асан С.Баяр таван жилийн хорих ял сонсоод зогсохгүй, 5.5 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөө улсын орлого болгохоор болсон юм.

Хэдий шүүхийн шийдвэр гарсан ч үнэхээр эдгээр Ерөнхий сайдууд шоронд орох гэмтэй юу. Шүүх тэдний хэргийг улс төрийн өнгөөр бус бодит үндэслэлд тулгуурлаж, шударга шийдэж чадав уу, шүүх гэхээсээ илүү АТГ-аас үндэслэл бүхий хэргийг шүүхэд шилжүүлсэн үү гэх эргэлзээ өнөөдрийг хүртэл нийгмийг талцуулсаар байгаа юм. Ерөнхий сайдууд өөрсдөө болоод тэдний өмгөөлөгчдийн байр суурь ч хардах үндэслэлийг гаргаж тавьж буй.

Тухайлбал, М.Энхсайханы өмгөөлөгч ялласан тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн, өндөр үнээр машин авсан гэх хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан, хамгийн гол нь тэрхүү тогтоолын төсөл нь төрийн бодлого болж хэрэгжээгүй, машин өндөр үнээр авсан гэж дүгнэсэн үнэлгээ нь хэт явцуу, холбогдох гэрчүүдээс мэдүүлэг авалгүй ял оноосон болохыг хэлдэг. Ерөнхий сайд асан М.Энхсайхан хорих ангиас бичсэн захиандаа “АТГ-ын “зохиол”-ыг ахин дахин нягталж үзмээр байна гэсэн бол манай сонинд өгсөн ярилцлагадаа “Надад үүсгэсэн хэрэг дээр улс төрийн хонзогнол илт харагдаж байгаа” гэсэн нь бий.

Харин Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат ял сонсоод буй хэргийнхээ талаар сонгуулийн үеэр тайлбарласан удаатай. Мөн “Хүн хулгай хийчихээд гарахдаа нэрээ бичээд орхидоггүй биз дээ. Би хулгай хийх гэж байсан бол өөрийнхөө ХОМ дээр байгаа компаниар ийм газар авах уу ах, дүү нар аа. Би чинь тэнэг хүн биш шүү дээ. Гэтэл өнөөдөр шүүх дээр янз бүрийн шийдвэр гарч байгаа гэж дуулдаж л байна. Ямар хүний утсан хүүхэлдэй болчихоод, хэний төлөө сонгуульд өрсөлдөж яваа Ж.Эрдэнэбат гэдэг хүнийг хоёр хууль зөрчин байж яллах шийдвэр гаргаж байгааг ойлгохгүй байна. Ж.Эрдэнэбат гэдэг хүнийг улс төрийн сонгуульд оролцуулахгүй байх зорилго тодорхой улс төрийн хүчин, хэсэг бүлэг хүмүүст байна” гэх байр суурийг илэрхийлж байв.

Ерөнхий сайд асан С.Баяр шүүх танхимд түүнийг буруутгасан үндэслэлүүдийг няцааж, үндэслэл муутай байгааг дурдсан. Тэрээр “Надад одоо оноож буй ялын зүйл анги арай хөнгөрсөн хэдий ч, миний бие аанай л нөгөө Оюу толгой төсөлтэй холбоотой чигээрээ, хэн нэгэн этгээдэд “давуу байдал олгосон” гэх хэрэгт хардагдсан хэвээр л явна. Намайг заавал Оюу толгой төсөлтэй холбох, чингэхдээ заавал “буруу гараар, бусармаг аргаар” холбоотой гэж нотлох гээд байгаа нь манай Монголын өнөөгийн бохир улс төртэй шууд холбоотой” гэсэн юм.

Үүнээс гадна Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ч энэхүү Ерөнхий сайдуудын “намналт” нь Ерөнхийлөгчийн хийж буй ажил гэж шуудхан хэлсэн нь олны анхаарлыг татсан. Тэрээр Ерөнхийлөгчийн халаасанд Их хурал, Засгийн газар, шүүх, прокурор, АТГ, цагдаа бүгд багтсан, засаглалын гурван баганы нэг болох шүүх засаглалын хараат бус байдал өнөөдөр бүрэн устсан гэж ч тодотгон хэлнэ билээ. Иймээс хууль шүүхийнхэн 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үе шиг уралдан хорьж, “Хүслийн хонгил” ажиллуулж байгаа гэсэн юм. “Оюу толгой болон бусад томоохон хэргүүд Баттулгын биш, Монголын шүүхээр шийдэгдэх ёстой. Баттулгын хүслээр бус Монголын хуулиар шийдэгдэх ёстой. Тэр авлигатай тэмцэх бодлогын, концепцийн, зарчмын, хуулийн нэг ч зүйл ярихгүй, хийхгүй байгаа. Зүгээр л хэнээс өшөө авах уу, хэнийг замаасаа зайлуулах уу, хэнийг дарамтлах уу гэдгээ л урьтал болгож байна. Баттулга аа, чамд биш хуульд захирагдах сайхан цаг эх оронд минь ирнэ” гэсэн хатуухан үгийг ч Ерөнхийлөгчид дайсан юм.

Тэгвэл нэгдүгээр хүн яагаад энэ хүмүүсийг зайлуулахаар болов, тэдний хэлээд буй улс төрийн шалтгаан, өс хонзон үнэхээр түүнд байв уу, байсан бол тэр нь юунаас үүдэлтэй вэ гэдэг асуулт урган гарна. М.Энхсайхан Х.Баттулга нарын хувьд 2013 оноос хойш түнжин муудсан байдаг. 2013 оны нэгдүгээр сард болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Шинэ төмөр зам” төслийг санхүүжүүлэхэд зориулж эхний ээлжинд 55 сая ам.долларыг тухайн оны хоёрдугаар сард багтаан гаргахаар шийдвэрлэж, санхүүжилт хийх зөвшөөрлийг Хөгжлийн банкны ТУЗ-д өгсөн байдаг. Тухайн үеийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга өөрийн твиттер хуудаснаа “Энэ төмөр зам биднийг дэлхийтэй холбоно” гээд мөн “Энэ замыг эсэргүүцсэн дотоод гадаадын маш том бүлэглэл байгаа” гэж бичиж байв. Энэ нь цаад утгаараа Таван толгой-Гашуунсухайтын 267 км төмөр замыг нарийн царигаар барих ёстой хэмээн зүтгэснээсээ болж ажлаасаа халагдсан “Монголын төмөр зам” компанийн захирал М.Энхсайхан руу чиглэж хэлсэн үг байсан юм. Тэр үеэс эхлэн энэ мэт үл ойлголцол Х.Баттулга, М.Энхсайхан нарын дунд хэдэнтээ өрнөсөн юм.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тухайд саяын сонгуулиар Сэлэнгэ аймагт дахин өрсөлдсөн. Түүнтэй нэг тойрогт Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Үүрийнтуяа өрсөлдсөн нь энэ тойрогт хүч үзсэн лидерүүдийг шүүхээс мөөг шиг түүхэд хүргэлээ гэж олон нийт таамагладаг. Товчхондоо Ж.Эрдэнэбат нарыг өмнө нь бус яг сонгуулийн үеэр барьж, хорьсон нь Ерөнхийлөгчийн зөвлөхөө УИХ-д суудал авахуулах гэсэн шалтгаантай байж болзошгүй гэж үзэж буй хэрэг юм. Гэхдээ Д.Үүрийнтуяагийн хувьд намдаа суудал авч чадалгүй, хаалганы гадна үлдээд байгаа юм.

Харин С.Баяр, Х.Баттулга нарын харилцаа юунаас болж муудсаныг С.Баяр ч өөрөө онож хэлж чадаагүй, таамагласан байдаг. Тэрээр “Жаран хоног “Жаран”-ы бутархай” номондоо “Оросуудын анхаарал татах, тэдэнд улам их таалагдах гэсэн хүсэлдээ хөтлөгдсөн Х.Баттулга эгзэгийг нь тааруулж байгаад манийгаа шоронгийн үзүүлэн болгож үнэнчээ харуулъя гэж бодсон байж мэднэ. Оюу толгойн төслийг ОХУ-тай биш, барууны компанитай хамтарч хөдөлгөсөн учраас орос ах нарын аазгай хөдөлсөн гэж тэр бодсон биз. Хэрэв тийм бол Оюу толгойгоос юм авсандаа биш, Оюу толгойг Оросуудад өгөөгүйн улмаас бид энд суусан болж таарч байна. Тэгж бодсон Х.Баттулга андуурчээ” хэмээсэн юм. Ингээд харахаар тэдний хооронд улс төрөөс үүдэлтэй үл ойлголцол, асуудлууд үүсч байж. Гэхдээ энэ нь хууль шүүхийн хэмжээнд хүрч, хилс хэрэгт гүтгэтлээ нөлөөлсөн гэж шууд тулгахад бэрх юм.

Ямартаа ч өнөөдөр нүдэнд харагдаж буй бодит үнэн нь манай улс Ерөнхий сайдаар ажиллаж байсан гурван хүнээ хэдхэн сарын зайтай ялласан явдал байлаа. Манай улс Ерөнхий сайдууддаа тун халтай болох нь энэ албан тушаалд суусан үе үеийн эрхмүүдийн намтраас харагддаг. Өнөөдрийг хүртэл гучин Ерөнхий сайдын нүүрийг үзэхдээ тэдний ихэнхийг нь хэлмэгдүүлж, “аавын хаалга” татуулж, эсвэл намаас нь төдийгүй сөрөг хүчнээс нь баалж, элдэв хоёроор хэлсээр унагааж байсан нь гарцаагүй үнэн. Гэхдээ энэ удаагийнх шиг хэдхэн сарын зайтай хоёр, гурваар нь ялласан удаа үгүй. Энэ нь улс төрийн түүхэнд шинээр бичигдэж байгаа ч магадгүй цааш үргэлжлэх бурангуй жишиг болохыг үгүйсгэх аргагүй мэт.

Эх сурвалж Өдрийн сонин

Хичээлийг хосолсон хэлбэрээр явуулна, xоёр настай хүүхдийг 10 дугаар сарын 1-н хүртэл цэцэрлэгт авахгүй

Өмнөх нийтлэл

Намар ирчихээд байхад налайж суугаад яахав дээ, сайд нар аа. өвөл хаалга тогшиж байна

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй Онцлох