улс төр

Их хурал М.Энхболдыг чөлөөлж байх зуурт шүүх С.Баярцогтыг суллалаа

0

Сүүлийн хэдэн сарын турш олны анхаарлын төвд байж, УИХ-ын үйл ажиллагааг гацаагаад байсан нэгэн “асуудал” өчигдөр шийдэгдлээ.

Учир нь өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар нэр бүхий 39 гишүүний гаргасан саналын дагуу УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ.

Чуулганд оролцсон гишүүдийн 66.2 хувь нь М.Энхболдыг чөлөөлөх нь зүйтэй гэсэн саналыг өгсөн байна.

Нийтээрээ энэ зүгт харж байхтай давхцан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн  хэргийн анхан шатны шүүх нэгэн шийдвэрийг гаргалаа. Тус шүүхийн шүүгчийн захирамжаар Сангийн сайд асан С.Баярцогтыг ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангиас сулласан байна. С.Баярцогтыг АТГ-аас Оюутолгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт шалгаж байсан юм.

Өнгөрсөн 2018 оны дундуур түүнийг нэг сар гаруй цагдан хорьж байгаад батлан даалтад гаргаж байлаа. Харин энэ сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхээс яллагдагчаар татагдсан Сангийн сайд асан С.Баярцогтыг 30 хоног хорих шийдвэрийг гаргасан байдаг.

Энэ талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас “…Нийслэлийн прокурорын газраас С.Баярцогтыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад, С.Баярцогтыг 2019 оны нэгдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно” гэж мэдээлж байв.

Мөн энэ сарын 25-ны өдөр АТГ-аас мэдээлэл хийх үеэр тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог “…Сангийн сайд асан С.Баярцогт нь Оюутолгойн гэрээ байгуулагдахаас өмнө компанийн хувьцааг тодорхой хэмжээний мөнгөн дүнгээр худалдаж авсан байдаг.

Үүний дараа гэрээ байгуулагдан хэрэгжиж, гэрээ хэрэгжсэний дараа хувьцаа тодорхой хэмжээнд үнэд орсон. Энэ үед хувьцаагаа бусдад арилжаалаад өөртөө давуу байдал олж авч их хэмжээний ашиг олсон гэдэг нь хамтарсан шалгалтын хүрээнд тогтоогдсон. Өөрт байгаа давуу байдлаа ашиглаж, өөртөө ашиг олсон гэх үндэслэлээр шалгаж байна” гэсэн мэдээллийг өгсөн юм.

Ингэхээр С.Баярцогт “Рио Тинто”-гийн хувьцаа эзэмшигч байсан нь тогтоогдож байна гэсэн үг. Гэтэл чоно борооноор гэдэг шиг бүх нийтээрээ УИХ-ын дарга М.Энхболд огцрох эсэхийг харж суусан тэр цаг дор С.Баярцогтыг суллаад явуулжээ.

Ер нь бол Монголын шүүхээр хувьцаа эзэмшигч асан, гэрээг нь баталж өгсөн С.Баярцогтыгоо суллуулсан “Рио Тинто”-гийн бяр хүч, нөлөө манай улсын хууль шүүхийн байгууллагад маш их юм гэдгийг мэдрүүлэв.

Хамгийн гол нь Оюутолгойн гэрээ байгуулагдахаас өмнө “Рио Тинто” компанийн хувьцааг худалдаж авсан. Дараа нь өөрөө “Рио Тинто”-той Монголын Засгийн газрыг төлөөлж Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээ хэрэгжсэний дараа хувьцааг үнэд орсны дараа бусдад арилжаалж, өөртөө давуу байдал олж авч их хэмжээний ашиг олсон. Энэ нь АТГ-ын шалгалт, прокурорын хяналтаар тогтоогдсон. Тиймээс яллагдагчаар татагдсан С.Баярцогтыг сулласан шүүх байгууллага юу хийж байгаагаа бодсон эсэх нь сонин байна.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ХОМ-ээ дутуу мэдээлсэн А.Хаянхярвааг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарлаа

Өмнөх нийтлэл

Хорт хавдраар нас барсан бүсгүйн энэ захидал таны амьдралыг өөрчлөнө

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй улс төр