УИХ-ын даргын Хуулийн бодлогын зөвлөх Р.Болдоос дараах тодруулгыг авлаа.
-УИХ-ын даргыг огцруулах асуудлыг МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар хөндсөн. Хуульд спикерийг ямар үед огцруулахаар заасан байдаг юм бэ?
-2016 сонгуулийн дараа МАН эрх баригч болсон. Улсын их хурлын бүрэн эрхийн хугацаа хэрэгжээд явж байгаа энэ үед улс төрийн нам удирдах байгууллагынхаа шийдвэрийг гаргах нь үндэслэлгүй. Яагаад гэвэл, энэ асуудал Үндсэн хууль, УИХ-ын тухай хуулиар зохицуулагдаж байгаа. Тухайлбал, холбогдох хуулиудад УИХ-ын дарга дөрвөн жилийн хугацаатай сонгогдоно. УИХ-ын даргыг сонгууль болсны дараа нийт гишүүдийн дундаас нэр дэвшүүлж, олонхийн саналаар шийднэ гэж заасан. УИХ-ын тухай хуулийн 10 дугаар зүйлд “…УИХ-ын даргыг чөлөөлөх, огцруулах, томилох асуудлыг намын бүлгийн хурлаар хэлэлцэнэ гэсэн ганц заалт бий. Тэр заалтыг ямар үед хэрэглэх вэ гэхээр чөлөөлөх, огцруулах нас барсан, өөр ажилд шилжсэнтэй холбогдуулж өөрөө хүсэлт гаргаж өргөдлөө өгсөн, Үндсэн хуулийн цэц дүгнэлтээ гаргасан, гэмт хэрэгт холбогдсон нь шүүхийн байгууллагын шийдвэрээр нотлогдсон тохиолдолд УИХ дахь намын бүлэг хэлэлцдэг. Энэ асуудал үүсээгүй бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа өөрөө өргөдөл гаргаагүй, гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдоогүй, өөр ажилд шилжээгүй байгаа үед гэнэтхэн намын Удирдах зөвлөлийн хурлаар асуудал оруулсан нь хууль зөрчсөн явдал болсон. Удирдах зөвлөлөөр асуудлыг ярихгүйгээр бүлгийн хурлаар хэлэлцүүлэхээр хойшлуулсан нь мөн хууль зөрчсөн. Аль алинаар нь ярих зүйл биш. Өөрөөр хэлбэл, хуульд заасан үндэслэл гараагүй байхад ярихгүй.
-УИХ-ын даргыг өөрөө өргөдлөө өг гэж шахаад байгаа юм уу?
-Удирдах зөвлөлийн хурал дээр намын дарга нь УИХ-ын даргы огцруулах асуудлыг тавьсан нь хууль бус байсан учраас “Өргөдлөө өг” гэж шахалт үзүүлсэн гэх мэдээлэл хэвлэлээс харсан. Тэгэхээр ямар тохиолдолд өргөдөл өгөх нь мөн хуульд заасан байдаг. Өөр ажилд шилжсэн, бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар өргөдлөө гаргах юм бол чөлөөлөх асуудлыг эхлээд Төрийн байгуулалтын байнгын хороо дараа нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байж энэ асуудлыг шийднэ. УИХ-ын дарга ч Удирдах зөвлөлийн хурал дээр тайлбараа хэлсэн байна лээ. Өөрөө ч өргөдлөө өгөх шаардлагагүй гэдгийг УИХ-ын дарга хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан байсан.
Сэтгэгдэлүүд