БНХАУ-аас зохион байгуулсан “Бүс ба зам” олон улсын хэвлэл мэдээллийн форумд оролцож байгаа Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр өнөөдөр Хятадын төв телевиз /CCTV/-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр Х.Мандахбаяр дарга тус телевизийн Монгол хэлний салбарын кирилл сайтын хамт олонд МСНЭ-ийн өргөмжлөл гардуулж ажлын амжилт хүсэн ерөөсөн юм. Тэрбээр хэлэхдээ, “Дэлхийн хамгийн том хэвлэл мэдээллийн байгууллагын нэг болох Хятадын төв телевизийн Монгол кирилл бичгээрх сайтын чадварлаг хамт олны бэлтгэсэн мэдээ мэдээллийг Монгол Улсын уншигчид шимтэн уншсаар удаж байна. CCTV гэх энэ их том айлд монгол хэлээрх мэдээллийн цонх нээлттэй байгаа нь Монгол Хятад хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, олон нийтийн ойлголцлыг нэмэгдүүлэхэд ихээхэн үр өгөөжтэй бөгөөд бид танай телевизийн монгол хэлний салбартай цаашид идэвхитэй хамтын ажиллагаа өрнүүлнэ гэж найдаж байна” хэмээн онцоллоо.
Өргөмжлөлийг Хятадын төв телевизийн Олон улсын цахим мэдээллийн багийн Англи хэлний Ерөнхий редактор Лю Цунд гардуулсан бөгөөд тус өргөмжлөлд “Төв телевизийн кирилл монгол сайтын хамт олны мэргэжлийн үйл ажиллагаа хоёр улсын хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагаанд томоохон байр суурь эзлэхийн зэрэгцээ Монгол Улс, БНХАУ-ын найрамдалт харилцаанд өөрийн хувь нэмрээ оруулна гэдэгт гүнээ итгэж байна” гэж дурджээ.
Эх сурвалж: http://mn.cctv.com/
Сэтгэгдэлүүд