нийгэм

Баруун хилийн хамгаалалтад 4 дүгээр морьт хорооны гүйцэтгэсэн үүрэг

0

МАХЦ-ийн 4 дүгээр морьт хорооны түүхэн замнал

Монгол Улсын баруун хилийн хамгаалалтын түүхэнд МАХЦ-ийн 4 дүгээр морьт хороо онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Эрхэм уншигч танд Батлан хамгаалахын Төв архивт хадгалагдаж байгаа тус ангийн түүхэнд холбогдох баримтыг толилуулж байна.

Тус хороо баруун замын анги гэж алдаршсан бөгөөд Ховд хязгаарыг чөлөөлөх үүргийг гүйцэтгэсэн. Баруун хязгаарыг сэргийлэн хамгаалах цэргийг захирах жанжин Хатанбаатар дархан ван С.Магсаржав, дэд жанжин Б.Пунцаг нарын командалсан цэргүүд, Зөвлөлтийн дайчидтай мөр зэрэгцэн генерал Бакич, Кайгородов, Казанцев нарын цагаантны дээрэмчдээс баруун хязгаарыг чөлөөлөх үүргийг 1922 оны эхээр амжилттай гүйцэтгэсэн юм. Ховд хязгаарыг сэргийлэн хамгаалах цэргийг захирах сайд, жанжин Ховдод төвлөрч түүний харьяанд С.Магсаржав, Б.Пунцаг нарын захирсан цэргүүдээс үлдээснээр тус хороо байгуулагдсан түүхтэй. С.Магсаржавын командалсан цэргүүд Дэнгэрийн гол, Ховд гол, Улаангом, Увс нуур зэрэг олон газраар явж цагаантны дээрэмчдийг бут цохин эх орны баруун хэсгийг чөлөөлсний дараа Ховд хотод /Жаргалант/ 1922 оны эхээр иржээ. Үүнийг Магсаржавын их цэрэг гэж нэрлэх болсон байна. Захирах сайд С.Магсаржаваас өргөсөн бичигт одоо өвлийн хүйтний улирал болж, сууц болон хувцас гачигдалтай ба нөгөө талаар тайван байдалтай болсон учир 300 цэргийг үлдээж бусад түшмэл, цэргүүдийг татан буулгаж орон нутагт нь буцаахад болох эсэхийг Цэргийн явдлын яамнаас лавласан бөгөөд энэхүү саналыг зүйтэй хэмээн зөвшөөрсөн хариуг Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар өгсөн байна. Ингэж С.Магсаржавын их цэргээс 300 цэргийг Ховдод үлдээснээр Ардын Засгийн Цэргийн хэргийн яамны 274 дүгээр шийдвэр бичгийн үндсэн дээр Ховд дахь Цэргийн тусгай хороог 1922 оны 3 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулсан түүхтэй. Уг шийдвэрээр Баруун хязгаарыг онцлон үзэж, Ховд хязгаарыг сэргийлэн хамгаалах цэргийг захирах сайд жанжныг 1930 он хүртэл ажиллуулсан байна. Сайд жанжнаар С.Магсаржав, бээс Гомбо-Идшин, Жамц нар ажиллаж байсан ба Ховд дахь 4 дүгээр тусгай морьт хороо нь Ховд хязгаарын жанжны шууд харьяанд байжээ. Бүх цэргийн зөвлөлийн 1930 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 2 дугаар тушаалаар Ховд хязгаарын жанжинг татан буулгаж, баруун сэргийлэн хамгаалах үүргийг Ховд дахь 4 дүгээр морьт хороо дангаараа гүйцэтгэх болсон байна. Тус хороо 1922 оны 3 дугаар сараас 1953 оны 8 дугаар сарыг хүртэл Ховд аймгийн төвд байрлаж, манай баруун хилийг сэргийлэн хамгаалах үүргийг нэр төртэй биелүүлж ирсэн түүхэн замналтай. Харгис дайсан Дамбийжанцанг устгахад 4 дүгээр морьт хороо гол хүчин болж үүргээ биелүүлсэн. Түүнийг устгахад оролцсон бүх хүчний 80 гаруй хувийг 4 дүгээр хорооноос гаргажээ. 1930 онд Төгсбуянт, Улаангом, 1932 онд баруун хэдэн аймагт гарсан зэвсэгт бослого, 1934 онд баруун хилээр нэвтэрсэн зэвсэг бүхий дээрэмчид, 1947 онд Байтаг богдын орчмоор хил нэвтрэн түрэмгийлсэн гоминданы түрэмгийлэгчдийн эсрэг томоохон тулалдаанд орж, эх орноо батлан хамгаалах ариун үүргээ нэр төртэй биелүүлж байсан дайчин түүхтэй хороо бөгөөд тайван цагийн зохион байгуулалтын үндсэн дээр 1953 оны 8 дугаар сард татан буугдсан байна.

БАРУУН ХИЛИЙН ХАМГААЛАПТАД ТУС ХОРООНЫ ГҮЙЦЭТГЭСЭН ТҮҮХЭН ҮҮРЭГ

БНМАУ-ын баруун хилийн чанад Ку Ирдэс гол, Чингэл, Цагаан гол, Байтаг богдын Хавтаг уулын орчим зэрэг газар хасаг үндэстний 2900 шахам өрх айлыг /750 гаруй элдэв төрлийн буутай/ Баянбай, Ничир, Авдалдай, Түнин Агим урианхайн да лам Чүлтэм нар толгойлсон мэдээ, судалгаанууд байна. Эдгээр хасгийн зэвсэг бүхий дээрэмчид Монгол Улсын баруун хилээр нэвтрэн, энгийн номхон ард түмний мал хөрөнгийг дээрэмдэн, хүний амь насыг сүйтгэж, амгалан тайван байдлыг алдагдуулж байв. Тухайлбал, 1934 оны 7 дүгаар сарын 26-ны өдрөөс 9 дүгээр сарын 8-ны өдрийг хүртэл 500 хүртэл тооны зэвсэг бүхий дээрэмчид 10 гаруй удаа хил нэвтэрч, хилийн харуулыг довтлон хүч түрж, улмаар Ховд аймгийн Булган, Үенч, Мөнххайрхан, Манхан, Алтай, Улаанхус зэрэг сумын нутагт гүнзгийрэн орж, 606 өрх айлаас бод мал 8754, бог мал 48772 толгой,170 мянга шахам төгрөгийн үнэ бүхий бараа материалыг дээрэмдэж, 30 хүн алж, 8 хүн шархдуулж, 8 хүнийг баривчилжээ. Эдгээр зэвсэгт дээрэмчдийг дахин ирэхгүй болтол бут цохих үүргийг 1934 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Цэргийн яамны сайдаас 4 дүгээр морьт хорооны даргад өгчээ. Дотоодыг хамгаалахын харуулуудад хүчин тусалж, зэвсэгт дээрэмчдийг сөнөөх үүргийг биелүүлэхийн тулд Ховд дахь 4 дүгээр тусгай морьт хорооноос 250 хүнийг 14 пулемётын хамтаар томилж, хорооны дарга Б.Намсрай удирдан 1934 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 14 цагт Ховд аймгийн төвөөс Чингэл, Цагаан голын чигт хөдөлжээ. Ховдоос Цэцэг нуур, Тонхил нуур, Даянпангийн даваа, Угалзын даваа.Тамчийн даваа зэрэг хүнд бэрх бартаатай газраар хурдавчилсан маршийг автомашинаар үйлджээ. Тэд 550 км явж, 9 дүгээр сарын 13-ны өдрийн 12 цагт Үенчийн голд Хөх үзүүр хэмээх газар Дотоодыг хамгаалахын 2 дугаар комендатурын штабын дэргэд их амралтыг хийж, автомашинаа тэнд орхин, Үенч сумаас дайчлан бэлтгэсэн агт морьдыг хэрэглэн 9 дүгээр сарын 14-ний өдөр Цагаан голыг чиглэн явсан байна. Тус ангид хүч хавсран туслалцахаар “Р-5” хэмээх хоёр нисэх онгоц 9 дүгээр сарын 14-ний өдөр Үенчид буужээ. Үүнд: Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжин Г.Дэмид, Жанжин штабын дарга Шико нар хүрэлцэн ирж, ангийн байлдааны ажиллагааг хянан удирдаж байв. Дөрөвдүгээр морьт хорооны дарга Намсрайн удирдсан отряд нь 9 дүгээр сарын 16,17-ны өдрүүдэд Цагаан гол, Чингэл голын орчимд байсан зэвсэгт дээрэмчдийг устгаж, бод мал 1500, бог мал 12000 толгойг буцаан авч ардуудад эгүүлэн өгсөн аж. Намсрай, Ядамжавын отряд 9 дүгээр сарын 19, 20, 21-ий өдрүүдэд Байтаг богд, Хавтагуулын орчим байрласан зэвсэгт дээрэмчдийг сөнөөх үүргийг биелүүлж, 11000 толгой малыг эргүүлэн авч, ардуудад олгожээ. Энэхүү байлдаанд манай талаас шархадсан цэрэг-5, салааны дарга-1, алагдсан цэрэг-2, дээрэмчдээс алагдсан ба шархадсан бүгд 1000 шахам болсон ба бүгд 40 мянга шахам толгой малыг буцаан авчээ.

Дөрөвдүгээр морьт хороонд тавигдсан үүргийг Намсрайн удирдлагаар амжилттай биелүүлж, 1934 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Ховдод эргэж ирсэн аж. Байлдааны үүргийг амжилттай сайн биелүүлсэн учир хорооны дарга Намсрай, комиссар Дамдин, сумангийн дарга Гомбодорж, жагсаал ангийн дарга Ядамжав, пулемётын салааны дарга Даваажав, жагсаалын дарга Түвдэн, салааны дарга Жанлав, байлдагч Баяр нарын 10 гаруй хүнийг “Байлдааны гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасан байна. Сумангийн дарга Сүнрэв, зэвсгийн дарга Сүхжиндэй, байлдагч Доржийн Пүрэв, Дүгэрийн Шархүү, жагсаалын дарга Баярын Содном, наводчик Цэвлийн Пунцаг, санитар Шаалайн Лхагваа нарын зэрэг олон арван хүмүүс гарамгай сайн байлдсаныг мөн онцолжээ.

Хилийн харуул хамгаалалтын үүргийг Дотоод явдлын яамны харьяа Хязгаарын газрын цэргийн ангиуд гүйцэтгэх болсон боловч БНМАУ-ын баруун хилээр ямар нэгэн зэвсэгт халдлага гарвал тэр цаг тухайд Ховд дахь тусгай морьт хорооноос зохих хүчийг гаргаж, халдлагыг няцаан хил хамгаалах үүргийг биелүүлж байсан юм. Тухайлбал, 1940 онд зэвсэгт дээрэмчид халдан довтолсон учир 1940 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүч нэмэгдүүлсэн суманг гаргаж, ахмад Дашбалаар удирдуулан Хөхөм Хайртын даваа, Ганц модны даваа, Чигэртэй зэрэг газар Хязгаарын газрын штабын дарга, бригад командлан захирагч Дорлигийн заавраар үүрэг гүйцэтгэсэн байна. Мөн 1941 онд Чигэртэйн 3 дугаар заставт дэслэгч Аюурзанын удирдсан салбар, Дэлүүний 4 дүгээр заставт дэслэгч Цэрэндоржийн групп, Хайртын даваа, Ганц модны даваа, Хар нуур зэрэг газарт Жамьян, Тойван нарын удирдсан групп тус тус үүрэг гүйцэтгэж байсан юм.

Мөн 1941 онд Чигэртэйн 3 дугаар заставт дэслэгч Аюурзанын удирдсан салбар, Дэлүүний 4 дүгээр заставт дэслэгч Цэрэндоржийн групп, Хайртын даваа, Ганц модны даваа, Хар нуур зэрэг газарт Жамьян, Тойвон нарын удирдсан групп тус тус үүрэг гүйцэтгэж байсан юм. 1943 оны 8 дугаар сард дэслэгч Ишжамцаар удирдуулсан групп Шар говийн даваа зэрэг газраар ажиллаж, тавигдсан үүргийг биелүүлсэн байна.

1944 оны 3 дугаар сард Шинжааны зүгээс хүч нэмэгдүүлсэн хороо бүхий хүчээр БНМАУ-ын баруун хилээр халдан довтолсонд 4 дүгээр морьт хорооноос тусгай суманг дэслэгч Ишжамцийн удирдлагын дор явуулж, зохих үүрэг гүйцэтгэсэн юм. Энэ үед 32 дугаар морьт хороо, 9 дүгээр морьт хорооноос морьт суман оролцсоны дээр 9 дүгээр хорооноос миномётын батарей бас оролцжээ. Дөрөвдүгээр хорооны салааны дарга Самдангийн групп Давсан Түнгэ, Үрэнч хоёрыг холбосон замаар дайсны 10 гаруй машин цэрэг орж ирэхэд түүнтэй байлдаж 30 гаруй дайсныг устгажээ. Үүнд хөнгөн пулемётын наводчик Цэрэнчимэд, туслах наводчик Чимэд, салааны туслах Мөнх нар 6 цагийн турш гарамгай байлдсан бөгөөд Цэрэнчимэд, Чимэд нар шархадсан боловч харанхуй болсныг ашиглан гарч өөрийн ангийн хойноос гурван хоног явж, Үдийн ус гэдэг газар анги дээрээ эсэн мэнд ирсэн байна. Энэхүү эрэлхэг дайчдыг ангийн байлдааны түүхэнд бахархан тэмдэглэсэн байдаг.

Энх тайван цагт тусгай анги, нэгтгэлийг цомхотгосон учир Ховд дахь тусгай морьт хороог 4 дүгээр тусгай суман болгосон байна. Үүнд: Пулемёт салаа, холбоо салаа, сэлэмт салаа 3-тай байжээ. Сумангийн даргаар Ч.Янсанжав, сумангийн улс төрийн орлогчоор Д.Адууч нарыг томилон ажиллуулжээ. Улсыг Батлан хамгаалах яамны сайдын 1951 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 0236 дугаар тушаалаар Ховд дахь 4 дүгээр тусгай морьт хороог 4 дүгээр тусгай суман болгож, сумангийн зохион

байгуулалтад оруулсан байна. Ховд дахь 4 дүгээр морьт хорооны орон сууц, зэвсэг, агт малыг 4 дүгээр морьт суман эзэмшин хариуцжээ.

Дөрөвдүгээр тусгай суман баруун хилийг хамгаалах үүрэгт ажилд оролцож байсан бөгөөд 40 хүн бүхий тусгай салааг Дотоод явдлын яамны харьяа Хязгаарын газарт бүрмөсөн шилжүүлсэн байна. Улсыг Батлан хамгаалах яамны сайдын 1952 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 0131 дүгээр тушаалд тусгай үүрэг гүйцэтгэх учир 4 дүгээр тусгай сумангаас 4 хөнгөн пулемёт бүхий 40 хүнийг бэлтгэж, хурандаа Намжилын мэдэлд шилжүүлэн өгсүгэй” гэжээ.

Ховд дахь 4 дүгээр морьт суман хэвээр ажиллаж байгаад 1953оны 8 дугаар сард бүр мөсөн татан буугдаж орон сууц, эд хогшил, агт малыг Ховд аймгийн захиргаанд тусгай актаар шилжүүлж, зэвсэг хэрэглэлийг Улаанбаатар хотод татан авсан байна. Энэ тухай БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1953 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 276 дугаар тогтоолоор Ховд дахь 4 дүгээр тусгай морьт суманг татан буулгаж, цэргийн хэрэгцээнд байсан орон сууц, эд хогшил, агт малыг Ховд аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд шилжүүлсүгэй гэсэн байна.

БНМАУ-ын Батлан хамгаалах яамны сайдын 1953 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 0150 дүгээр тушаалаар Ховд дахь тусгай морьт суманг татан буулгаж, сумангийн дарга, хошууч Чадраабалын Янсанжавыг бэлтгэл офицероор, сумангийн улс төрийн орлогч, хошууч Доржийн Адуучийг Ховд аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсийн даргаар томилсон байна

Хэвлэлд бэлтгэсэн Батлан хамгаалахын Төв архивын Сан хөмрөгийн эрхлэгч, ахмад Б.ТОГТОХЖАРГАЛ

Эх сурвалж: “Соёмбо” сонин

Авах, завшихын “гайхамшиг” гэж нэг юм байхнээ дээ

Өмнөх нийтлэл

Хоёр сая төгрөгний үнэтэй захиалгат нэвтрүүлэг гарч, зорилго тодорхойгүй ч хадам гэх Цэрэн шуламыг онилсон нь илт

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм