Соёл урлаг

Жүжигчин У.Уранчимэг Ардын жүжигчин цол хүртэнэ

Таны сэтгэгдэл

Улс тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан маргааш буюу арваннэгдүгээр сарын 26-нд төрийн дээд одон, медаль гардуулах ёслол болно. Энэ үеэр Гавьяат жүжигчин У.Уранчимэгт Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээхээр болжээ.

У.Уранчимэг Улсын драмын эрдмийн театрт 1990-2012 онд жүжигчнээр ажилласан бол 2013-2025 онд “Хувьсал” продакшны захирал, ерөнхий найруулагч, жүжигчнээр ажилласан. Харин 2026 оноос төрөлх театртаа эргэн ирж, уран бүтээлээ туурвиж байна.

Тэрбээр театрын урлагт 30 гаруй жил зүтгэхдээ 60 гаруй жүжгийн гол болон туслах дүр бүтээжээ. Тухайлбал, “Цахлай” жүжгийн Нина Заречная, “Садар эрийг номхотгосон нь” жүжгийн Розаура, “Парисын дарь эхийн сүм” жүжгийн Эсмеральда, “Гамлет” жүжгийн Гертруда, “Хар санаа хайр сэтгэл” жүжгийн Луйза, “Тэнгэрийн хүү” жүжгийн Шунхуй хатан, “Тамгагүй төр” жүжгийн Цэцэр хатны дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон уран бүтээлч юм.

Мөн “Тамгагүй төр” жүжгийн Цэцэр хатны дүрээрээ Лондон хотын West End-ийн Колизеум театр, Сингапурын Marina Bay Sands цогцолборт болсон олон улсын тоглолтуудад оролцож, Монголын үндэсний драмын урлагийг дэлхийн үзэгчдэд таниулсан. Түүнчлэн 2026 онд Санкт-Петербург хотын Александринскийн театрын олон улсын фестивальд “Тэнгэрийн хүү” жүжгийн Шунхуй хатны дүрээр уригдан тоглосон нь түүний уран бүтээлийн замналын онцлох үйл явдлын нэг байлаа.

Түүний олон жилийн хөдөлмөр, авьяас билгийг төрөөс өндрөөр үнэлж, 2009 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртээж байсан юм.

Энэ жилийн Улс тунхагласны баяраар төрийн дээд одон, медалийг Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын дарга С.Бямбацогт гардуулна. Учир нь Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 92.3 хувийн саналаар дэмжсэн юм.

3
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

900 нийтлэл

Сэтгэгдэл бичих