Дөрөвдүгээр сарын 1-нээс бүтээн байгуулалтуудын ажлууд эхэлдэг. Цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч тэдгээр ажлууд хугацаандаа эхлэх нь эргэлзээтэй байгаа. Энэ талаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатаас зарим зүйлийг тодрууллаа.
-Манай улсад коронавирусийн таван тохиолдол бүртгэгдлээ. Цаг үеийн нөхцөлөөс хамаарч дөрөвдүгээр сард эхлэх бүтээн байгуулалтын ажлууд хугацаандаа эхлэх үү?
-Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар нийслэлийн хэмжээнд 2020 онд хэрэгжих төсөл хөтөлбөрийн төлөвлөгөө, төсөв хөрөнгө батлагдсан. Мөн Монгол Улсын төсвийн тухай хуулиар батлагдсан төсөл хөтөлбөрийн зарим эрхүүд Нийслэлийн Засаг даргад шилжин ирж байгаа. Нийслэлийн Засаг даргаас хөрөнгө оруулалтын ажлын худалдан авах ажиллагааны эрхийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад шилжүүлж хуулийн дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулж хөрөнгө оруулалтын ажлыг хугацаанд нь эхлүүлэх үүрэг чиглэлийг өгсөн. Одоогийн байдлаар он дамжин хэрэгжиж байгаа зарим төсөл хөтөлбөрүүдийн ажил үргэлжлэн хэрэгжиж байна. Өнөөдрийн байдлаар УОК болон НОК-ын зүгээс хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа. Тиймээс хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүд цаг хугацаандаа хэрэгжинэ.
-Зарим бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа гэлээ. Тэдгээр ажлууд дээр халдвар хамгаалалтыг хэрхэн хийж байгаа вэ?
-Манай байгууллагын зүгээс холбогдох мэргэжлийн байгууллагын зүгээс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх болон хэрэгжиж байгаа ажлууд дээр халдвар хамгаалалтын болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулж, ажилчдын эрүүл мэндийг хамгаалах тал дээр онцгой анхаарч хариуцлагатай ажиллах үүргийг компаниудад өгч ажиллаж байгаа.
-Нийслэлд хийгдэх ажлууд нийт хэдэн төгрөгийн төсвөөр хийгдэх вэ?
-Нийслэлийн хэмжээнд энэ жил шинээр хэрэгжиж эхлэх болон он дамжиж хэрэгжих хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын нэг их наяд гаруй төгрөгийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжинэ. Боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн гээд иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллах амьдрахад чиглэсэн олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжинэ.