Эрчим хүчний сайд асан, “ДЦС-IV” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Тавинбэх болон Р.Дагдан, А.Энхбат, Бат-Эрдэнэ нарт холбогдох /ЭХ-ийн 22.1-3, 22.5-1, 22.4-5/ хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 14-нд эхэлсэн ч аравдугаар сарын 2 хүртэл хойшлуулсан.
Дээрх нэр бүхий хүмүүс нь Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын “Монгол Улсын 10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн зөвлөх үйлчилгээтэй холбоотой асуудлаар шалгагдаж эхэлсэн. Тодруулбал, уг төсөл нь БНСУ-ын “Эксим банк”-ны 148.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр хэрэгжихээр 2019 онд эхэлсэн бөгөөд 10 аймгийн төвд дулааны станц барих зорилготой байсан юм.
Гэвч АТГ-ын мэдээлснээр уг төслийн зөвлөх үйлчилгээний гэрээний хугацаа дууссан, ажлын гүйцэтгэл хангалтгүй байсан гэх нөхцөл байхад тухайн үеийн Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэх гэрээний хугацааг сунгаж, зөвлөх үйлчилгээний төсвийг үндэслэлгүйгээр 2.6 сая ам.доллароор нэмэгдүүлсэн байж болзошгүй нөхцөл тогтоогдсон байна.
Улмаар нэмэгдүүлсэн санхүүжилтээс 2.1 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 7 тэрбум гаруй төгрөгийг Монголын аж ахуйн нэгжид олгосон бөгөөд уг компани нь Н.Тавинбэхийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байх үед түүний зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудоржийн үүсгэн байгуулсан компани болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон талаар АТГ мэдээлж байв.
Хэрэгт холбогдуулан 2026 оны нэгдүгээр сард Н.Тавинбэх, П.Товуудорж болон П.Даваадорж нарыг саатуулж, 21 газарт нэгжлэг хийсэн. Нэгжлэгийн үеэр Н.Тавинбэх болон түүнтэй хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгө, үнэт эдлэлүүдийг хураан авсан.
Тэгвэл энэ сарын 2-ны баасан гарагт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг явагдахаар шүүх бүрэлдэхүүнийг томилжээ. Тодруулбал, шүүгчээр М.Мөнхбаатар, Улсын яллагчаар Л.Содбаяр, У.Дэндэвдорж нар ажиллах юм байна.