нийгэм

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа

Таны сэтгэгдэл
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIV хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өргөн мэдүүлсэн 11 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдаанаар, Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай, “Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө” батлах тухай, Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай, Төрийн шагналд тодорхойлж уламжлах тухай, Нэрэмжит гудамж бий болгох тухай зэрэг асуудлыг хэлэлцэн баталлаа.

“Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-г “Хүний хөгжлийн бодлого”, “Нийгмийн хөгжил, үндэсний нэгдмэл үнэт зүйлийн бодлого”, “Эдийн засаг, дэд бүтцийн хөгжлийн бодлого”, “Байгаль орчин, ногоон эдийн засгийн бодлого”, “Тогтвортой хөгжлийг дэмжсэн хотын засаглалын бодлого”, “Бүсийн хөгжлийн бодлого”, “Хотын өрсөлдөх чадварын бодлого”, “Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюуны бодлого” гэсэн үндсэн найман бүлгийн хүрээнд боловсруулжээ.

Төлөвлөгөөнд үндэсний 10 үр дүн, салбарын 28, Төсвийн ерөнхийлөн захирагчийн 54, хөтөлбөрийн 127 үр дүнг тус тус тодорхойлж, нийт 538 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Тухайлбал, агаарын бохирдол, автозамын түгжрэлийг бууруулах, “20 минутын хот” үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг тусгасан байна. Энэ хүрээнд иргэдийн боловсрол, эрүүл мэнд, чөлөөт цаг, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг амьдрах орчинд нь ойртуулахын зэрэгцээ явган болон дугуйн зам, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, нийгмийн болон инженерийн дэд бүтцийг үе шаттайгаар сайжруулахаар төлөвлөжээ.

Хөгжлийн төлөвлөгөөнд боловсролын салбарт 43 сургууль, 23 цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулж, сургуулийн ачааллыг 4.7 хувь, цэцэрлэгийн ачааллыг 3.1 хувиар бууруулахаар тооцсон байна. Эрүүл мэндийн салбарт эрт илрүүлгийн хамрагдалтыг 10 хувиар нэмэгдүүлж, 180 мянган иргэнийг нэмэлтээр үзлэг, оношилгоонд хамруулах, дархлаажуулалтын хамрагдалтыг 0.6 хувиар нэмэгдүүлж, 10.8 мянган иргэнийг нэмэлтээр хамруулахаар төлөвлөсөн байна.

Мөн Төр нийгмийн зүтгэлтэн, маршал Ю.Цэдэнбал агсны 110 жилийн ойн хүрээнд нэрэмжит гудамж бий болгох тухай асуудлаар төлөөлөгчид байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, төлөөлөгч Ү.Оюунзул Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ерөнхий төлөвлөгөө 2014 онд батлагдсан. Ингэхдээ 90 хувьд нь ногоон байгууламж, 10 хувьд нь тохижилт бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөж, төлөвлөгөөт ажлууд хийгдчихсэн. Тэгэхээр ямар нэгэн бүтээн байгуулалтын ажил нэмж хийх боломжгүй гэлээ. Үүнд, Улаанбаатар хотын ерөнхий архитектор Б.Батцолмон тайлбар өгөхдөө, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагаатай уялдуулж, шинээр мод тарих гэх мэт тохижилтын ажлыг хийх боломжтой гэв.

Хуралдааны төгсгөлд, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ихбаяр хэлсэн үгэндээ “Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг боловсруулж, Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна. Нийслэл дэх авто зогсоолын үйл ажиллагаа, төлбөртэй холбоотой асуудлаар нийслэлийн удирдлагуудад иргэдээс өргөдөл, гомдол олноор ирүүлж байна. Тиймээс авто зогсоолын тариф, тэр дундаа шөнийн тарифыг хөнгөлөх, тэрчлэн тэглэх хүртэл арга хэмжээ авах шаардлагатай. Бид нийслэлийн иргэдээ төлөөлөн ажиллаж байгаагийн хувьд иргэдээс ирүүлж буй санал, шүүмжлэлийг үйл ажиллагаандаа тусган, холбогдох шийдвэрт өөрчлөлт оруулах, зарим шийдвэрийг хүчингүй болгох ажлыг шуурхай зохион байгуулж ажиллах хэрэгтэй” гэдгийг онцоллоо.

Ийнхүү НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар нийслэлийн төсөв, хөгжлийн төлөвлөгөө, газар зохион байгуулалт, нийслэлийн өмчтэй холбоотой болон бусад асуудлыг хэлэлцэн баталснаар, хуралдаан өндөрлөв.

38
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

602 нийтлэл

Сэтгэгдэл бичих