Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт өчигдөр автомашин шатаж, хээрийн түймэр гарчээ. Түймрийн дуудлагын дагуу Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, Асгат сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажилласан байна.
Алба хаагчид болон холбогдох ажилтнууд хээрийн түймрийг өчигдөр 21:40 цагт цурамд оруулж, 23:35 цагт бүрэн унтраажээ.
Урьдчилсан байдлаар түймэрт нийт 2100 га талбай өртөж шатсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Иргэдийн буруутай үйл ажиллагаа, автомашины техникийн шалтгаан зэрэг нь хээрийн түймэр гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг тул холбогдох байгууллагууд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Хавар, намрын улиралд ой, хээрийн түймрийн эрсдэл өндөр болдог тул иргэд анхаарал болгоомжтой байхыг албаныхан санууллаа.