Нуралтыг газар хөдлөлт өдөөсөн байж болзошгүй

Непалын албаныхны анхны мэдээллээр тухайн бүс нутагт болсон газар хөдлөлтийн улмаас мөсөн голын доод хэсэг нурж, үер үүссэн байж болзошгүй гэж үзэж байв.

Гэвч АНУ-ын Геологийн алба /USGS/ хожим нь тухайн үед бүртгэгдсэн чичирхийлэл нь эсрэгээрээ мөсөн голын чулуу, мөс их хэмжээгээр нурж хөндий рүү унаснаас үүдэлтэй байсан гэж мэдээлжээ.

Орой болох үед эрх баригчид цогцоснуудыг гаргаж, хэн болохыг нь тогтоох ажлаа үргэлжлүүлсэн байна.

Непалын цагдаагийн газраас лхагва гарагийн оройны байдлаар 157 хүний цогцос олдсон гэж мэдэгдлээ.

Непалын Аялал жуулчлалын яамны албанаас хэвлэлүүдэд мэдээлснээр 400 гаруй жуулчин сураггүй болсны 340 орчим нь гадаадын иргэд ажээ.

Непалын Аялал жуулчлалын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Сунил Шарма Associated Press агентлагт мэдээлэхдээ, сураггүй болсон жуулчдын:

  • 133 нь Энэтхэгээс мөргөлөөр ирсэн,
  • 47 нь АНУ-ын,
  • 34 нь Австралийн,
  • 33 нь Их Британийн,
  • 24 нь Канадын иргэн гэжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антони Гутерриш гамшигт нэрвэгдсэн иргэдэд туслахаар НҮБ-ын багууд болон түнш байгууллагууд Непалд шаардлагатай хүн хүч, тусламжийн нөөцийг дайчлан ажиллаж байна гэж мэдэгдлээ.

АНУ-ын Төрийн департамент Непалын үерт нэрвэгдсэн Америкийн иргэдийн талаар мэдээлэл авсан, нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна гэжээ.

Канадын Ерөнхий сайд Марк Карни мөн нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж буйгаа мэдэгдэж, уг үерийг “үнэхээр сүйрэл дагуулсан гамшиг” хэмээн тодорхойлжээ.

Энэ бүс нутаг нь Төвөд дэх Кайлаш Манасаровар руу хүрэх алдартай аяллын замд оршдог. Тус газарт Энэтхэг болон бусад орны олон зуун Хиндү мөргөлчин жил бүр, ялангуяа энэ үеэр зорчдог байна.

Хятадын төрийн телевизийн мэдээлснээр Жирон хошуунд гурван хүн амиа алдаж, 265 хүн сураггүй байгаа аж. Хохирлын тоог үргэлжлүүлэн нягталж, аврах ажиллагаа явагдаж байна.

Түүнчлэн Өмнөд Солонгос усан цахилгаан станцад ажиллаж байсан өөрийн улсын найман иргэн сураггүй болсон гэж тусад нь мэдээлжээ.

Непал–Төвөдийн хилийн Хятадын талд байрлуулсан хяналтын камерын бичлэгт хүмүүс чулуу, шавар, усны асар хүчтэй урсгал ирэхээс өмнө зугтаж буй нь дүрслэгдсэн байна. Улмаар урсгал байшин барилга, автомашинуудыг сүйтгэж, олон хүний аминд хүрчээ.

Германы Геошинжлэх ухааны судалгааны төвөөс мэдээлснээр хяналтын камерын бичлэг дээрх цагийн тэмдэглэгээнээс ойролцоогоор долоон минутын өмнө 4.4 магнитудын газар хөдлөлт болсон байна.

Гамшигт нэрвэгдсэн Нувакот болон Дхадинг бүсийн оршин суугчид Непалын армийн сургалтын төвийн гадна цугларч, сураггүй болсон гэр бүлийн гишүүдийнхээ талаар мэдээлэл авахаар хүлээж байжээ. Тус төв нь нисдэг тэргээр аврах ажиллагааны гол бааз болж байна.

Цахилгаан хангамж усан цахилгаан станцын дэд бүтэц гэмтсэний улмаас тасарсан тул цагдаа нар казармын хаалганы гадна гар утасныхаа гэрлийг ашиглан сураггүй хүмүүсийн нэрсийг бүртгэж байв.

Гамшигт нэрвэгдсэн бүсүүдэд байшин, мод, автомашинууд шаварт дарагдаж, зарим нь усанд автан урсаж байжээ. Нисдэг тэрэгнүүд бүтэн өдрийн турш амьд үлдсэн хүмүүсийг тээвэрлэн бүс нутаг дээгүүр ниссэн байна.

Planet Labs компанийн хиймэл дагуулын зургийг урьдчилан судалсан дүнгээр мөс, чулууны их хэмжээний нуралт Лхенде голд их хэмжээний хагархай, шавар дагуулсан үер үүсгэсэн байж болзошгүй гэж Непалын Гамшгийн эрсдэлийг бууруулах, удирдах үндэсний газар X платформд мэдээлжээ. Уг нуралт Непал–Хятадын Расувагадхи хилийн боомтоос зүүн хойд зүгт 20 орчим километрийн зайд болсон.

Албаны хүмүүсийн мэдээлснээр хүн ам нь ойролцоогоор 50 мянга байдаг Расува дүүргийн Сяпру Беси, Тимуре суурингийн гамшигт өртсөн хэсэгт аврах нисдэг тэрэг бууж чадахгүй байгаа, мөн голын усны түвшин хэвийн хэмжээнээсээ хэтэрчээ.

Телевизийн дүрс бичлэгүүдэд нурсан байшингууд, усанд хөвж буй автомашинууд, урсаж алга болж буй төмөр гүүр харагдсан байна. Харин гэрчүүд Reuters агентлагт үерийн ус бүхэл бүтэн тосгон суурингуудыг бүрхсэн гэж ярьжээ.

Расува дүүргийн эрүүл мэндийн ажилтан Тула Бахадур Б.К. “Хаашаа ч харсан сүйрэл байна. Голын эрэг дагуух суурингууд бүрэн урсаж алга болсон. Миний өөрийн таван хамаатан сураггүй болсон” гэжээ.

Жирон боомт мөн гамшигт өртжээ

Хятадын төрийн мэдээллийн Синьхуа агентлагийн мэдээлснээр хөрсний гулгалт Жирон боомтод болж, Шигацэ бүсийн хил орчмын зам, харилцаа холбоо, цахилгаан хангамж тасарчээ.

Хятадын төрийн CCTV телевизэд ярилцлага өгсөн аврах ажиллагааны нэг ажилтан Жирон дахь хилийн боомттой холбоо тогтоохоор оролдож байгаа ч одоогоор үр дүнд хүрээгүй гэж мэдэгдсэн байна.

Урьдчилсан байдлаар дрон ашиглан хийсэн шалгалтаар хилийн боомт руу чиглэсэн бүх зам бүрэн сүйдсэн болохыг тогтоожээ.

Шавар, усны асар их урсгал далайн түвшнээс дээш ойролцоогоор 2000 метрийн өндрөөс доош буусны дараа Непалтай хиллэдэг, хүн ам шигүү суурьшсан Энэтхэгийн Уттар-Прадеш болон Бихар мужуудад үерийн сэрэмжлүүлэг гаргажээ. Уулнаас урсах хэд хэдэн гол эдгээр бүс нутгаар дамжин тал руу цутгадаг байна.

Бихарын эрх баригчид зургаан дүүргээс 5000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа аж. Нийтдээ 10 000–12 000 хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөжээ.