нийтлэлчийн булан

Эрээний бараа шиг элбэг болоосой

Таны сэтгэгдэл

“Роснефть” нийлүүлэлтээ бууруулаагүй, гэхдээ…

ОХУ-д дотоодод нь шатахууны тасалдал үүсээд байгаа ч хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “Роснефть” компани Монголд нийлүүлдэг нийлүүлэлтийн хэмжээгээ бууруулаагүй байна. Тэгвэл юу болоод манайд шатахуун хомсдоод байгаа хэрэг вэ?

Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үүргийг “Роснефть” компани гүйцэтгэдэг ч тус компанийн нийлүүлэлт манай нийт худалдан авч буй шатахууны 60-70 хувийг л эзэлдэг. Харин үлдэх 40-30 хувийг коммодити трейдэр компаниудын нийлүүлэлт хангадаг аж. Коммодити трейдэрүүд хагас хууль бус гэгддэг, хаалттай компаниуд дэлхийн түүхий эдийн зах зээлд дундын зуучлан борлуулагчийн үүрэг гүйцэтгэсээр л ирсэн. ОХУ-д үүссэн хомсдолт нөхцөл байдал нь манайх руу борлуулалт хийж ирсэн тэдгээр трейдинг компаниудад нөлөөлснөөр ханган нийлүүлэлтээ зогсоожээ. Өөрөөр хэлбэл дундын зуучлал хийж Монголд шатахуун зардаг трейдерүүд шатахуунгүй болжээ гэсэн үг. Манай хэрэглээний 30-40 хувь, магадгүй заримдаа 50 хувьд хүрдэг ханган нийлүүлэлт тасалдана гэдэг том эрсдэл. Тэдгээрийн нийлүүлэлтийг хангах үүргийг Оросын Засгийн газар хэлэлцээрээр хүлээгээгүй. Өнөөдрийн манай шатахууны хомсдолд нөлөөлж буй гол хүчин зүйл энэ.

Монголын шатахуун жилийн хэрэглээ 2008 оны уул уурхайн тэсрэлт хүртэл ердөө 400 мянган тонн байсан бол эдийн засгийн өсөлт даган огцос өсөлттэй явсаар өдгөө 3 сая тонн болсон байгаа нь цаашид ямар хугацаанд хэр хурдацтай өсөх зэргийг урьдчилан тооцоолох, стратегийн бүтээгдэхүүний хувьд ханган нийлүүлэлтийн бодлогод нухацтай хандахгүй бол цаг зуурын асуудал бүрд яг одоогийнх шиг сайд өөрөө гар удирдлага хийгээд Солонгос гүйж очоод компани хоорондын худалдааг зохицуулаад байх нь явцгүй биш үү?! /Ингэж харагдахгүй бол иргэдийн бухимдал тааздаа тулахыг ойлгож байгаа байх л даа. Уг нь БНСУ-аас импорт хийх энэ гарцыг хувийн хэвшлийнхэн аль 2011 оны хямралын үеэр нээж, М-Oil компани евро 95-ыг Хятадын нутгаар транзит тээврээр оруулж ирж байжээ. Угаасаа Монголд төрийн өмчид шатахуун импортлогч компани байхгүй. Бүх импорт зах зээлийн зарчмаар хувийн хэвшлийнхний хийж буй бизнес. Улсын нөөцийг нэмэгдүүлэх, агуулах сав байгуулах нь бол тусдаа хэрэг.

Хомсдолд агуулах нөлөөлөөгүй

Шатахууны хомсдол яг одоогоор нөөцийн сав дутагдсанаас болоогүй гэдгийг төр, засгийн түвшинд мэдэж байгаа гэж найдаж байна. Импортлогч компаниуд нөөцийн агуулахаа тус тусдаа хангалттай хэмжээнд буюу шаардлагын дагуу 30-60 хоногийн нөөцийн хэмжээнд барьж байгуулсныг үгүйсгэх нь хуншгүй явдал болно. Төрийн албаны түшмэл хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө иргэдийн зорчих хөдөлгөөн зуны энэ өдрүүдэд шатахууны хэрэглээг 3-4 сарын нөөцийн хэмжээнд зарцуулсан нь угтаа үнэн аж. Гэхдээ “шатахууны сарын нөөцтэй” гэж сайд нь мэдээлж байсан атал хаанаас гурав, дөрвөн сарын нөөцийг иргэд хэрэглэчихэв ээ, тэр хэмжээний нөөцийг хадгалах агуулах манайд байхгүй гэдэг “логикийн зөрчил” нийгмийн хэлэлцүүлэг, шүүлтүүрээр ороод гарсныг хэрхэн тайлбарлах вэ? Энэ асуулт бол асуудлыг ердөө хоёр хэмжээсээр авч үзсэн логик юм. Дахиад гурав дахь, дөрөв дэх хэмжээсийг орхигдуулсан гэсэн үг. Асуудлыг 2D тайлбараас 4D болгоод харвал хариулт нь тун амархан. Нэг сарын нөөцийг хадгалах багтаамжтай агуулах гурав, дөрвөн сарын хэрэглээг багтааж болно. Агуулах 30 хоногийн нөөцийн багтаамжтай байлаа гэж бодоход өмнө энэ нь 30 хоногт шавхагдаж дуусдаг байсан бол сая хэрэглээ 3-4 дахин нэмэгдсэнээс 7-10 хоногт шавхагдаж, шатахуун импортлогч тэр хэрээр агуулах руу нөөцийг нэмээд байжээ гэсэн үг. Гуч хоногийн нөөцийн багтаамжтай агуулах руу 4 сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээний шатахуун багтаад орчихсон гэдэг нь хоёр хэмжээсээр харахад ойлгомжгүй байх л даа. Гэтэл тэр савнаас шатахуун өмнөхөөс илүү хурдтайгаар борлуулалтад гарсан, тэр хэрээр шинэ шатахуун нэмэгдэж орж байсан. Цаг хугацаа, хурд гэсэн дахиад хоёр өөр хэмжээс үйлчилсэн л хэрэг.

Хятадаас шатахуун импортлох нь Эрээнээс бараа зөөхтэй адилгүй

Энэ өдрүүдэд хамгийн олонтаа сонсогдож байгаа мэргэн зөвлөгөөний нэг нь Хятадаас гялс бензин оруулж ирэх тухай байлаа. БНСУ-аас тээвэрлэснээс илүү хялбар, ойр дөт, хямд байх нь гарцаагүй ч ганзагаар орж ирдэг онлайн захиалгын бараанаас огт өөр хүчин зүйл энд яригдана. Хятадын төлөвлөгөөт эдийн засаг стратегийн бүтээгдэхүүний экспорт дээр тийм гэнэтийн ханган нийлүүлэлт хийхэд бэлэн биш гэж эх сурвалжууд тайлбарлаж байгаа юм. Үүний тулд Засгийн газар хооронд хэлэлцээр хийх, жилийн хэмжээг тохиролцох, дараа нь төмөр зам, дэд бүтэц, тэдгээрийн ашиглалтын зардал зэргийг тооцоолж байж тасралтгүй нийлүүлэлт хийх сонирхлоо илэрхийлдэг байна. Тэд үр ашиггүй, үе үе хэрэг болдог тийм тогтворгүй ханган нийлүүлэлт дээр зардал гаргахгүй. Энд өөрсдөөс үл хамаарах асуудал байгаа болоод Монголын импортлогчид Хятадаас биш Оросоос нийлүүлэлт хүлээгээд сууж буй. Тиймгүй бол Эрээний бараа шиг л элбэг байх байлаа.

Хятадаас шатахуун тээвэрлэхэд Замын-Үүдийн боомтоор нэвтрүүлэхэд хүндрэлтэй. Хөх хотын үйлдвэр дээр ачигдсан бараа зам дээр 20-30 хоног болж байсан түүхтэй. Аварга том шингээлттэй зах зээлд ажилладаг үйлдвэрүүд бараа эргэлт нь төмөр зам дээр чингэлэгтэйгээ тэг зогсдог тийм бизнесийг сонирхохгүй. Төмөр замыг нь хаагаад тийм удаан тээг үүсгэдэг худалдаа зах зээлийн хуульд төдийлөн нийцгүй. Тийм учраас Засгийн газар тодорхой хэмжээнд оролцож, эрх зүйн хүрээнд баталгаажуулж, жилийн экспорт, импортын хэмжээг тохирч, тээвэрлэлтийг шийдвэрлэх асуудал байгаа гэсэн үг.

Түүнээс энэ бол хоёр компани хоорондын худалдаа, төлбөр тооцооны л асуудал. Сайд нь сав сугавчлаад гүйж байх асуудал биш. Харин улсын өөрийн нөөц бол бага хэмжээтэй байдаг нь үнэн. Үүнийгээ бол шийдэх ёстой.

Тэгш, сондгой тоогоор чөлөөт үнэ бүрдэлтээр зохицуулах ёстой

Стратегийн бүтээгдэхүүн учраас өнөөдрийг хүртэл төр үнэ барих замаар зах зээлд оролцсоор ирсэн нь өнөөдөр асуудлыг улам хүндрүүлж буй нь хэлэхгүй байгаа үнэний нэг хэсэг. Үнэндээ импортлогчдод чөлөөт үнэ бүрдэлтийг зөвшөөрдөггүй, төр зохицуулалт хийсээр ирсэн нь өнөөдөр нийлүүлэлт доголдоход хүрч буй дам шалтгаан. Дэлхийн зах зээлд түүхий нефтийн үнэ буурахад шатахууны үнэ буурч, өсөхөд дагаад өгсөх ёстой ч төрийн зохицуулалт зах зээлийн энэ мэдрэг байдлыг саармагжуулсаар иржээ. Өнөөгийн хавтгай дэлхийд бараг бүх зүйлийн үнэ хаана ч нэг ижил болж буй зах зээл дээр манай төр чөлөөт үнэ бүрдэлтийг зөвшөөрчихвөл угаасаа аль ч улс оронд ашгийн марж нь 5 хувиас хэтэрдэггүй энэ бизнес иргэдээ шулаад хол явахгүй. Бизнес эрхлэгчдэд, хамгийн гол нь зах зээлийн хуульд итгэх ёстой ч энэ нь манай төрийнхөнд дутагддаг мэдрэмж юм. Зүй нь, өнөөдрийн энэ хомсдолын үед үнэ барих биш зах зээлийн хуулиар үнийн зохицуулалт хийж болох байсан. Ерэн оны картын барааны систем шиг 50 литр, энэ үеийн түгжрэлийн зохицуулалт шиг тэгш, сондгой гэдэг шиг шог юм алга. Нийлүүлэлтээ хийж чадахгүй нөөц нь бага байгаа компани нь үнэ нэмээд, нөөцөө татаж чадаж байгаа нь үнээ буулгаад өгөхөд л үнийн өрсөлдөөн өөрөө зохицуулалтыг хийчих байсан. Хямд шатахуун дээр дугаарлах нь дугаарлаад, дугаарлах дургүй бөгөөд бололцоотой нь үнэ өндөр колонк руугаа явна биз. Зах зээлийн зохицуулалт хамгийн шударга байдаг гэдэгт итгэж сурах ёстой. Иргэдийн гэдэс хонхолзох үнэ өсөхөөс төр айх ёстой нь үнэн ч бүхнийг өөрөө зохицуулах нэрээр бүр алсын үр дагаврыг нь улам хүндрүүлж байгаагаа бас мэдэж буй байхМонгол Улс стратегийн бүтээгдэхүүний хангамжийн бодлогодоо зах зээлийн зарчим, олон эх үүсвэрт нийлүүлэлт, хууль эрх зүйн тогтвортой дэд бүтцийг хослуулах шаардлагатай байна. Юуны өмнө хаа хаанаа үнэнийг ярьдаг болмоор байна.

43

Сэтгэгдэл бичих