“Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхантай ярилцлаа.

-Монгол Улс COP17-ыг зохион байгуулж байгаа нь иргэний нийгмийн байгууллагуудад ямар боломжийг нээж байна вэ?
-КОП17 бол зөвхөн олон улсын хурал биш, иргэний нийгмийн байгууллагуудын хувьд бодлого, шийдвэр гаргах үйл явцад дуу хоолойгоо хүргэх ховор боломж. Иргэний нийгмийн байгууллагууд өөр өөр чиглэлээр ажилладаг ч нийтлэг зорилго нь хэнийг ч хөгжлийн үр шимээс орхигдуулахгүй, хүртээмжтэй, оролцоонд суурилсан тогтвортой хөгжлийг дэмжихэд оршдог. Үүнийг хэрэгжүүлэх хамгийн үр дүнтэй арга замын нэг нь бодлогын нөлөөлөл юм. Өөрөөр хэлбэл, сайн хууль, зөв бодлого, хариуцлагатай хэрэгжилтийг бий болгоход иргэдийн оролцоо, иргэний нийгмийн хяналт зайлшгүй шаардлагатай.
Монгол Улс КОП17-ыг зохион байгуулж байгаа нь энэ боломжийг бидэнд улам ойртуулж байна. Ялангуяа Монголын болон Азийн иргэний нийгмийн байгууллагууд энэ хурлыг өндөр ач холбогдол өгч, нэгдсэн байр суурьтай, сайн бэлтгэлтэй оролцох хэрэгтэй гэж бодож байна. Учир нь дэлхийн олон орны төр, иргэний нийгэм, эрдэм шинжилгээ, олон улсын байгууллагын төлөөлөл энд хуран цугларна. Тэд зөвхөн асуудал ярих гэж биш, харин туршлагаа хуваалцах, шийдэл эрэлхийлэх, шинэ түншлэл бий болгох, бодлогод нөлөөлөхөөр ирдэг. Тиймээс энэ бол зөвхөн суралцах биш, өөрсдийн туршлага, санал, бодит шийдлийг дэлхийн түвшний хэлэлцүүлэгт хүргэх ховор боломж юм. Ийм боломжийг бид өнгөрөөж болохгүй.
-Танай байгууллагын хувьд COP17-д ямар байр суурь, ямар дуу хоолойгоо хүргэхээр бэлтгэж байна вэ?
-Монгол Улсад зохион байгуулах шийдвэр гарснаас хойш бид энэхүү боломжийг үр нөлөөтэй ашиглахын төлөө тодорхой зорилго, төлөвлөгөөтэй ажиллаж ирлээ. Манай байгууллага уул уурхай, эрчим хүч болон тэдгээрийн дэд бүтцийн төслүүдийн нөлөөллийн бүсэд амьдарч буй малчдын эрх, оролцоо, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр ажилладаг. Бид өнгөрсөн хугацаанд малчдын оролцоонд тулгуурласан “Газар дээрээс нь” судалгаа, зөвлөлдөх үйл явцыг тогтмол хэрэгжүүлж ирсэн. Үүний хүрээнд бэлчээрийн доройтол, түүнийг бууруулах арга зам, бэлчээрийн хамгааллын тогтолцоог сайжруулах боломж, доройтолд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох чиглэлээр малчидтай олон удаагийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэхүү ажлын үр дүнд малчдын бодит туршлага, санал, хэрэгцээнд тулгуурласан “Улаан шугам” концепцийг боловсрууллаа.
Мөн “Газар дээрээс нь” цуглуулсан судалгаа, нотолгоонд үндэслэн олон улсын Эрх болон нөөцийн санаачилга (Rights and Resources Initiative) зэрэг байгууллагуудтай хамтран нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг Ази, Африк, Латин Америкийн долоон улсын иргэний нийгмийн байгууллагуудыг хамруулсан судалгааг нэг арга зүйгээр хийж, “Нүүдэллэх эрхийг баталгаажуулах нь: Малчид болон нүүдэлчдийн нүүдэллэх, газар ашиглах эрхийн эрх зүйн баталгаа” сэдвээр дүгнэлт, зөвлөмж боловсруулан ажиллаж байна.
-Цөлжилт, газрын доройтолтой тэмцэхэд иргэдийн оролцоо бодитой нэмэгдэхгүй байгаа гол шалтгаан юу гэж та үздэг вэ?
-Иргэний нийгмийн байгууллагын өнцгөөс харахад цөлжилт, газрын доройтолтой тэмцэхэд ахиц удаан байгаа хэд хэдэн шалтгаан байна.
- Нэгдүгээрт, иргэдийг зөвхөн хэрэгжүүлэгч бус, харин шийдвэр гаргах үйл явцын бодит оролцогч, шийдлийн түнш гэж харах хандлага хангалттай төлөвшөөгүй байна. Монгол Улсад газрын доройтол, цөлжилттэй тэмцэх олон төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгаа ч орон нутгийн иргэд, ялангуяа малчдын мэдлэг, туршлага, санал бодол бодлого боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт тавих бүх үе шатанд бүрэн тусдаггүй тохиолдол бий. Гэтэл тухайн нутгийнхаа бэлчээр, ус, байгаль экосистемийн өөрчлөлтийг хамгийн сайн мэддэг хүмүүс бол малчид өөрсдөө. Тиймээс тэдний уламжлалт мэдлэг, бодит туршлага, санаачилгыг бодлого, шийдвэр гаргах түвшинд үнэлж, тусгах нь тогтвортой үр дүнд хүрэх үндсэн нөхцөл юм.
- Хоёрдугаарт, иргэдийн оролцоог зөвхөн уулзалт, хэлэлцүүлэгт оролцох хүрээнд ойлгох бус, шийдвэрт нөлөөлөх бодит боломж, мэдээллийн ил тод байдал, хариуцлагын тогтолцоо, хууль эрх зүйн баталгаатай оролцоогоор хангах шаардлагатай. Иргэд асуудлын талаар мэдээлэлтэй байхаас гадна шийдэл боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих боломжтой болсон цагт оролцоо бодит үр дүн авчирна.
- Гуравдугаарт, цөлжилт, газрын доройтолтой тэмцэхэд салбар хоорондын уялдаа, бодлогын зохицуулалт зайлшгүй шаардлагатай. Монгол Улсын хувьд эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болох уул уурхай нь ихэвчлэн хөдөө аж ахуйн бүс нутаг, малчдын бэлчээр, усны нөөцтэй давхцдаг. Тиймээс уул уурхай болон бэлчээрийн ашиглалт, байгаль хамгааллын бодлогыг тус тусад нь авч үзэх бус, харилцан уялдсан байдлаар шинэчлэх хэрэгтэй байна. Ер нь цөлжилт, газрын доройтолтой тэмцэх хамгийн үр дүнтэй арга нь орон нутгийн иргэд, малчдыг асуудлын “хүлээн авагч” бус, харин шийдлийн түнш болгон оролцуулж, тэдний дуу хоолой, мэдлэг, сайн туршлагыг бодлого, шийдвэрийн бүх түвшинд бодитоор тусгах явдал юм. Үүний зэрэгцээ салбар хоорондын уялдаа, хариуцлагатай хөгжлийн бодлогыг шинэ шатанд гаргах шаардлагатай байна.
-Монголын малчид, залуус, эмэгтэйчүүд, нутгийн иргэдийн дуу хоолой COP17 дээр хангалттай сонсогдож чадах болов уу?
-Энэ нь зөвхөн Монголын асуудал биш, COP17-ийн амжилтыг тодорхойлох чухал шалгуур юм. Малчид, залуус, эмэгтэйчүүд, нутгийн иргэд бол газрын доройтол, ган, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг өдөр бүр хамгийн түрүүнд мэдэрч байгаа хүмүүс. Тиймээс тэд зөвхөн оролцогч биш, шийдлийн нэг хэсэг байх ёстой. Үүний тулд иргэний нийгэм, малчдын байгууллага, эмэгтэйчүүд, залуус, орон нутгийн төлөөлөл бодит оролцоотой байх, санал нь хэлэлцүүлэг болон шийдвэрт тусах боломжийг хангах нь чухал. Хэрэв тэдний оролцоо зөвхөн бэлгэдлийн түвшинд үлдвэл COP17-ийн үнэ цэнэ бүрэн хэрэгжихгүй. Бидний хүсэж байгаа зүйл бол маш энгийн: “Бидний тухай шийдвэрийг бидний оролцоотой гаргадаг байх”. Энэ зарчим л КОП17-ын хамгийн чухал өвийн нэг болно гэж үзэж байна.
-Монголд газрын доройтолтой тэмцэхэд хамгийн их саад болж байгаа асуудал нь мөнгө үү, бодлого уу, эсвэл хариуцлага уу?
-Шулуухан хэлэхэд асуудал нь мөнгө биш, шинжлэх ухаанч бодлого, бодит хариуцлага юм. Монгол Улсад газрын доройтолтой тэмцэх бодлого, хууль, хөтөлбөр, төсөл хангалттай бий. Мөн олон улсын байгууллагуудын санхүүжилт, дэмжлэг ч багагүй орж ирдэг. Харин хамгийн том сорилт нь эдгээр бодлого хоорондоо уялдаа муутай, хэрэгжилт сул, хариуцлагын тогтолцоо хангалтгүй байгаа явдал юм. Нөгөө талаас газрын доройтлыг зөвхөн бэлчээрийн асуудал гэж харах нь өрөөсгөл. Уул уурхай, дэд бүтэц, хотжилт, усны нөөцийн менежмент, газрын зохион байгуулалт зэрэг олон салбарын бодлого хоорондоо зөрчилдөх үед газрын доройтол улам нэмэгддэг. Иймээс салбар хоорондын уялдаа, шинжлэх ухаанд суурилсан шийдвэр, иргэдийн оролцоо хамгийн чухал.
Түүнчлэн хууль зөрчсөн, байгаль орчинд хохирол учруулсан этгээдүүдэд бодит хариуцлага тооцдог, нөхөн сэргээлтийг чанартай хийлгэдэг, орон нутгийн иргэдийн санал, хяналтыг үнэхээр тусгадаг тогтолцоог бүрдүүлэхгүйгээр зөвхөн санхүүжилт нэмэгдүүлээд асуудал шийдэгдэхгүй. Тиймээс газрын доройтолтой тэмцэхэд хамгийн их дутагдаж байгаа зүйл бол оновчтой бодлого, тууштай хэрэгжилт, бодит хариуцлага гэж үздэг.