Өмнөговь аймгийн Гурвантэс сумын малчин А.Шинэ-Оргил Улсын аварга малчнаар тодорчээ. Гэтэл шагнал нь замын дундаас алга болж эзэндээ ирээгүй байгаа талаар нэгэн иргэн цахим хуудастаа мэдээлэв.
Харин Зам тээврийн сайд, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан түүний шагналыг авч, “Цагаан сарын дараа өгнө” хэмээн мэдэгдсэн гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаж эхэллээ.
Улсын аварга малчин өрхийн шагналыг сар шинийн баярын өмнө малчны хотонд очиж гардуулдаг уламжлал тогтоод удаж байна. Шагналаа гардан авсан малчид Цагаан сараар ах дүүс, нутаг усныхантайгаа баяраа хуваалцаж, амжилтаа тэмдэглэдэг тогтсон жишигтэй.Гэвч энэ жилийн сар шинийн баяраар Гурвантэс сум аварга малчинтай ч, шагналын тэмдгийг нь албан ёсоор гардуулж амжилгүй баярлах нөхцөл үүссэн нь энэ аж.
Энэ талаар зарим иргэд Засгийн газраас олгодог шагналыг УИХ-ын гишүүд тарааж, тойрогтоо ажиллаж байна гэх нэрийдлээр тал тал тийш давхицгаадаг явдалд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Түүнчлэн Засгийн газраас олгодог Улсын аварга малчин өрх шагналыг Засгийн газрын нэгж болох сум, орон нутгийн засаг дарга нар нь гардуулах саналыг дэвшүүлжээ.