нийгэм

Монголбанк: Зээлийн өр, орлогын харьцааг 45 хувиар тогтоолоо

Таны сэтгэгдэл
Зээлийн өр, орлогын харьцааг 45 хувиар тогтоолоо.  Мөн арилжааны банкуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийн хэмжээг тус бүр нэг нэгж хувиар нэмэгдүүлж 14 болон 19 хувьд хүргэлээ.

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2026 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:

  1. Банкнаас иргэдэд шинээр олгох болон нөхцөлийг нь өөрчлөх хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 45 хувь болгон шинэчлэн тогтоох;
  2. Банкуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг тус бүр 1 нэгж хувиар нэмэгдүүлж, харгалзан 14 хувь болон 19 хувьд хүргэх.

Монголбанкнаас банкны системийн зээлийн өсөлтийг зохистой түвшинд хадгалж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Хэдийгээр мөнгөний хатуу бодлого үргэлжилж байгаа хэдий ч зээлийн өсөлт өндөр түвшинд хадгалагдсаар байна. Тухайлбал, 2025 оны 11 дүгээр сарын байдлаар зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 21 хувиар өссөн байна.

Хэрэглээний зээлийн өсөлт нь эрэлтийн шалтгаантай инфляцыг өдөөх, бизнесийн зээлд шаардлагатай эх үүсвэрийг бууруулах, хэрэглээний импортыг тэтгэн ханш, төлбөрийн тэнцлийн дарамтыг нэмэгдүүлж болзошгүй. Түүнчлэн, эдийн засгийн гадаад орчны тодорхой бус байдал өндөр байгаа үед банкны системийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай. Иймд Мөнгөний бодлогын хорооноос инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор дээрх бодлогын шийдвэрийг гаргав.

Цаашид макро, санхүүгийн орчны төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ.

155
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл