Өмгөөлөгч асан Г.Батбаярт холбогдох хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж, улмаар “Гадны нөлөөгүй” хэмээн хэргийг хаах саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна.
Тодруулбал, өмгөөлөгч асан Г.Батбаяр нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-22 /2024.04.21-22/-нд шилжих шөнө гэрээсээ гарч яваад сураггүй алга болж, улмаар дөрөв хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 26-ны /2024.04.26/ өдөр Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Богд хаан” амралтын газрын зогсоол дээр автомашиндаа амь хохирсон байхад нь цагдаагийн байгууллагаас олж тогтоосон байдаг.
Улмаар амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоохоор Шүүх шинжилгээний ерөнхий газраас задлан шинжилгээ хийж, хуулийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэдгийг албаныхан мэдээлж байсан билээ. Тэгвэл шүүх шинжилгээний дүгнэлтүүд эцэслэн гарч, амь хохироч Г.Батбаярыг “Гадны нөлөөгүй нас барсан” хэмээн мөрдөх байгууллагаас үзсэн байна. Улмаар хэргийг хаах саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн бөгөөд өдгөө тус хэрэг прокурорын хяналтад байгаа аж.
Comments