Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабатаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Бүгд найрамдах Солонгос улсад ажиллалаа.
Энэ үеэр БНСУ-ын Сөүл хотын Гансо дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, “Hoseo University” /Хосэ Их сургууль/, БНСУ-ын Үйлдвэрчний эвлэл, болон тус улсын “Магок” аюулгүй байдлын сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Тэд “Hoseo University” /Хосэ Их сургууль/-ийн үйл ажиллагаатай танилцаж дэд Ерөнхийлөгч /Piao Huehao/, Аюулгүй байдлын инженерийн тэнхимийн декан Жон Хун Ким /Jeong Hun KIM/ нартай уулзалт хийв. Энэхүү уулзалтаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр боловсон хүчин бэлтгэж өгөх, богино болон урт хугацааны сургалтуудыг зохион байгуулах, цаашлаад талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцжээ.
Мөн “Hoseo University” /Хосэ Их сургууль/-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус сургууль нь 1978 онд үүсгэн байгуулагдсан. Улсдаа эхний дөрөвдүгээрт эрэмбэлэгддэг хиймэл оюун ухаан, мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон сургуулиудын нэг юм. Уг сургуульд 34 улсын 18 мянга орчим оюутан суралцдаг байна. Харин манай улсаас 20 оюутан суралцаж буй.
Түүнчлэн “Магок” аюулгүй байдлын туршилт сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцжээ. БНСУ-ын Гансо дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Park In-Su /Пак Ин Су/ болон албаны хүмүүс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Магок аюулгүй байдлын туршилтын төвтэй танилцсан юм.
Уулзалтаар зайнаас аюулгүй ажиллагааны сургалт явуулах, Монгол улсын онцлогт тохирсон аюулгүй байдлын жишиг лабораторийн төсөл хэрэгжүүлэх хүсэлтийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат тавьсан юм. Тус төвийн зүгээс аюулгүй байдлын жишиг лаборатори байгуулахад хамтран ажиллах боломжтой бөгөөд арга зүйн зөвлөгөө өгч дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Магок аюулгүй байдлын туршилтын төвөөр иргэний хамгаалалтын алба хаагчид, оюутан сурагчид, жирийн иргэд үйлчлүүлэх боломжтой болж байгаа аж. Мөн Анхны тусламж үзүүлэх өрөө, Галын аюулгүй байдлын туршлагын өрөө, Шуурга, үерийн аюулгүй байдлын танхим, Байгалийн гамшгийн аюулгүй байдлын туршлагын өрөөнүүдтэй байх юм.
Comments