Чингэлтэй дүүргийн Монгол Ардын Намын гишүүдийн төлөөлөл өнөөдөр /2024.01.12/ дүүргийн намын хорооны дарга, Улсын их хурлын гишүүн Ж.Сүхбаатарыг дүүргийн намын хорооны даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх шаардлагыг Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий хорооны дарга Б.Баярбаатарт гардуулан өглөө.
Ж.Сүхбаатарыг Чингэлтэй дүүргийн Монгол Ардын Намын хорооны даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх болсон шалтгааны талаар Чингэлтэй дүүргийн Монгол Ардын Намын хорооны гишүүн Б.Ууганбаяр тайлбар хийлээ.
Тэрбээр “Чингэлтэй дүүргийн Монгол Ардын Намын хорооны дарга, УИХ-ын гишүүн, Түгжрэлийн сайд асан Ж. Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга Х.Алтаншагай нар өөрсдийн эрх мэдэл, албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж 2023 оны 9-р сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн хороо тус бүрээс 10 намын гишүүнийг Сүхбаатарын талбайд авчирч хуурамч ярилцлага өгүүлэх ажлыг зохион байгуулж, ногоон автобусыг хуучин гэдгийг мэдсээр байж талбай дээр ирсэн Чингэлтэй дүүргийн Монгол Ардын Намын хорооны гишүүдээр ногоон автобусыг шинэ хэмээн магтуулж улмаар намын гишүүдийн ярьсан яриаг зохион байгуулалттай цахим орчинд тавьсан.
Үүнээс болж намын гишүүд цахим орчинд болон бусад байдлаар маш ихээр доромжлуулж, сэтгэл санаа, нэр хүндээрээ хохирч, түүнд нь гэр бүл, үр хүүхэд нь маш их эмзэглэсэн төдийгүй нийгэмд буруу ойлголт төрүүлж Монгол Ардын Намын нэр хүндэд ноцтой сэв суулгасан.
Тиймээс Ж.Сүхбаатарыг Чингэлтэй дүүргийн Монгол Ардын Намын хорооны даргын үүрэгт ажлаас нь огцруулах, мөн тус үйл ажиллагааг гардан зохион байгуулсан Чингэлтэй дүүргийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга Х.Алтаншагайн одоог хүртэл намын гишүүдээс уучлал гуйгаагүй, намын гишүүдийнхээ итгэл үнэмшилээр улс төрийн тоглоом хийсэн тул Х. Алтаншагайг Чингэлтэй дүүргийн Монгол Ардын Намын хорооны дэд даргаас огцруулах шаардлага өгч байна” гэлээ.
Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар Чингэлтэй дүүргийн Монгол Ардын Намын хорооны гишүүдийн шаардлагын хариуг ажлын тав хоногт багтаан бичгээр өгөхөө мэдэгджээ.
Сэтгэгдэлүүд