Соёлын сайд Ч.Номин Британийн Парламентын Нийтийн танхимын Соёл, дижитал, спортын хорооны дарга Кэйролайн Диненажин болон Сүүдрийн Засгийн газрын Ази-Номохон далайн асуудал хариуцсан сайд Кэтрин Вэст нартай уулзаж, соёлын салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Энэхүү уулзалтын үеэр Соёлын сайд Ч.Номин Монгол Улсын Засгийн газраас соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих талаар баримталж буй бодлогоо танилцуулж, энэ хүрээнд Лондон хотноо “Монгол хаан” жүжиг тоглогдож буй талаар мэдээлэл өгч, цаашид кино урлагийн салбарт хамтран ажиллах нөөц бололцоо байгаа талаар ярилцлаа.
Мөн Лондонгийн Эзэн хааны Урлагийн академитай хамтран Монголын Эзэнт гүрний нөлөөгөөр бий болсон урлагийн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргах асуудал болоод Кэмбрижийн их сургуультай Чингис хаан судлалыг хөгжүүлэх чиглэлээр судлаачдад олгох судалгааны грантыг шинээр бий болгох тухай санамж бичиг байгуулах гэж буй талаараа мэдээллээ.
Түүнчлэн Монгол Улсын Соёлын яамнаас хилийн чанадад хадгалагдаж буй соёлын өвөө буцаан авах, байнгын үзэсгэлэн гаргах болон чанартай хуулбарыг авахаар олон улстай хамтарч ажиллаж буйг дурдаад энэхүү асуудалд Британийн талтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Уулзалтаар яригдсан асуудал болоод соёлын харилцааг хөгжүүлэх чиглэлээр Британийн талаас хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв. Мөн Сайд Кэтрин Монгол Улсад ойрын хугацаанд очихоор төлөвлөж буйгаа мэдээллээ.
Сэтгэгдэлүүд