Төв аймгийн Өндөрширээт суманд энэ сарын 04-05-ныг хүртэл үргэлжилсэн хүчтэй цасан шуурганы улмаас цасны зузаан талдаа 20-30 см, гуу жалгандаа 60-80см хүрсэн байна.
Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас 3 багийн 20 гаруй өрхийн 90 орчим хүн цасанд боогдсон, 2000 орчим бог мал цасанд дарагдаж хорогдсон зэрэг нөхцөл байдал үүссэн гэдгийг ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Баянмөнхөөр ахлуулсан ажлын хэсэгт танилцууллаа.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Төв аймгийн Онцгой байдлын газар, сумын Онцгой комисстой хамтран ажиллаж, өнөөдрийн байдлаар 60 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлж, зам, гарц гаргах зэргээр хариу арга хэмжээ авч ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Comments