Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын IV багийн малчин Г.Өсөхбаяр гэх залуу малдаа явж байгаад ороо нь орсон хавтгайн бууранд бариулж, үхэх шахсан байдаг. Ингэ харамласан хавтгайн бууртай үзэлцэж, адаг сүүлд нь ухаан алдаж унаснаар зэрлэг амьтнаас амь мултарсан түүний бодит түүхийг хуваалцаж байна. “Ус уух хувьтай л байж дээ” гэж өөрийгөө тайтгаруулдаг тэр үед бууранд хазуулаад ухаан алдаад унасан байна лээ. Ямар азаар сэрсэн юм, сэрээгүй бол идэр есийн хүйтэнд хөлдөж үхэх байсан байх. Бас ямар азаар ухаан алдаж унасан юм, эгээгүй хөдлөөд, зугтаад байсан бол амьд мултрахгүй байсан” гэж ярих Г.Өсөхбаяр 23 настай.
-Бие нь давгүй юу. Танай нутгаар хаваржаа хэр байна вэ?
-Бие давгүй дээ, гэрийнхнээ сандаргаж, сандаргаж саяхнаас хөл дээрээ босоод байна. Манай нутагт сайхан өвөл боллоо. Харин чанга хавар болох шинжтэй, хэдхэн хоногийн өмнө их цас орлоо.
-Хавтгайн бууранд бариулсан өдөр юу болсон юм бэ?
-Тэр өдөр ёстой нүд ирмэхийн зуур л үхэлтэй нүүр тулсан. Ер нь ингээд үхлээ л гэж бодсон. Тушаатай хоёр ингэ маань гэрийн гаднаас алга болчихсон юм. Өвөлжөөнийхөө ойролцоо өдөржин хайгаад, нар жаргах үеэр Баянгийн араас барааг нь олж харлаа. Туугаад явах санаатай мотоциклтойгоо гэлдрээд дөхөж явтал хажуугаас яах ийхийн зуургүй л хавтгайн буур гарч ирээд, дээрээс дараад унасан. Сүүдэр газраас гэнэтхэн гарч ирээд, галзуурсан амьтан шиг дайрсан. Би зугуухан явж байсан учраас хааз нэмэх ямар ч боломжгүй байсан. Яах ийхийн зуургүй л хөндлөн дайрч унагаагаад, өөд уруугүй сэгсчиж гарсан. Ёстой аймаар юм байна лээ. Хаашаа л хөдөлнө тэр талаас маань хазаад алах шахаж байгаа юм чинь. Толгой, хөлийн минь арьс, махыг хүү татсан. Биедээ 30 гаруй оёдол тавиулж, хэдэн сар эмнэлгээр явсан. Хүзүүгээ сунгаж байгаад тэр том, ясан шүдээрээ хүнийг амьдаар нь мэрээд, зуугаад, хазаж тавиад байдаг юм байна лээ.
-Яаж амьд гарсан юм бэ?
-Дээлийн бүснээс минь зулгаагаад, нааш, цааш шидчихэж байгаа юм. Нэг шидэгдээд харсан урд талд харгана байхаар нь босоод зугтаасан. Харганын хоёр талд хэчнээн хөөцөлдөж, үзэлцсэн гэж санана. Харгана ёстой миний аминд орсон байх гэж боддог. Хэрэв харгана байгаагүй бол толгойг минь тас татах байсан байх. Харганын мөчир, шороо, гартаа тааралдсан бүгдийгээ аваад шидсэн. Тэр өндөр амьтанд ч юу гэж дөхөж очих вэ дээ. Хүзүүгээ сунгаад улаан галзуу, амнаас нь хөөс сахраад дайраад байсан. Тэгж, тэгж нэг мэдсэн би ухаан алдаад унасан байна лээ. Хөдөлгөөнгүй болчихоор яваад өгдөг амьтан юм уу даа. Харуй бүрий тасарч байхад харганын хажуу ноцолдож байснаа санаж байгаа. Тэгээд л юу ч мэдэхгүй, санахгүй байна. Хэчнээн цаг хэвтсэн юм бүү мэд. Миний бодож байгаагаар хоёр, гурван цаг тэнд үхлүүт хэвтсэн байх. Нэг сэрсэн чинь од түгээд, шөнө болчихсон байсан.
-Гэрийнхэн нь очиж авсан юм уу?
-Тэр өдөр ээж сумын төв яваад гэр эзгүй байсан. Аав бид хоёр байж байгаад би тэмээндээ явсан юм. Аав намайг шөнө дөл болтол ирэхгүй болохоор нь хайсан ч олоогүй гэсэн. Гэнэт ухаан ороод, хөдөлгөөнгүй хэвтэж байснаа мотоцикл руугаа гүйж очоод асаагаад шууд хөдөлсөн. Хэчнээн км цагийн хурдтай явснаа ч санахгүй байна. Нэг мэдэхэд л гэрийнхээ гадаа цусаа гоожуулаад ирсэн байсан. Гэртээ ороод эвхрээд уначихсан гэсэн. Маш хүчтэй өвдөлт мэдэрч, үхэх гэж байгаа юм шиг санагдаад аймшигтай байсан. Маш их хэмжээний цус алдаж, хүн алчихсан юм шиг л байдалтай орж ирсэн гэсэн. Тэгээд гэрийнхэн түргэн дуудаад, эмнэлгийнхэн ирээд аваад явсан. Албаны хүмүүсийг ирэхэд толгойг минь цусаар угаачихсан юм шиг гялтайгаад, нүүр, нүдгүй урссан цус нь хатчихсан байсан гэсэн. Дараа нь авсан зурагнаас нь харахад хүн харахын аргагүй л болсон байна лээ.
-Эмнэлэгт очоод ямар эмчилгээ хийлгэсэн бэ?
-Хамаг цусаа юүлчихсэн байсан гэсэн дээ. Өвөрхангай аймгийн эмнэлэгт нэг хэсэг эмчлүүлж байгаад, сумандаа ирсэн. Цус багадалттай болж, толгой асар их өвддөг болоод байна даа. Толгой өвдөөд намдахгүй болохоор бие тавгүйрхээд, тархи хийгээр дүүрчихээд байгаа юм шиг хэцүү байдаг болсон. Духан дээрээ олон оёдол тавиулсан учраас том сорвитой болсон. Оёдол нь таталдаж эдгээд хэцүүхэн дүр төрхтэй болчихлоо доо.
-Золгүй явдал гарснаас хойш хавтгайн бууртай таарсан уу?
-Манай өвөлжөө хавтгай нутагладаг нутагтай хил залгаа байдаг. Тэрнээс хойш хавтгайн бараа харсан ч холоор явдаг болсон. Уг нь ч ороо нь ороогүй байхдаа яах ч үгүй. Залуу бууранд ингэ олдохгүй айлын тэмээ хураачихаад байдаг бололтой. Өнгөрсөн жил тэр буур ороо нь орсон байх үедээ олон хүн рүү дайрсан гэсэн. Гэхдээ хүн рүү дайраад дийлдэхгүй байхаар нь устгасан гэж сонссон. Алтайн өвөр говийн ойролцоо нутагладаг айлууд нэг, хоёрдугаар сард болгоомжтой л явж байхгүй бол хэцүү. Зэрлэг амьтад тоо толгой нь нэмэгдэх тусам айлтай ойрхон болж, аюулд оруулж байна. Хавтгайн буурны ороо орсон үед зарим айлын хүмүүс гэрээсээ гарч чадахгүй болдог. Гэрийнх нь гадаа ирээд, хэдэн ингийг нь хураачихаад, хөдөлсөн хүн, мал руу дайраад байхаар яаж ч гарах вэ дээ.
ЭХ СУРВАЛЖ: ERGELT.MN
Сэтгэгдэлүүд