нийгэмэнтертаймент

ЖҮЖИГЧИН Т.БИЛЭГЖАРГАЛЫН ЭЭЖ Л.НОРОВОО: ХҮҮД МИНЬ ГЭГЭЭЛЭГ, БААТАРЛАГ, ДУРЛАЛТ ЗАЛУУГИЙН ДҮР ЗОХИДОГ БАЙСАН

0

    Бүтээсэн дүр, гэрэлт царай, гүн харцаараа олны хайрыг татсан авьяаслаг жүжигчин Т.Билэгжаргалын ээж Л.Норовоотой ярилцлаа. Тэрээр 2022 онд зуурдаар нас эцэслэж, Монголын кино урлагийн салбарт төдийгүй энэрэлт ээж, гэр бүлийнхэнд нь нөхөж баршгүй хүнд гарз тохиож байв. Өдгөө ч түүний бүтээсэн дүр, хүнлэг чанар нь монголчуудын зүрх, сэтгэлд хоногшсоор буй. Тэрээр 2004 онд СУИС-ийг төгссөн даруйдаа сурталчилгаа, клип, кино гээд дэлгэцийн урлагийн төрлүүдээр уран бүтээлийн гараагаа эхэлж, “Үр”, “Огтлолцол”, “Сайн уу, Хонгороо”, “Нэг өдрийн дайсан”, “Хөөрхөн шулам”, “Гарал угсаа”, “Франц үнсэлт”, “Ийм нэгэн дурлал” зэрэг 30 гаруй уран сайхны кинонд гол ба туслах дүр бүтээж, уран сайхны хоёр кино найруулж, үзэгчдийн хүртээл болгож чадсанаараа Соёлын тэргүүний ажилтан хэмээх эрхэм хүндтэй цол хүртэж байсан билээ. 

-ХҮҮ МИНЬ БУСДЫН ХАЙРЫГ ТАТСАН, ГЭРЭЛ ЦАЦАРСАН САЙХАН ЗАЛУУ БАЙЛАА-

-Та хүүгийнхээ ямар зан чанараар бахархдаг вэ. Хүү нь жүжигчин болох тухайгаа танд хэрхэн ярьдаг байв?
           -Би хүүгийнхээ өрөвч нинжин сэтгэл, тусархуу хүнлэг чанараар нь үргэлж бахархаж явдаг. Өдөр бүр хүүгийнхээ талаарх сайхан дурсамжийг бусдаас сонсдог. Тухайлбал, “Би танай хүүтэй тэнд таарахад надад тийм хоол авч өгсөн, тэгэхэд надад зайрмаг авч өгч байлаа. Тэр үед надад тийм сайхан үг хэлж байсан” гээд хүмүүс хүүг минь дандаа гэгээлгээр дурсдаг. Хүү минь нөгөө газар байхдаа ч ядруу нэгэнд хоолоо хүртэл өгчихдөг байсан гэсэн. Өөрөөсөө ах, эгч хүмүүсийг дандаа баярлуулж, хүндэлдэг байсан нь түүнийг ямар сэтгэлтэй хүн байсныг илтгэнэ дээ. Заримдаа манай ажил дээр ирчихээд “Ээж ээ, та гутлаа тэр хүнд өгчих өө. Түүний гутал хуучирчихсан байна лээ” гэдэг байсан. Тэгэхээр хүүгээ миний өглөгч, өрөвч, зөөлөн занг дуурайсан юм болов уу гэж боддог.
Бас сайхан сэтгэлтэй хүү байсан болохоор бусдад олзлогдсон байх. 
       Хүү минь нийслэлийн 24 дүгээр сургуулийг төгссөн. Есдүгээр ангиасаа дуу, хөгжим сонсох дуртай, дуулах, бүжиглэх сонирхолтой болсон. Хүүгээ ямар мэргэжилтэй болох талаар нь асууж амжаагүй байтал нэг өдөр “Ээж ээ, би жүжигчин болмоор байна” гээд л ороод ирсэн. Тухайн үед би хүүгийнхээ хүсэл, мөрөөдлийг дуртай хүлээн зөвшөөрч, СУИС-д орохыг нь дэмжсэн. Тэгээд 2004 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сугар найруулагчийн шавь болсон. Хүү минь СУИС-д ороод удаагүй байхдаа л жүжигчнээрээ ажиллаж эхэлсэн. Дээр үед улсын зөвшөөрөл, төлөвлөгөөгөөр кино хийдэг байлаа. Харин 2000 он гарснаас хойш “Тэнгис” кино театрыг түшиглэсэн залуучууд арилжааны кино хийж эхэлсэн. Анхны кинонд хүү минь ангийнхаа С.Тэмүүжин, Г.Алтаншагай, Б.Баярмаа нартай шалгарч, анхны арилжааны киног хийж байв. Хүүд минь дандаа баян айлын хүү, сайхан залуугийн дүр оногддог байсан нь түүнийг ямар стильтэй залуу болохыг  илүү тод илтгэдэг байж дээ. Тийм болохоор тэр дандаа гэгээлэг, баатарлаг, гоёмсог, дурлалт залуугийн дүр бүтээсэн. Тэр дүрүүд нь ч өөрт нь  мөн ч сайхан зохидог байж билээ. Тухайлбал, “Луйврын хот”, “Франц үнсэлт”, “Гарал угсаа”, “Сүүлчийн шөнө” зэрэг кинонд бүтээсэн дүрийг нь онцолж хэлмээр байна. Тухайлбал, ахмад үеийн театрын жүжигчид болох “Хөхөө гэрлэх дөхлөө” киноны Б.Дашдаваа, З.Жарантав гээд сайхан залуу байлаа. Тэднийг үзэх гэж хүүхнүүд театрт очдог байсан. Н.Сувд, Б.Цэрэнпагма гээд үе үеийн сайхан хүүхнүүдийг үзэх гэж эрчүүд театрыг зорьдог байлаа шүү дээ. Хүү минь яг тэдний адил кино урлагийн салбарт тодоос тод гялалзсан “од” нь байсан. Хүү минь их сургуулиа төгсөх жилээ дипломынхоо ажлыг жүжигчин, дуучин Г.Анхмаатай У.Шекспирын “Ромео, Жульетта”-аар хамгаалж байсныг уншигчид мэдэх байх.
-Хүү нь багадаа ямар авьяастай байсан бэ. Таны удамд урлагийн авьяастай хүн бий юү?
              -Хүү минь багадаа шүлэг уншдаг, дуулдаг, бүжиглэдэг, бөмбөр тоглодог, зохион бичлэгтээ сайн, бусдыгаа удирдан, манлайлах чадвартай авьяаслаг хүүхдүүдийн нэг байсан. Харин охин минь даруу төлөв зантай, бодлоготой ярьдаг. Миний удамд урлагийн авьяастай хүн байгаагүй. Харин хувцас сайхан оёдог уран хүмүүс бол байсан. Аав минь тухайн үеийн сэхээтнүүдийн нэг нягтлан хүн байлаа. Би 10 жилийн сургуулийн сурагч байхдаа хүү шигээ бүжиглэдэг, дуулдаг, шүлэг уншдаг хүүхэд байсан юм. Тэгээд Монгол Улсын дээд сургуулийг инженер, эдийн засагч мэргэжлээр төгсөж, Хөрөнгийн биржийн анхны эмэгтэй теллер болж байв. Хөрөнгийн биржид зургаан жил ажиллаад, инженер мэргэжлээрээ ажилласан даа.
-Та хүүгээ хэрхэн эрхлүүлж бас хүмүүжүүлсэн бэ?
      -Бид бие биеэ их эрхлүүлдэг байсан. Энэтхэг, Бангкок, Хятад, Бээжин, Солонгос руу амарч, зугаалахаар олон удаа хамт явж байлаа. Хүү минь аялах дуртай болохоор бид дандаа хамт явдаг байсан нь тэр. Хүү минь автомашин сонирхдог болохоор түүнд сүүлийн загварын автомашин бүрийг авч өгч эрхлүүлдэг байж дээ. Ээж нь юм болохоор бусдын адил үг хэлж, ухааруулах үе байсан.
-Хүү нь мөрөөдөлдөө хүрч чадсан болов уу. Түүний уран бүтээлийн мөрөөдөл нь юу байсан бэ?
      -Хүү минь холливудын од болохыг мөрөөддөг байсан. “Киноныхоо бүх бичлэгийг авч яваад, гадаадынхантай кино хийж, холливудын жүжигчин болно” гэж ярьдаг байлаа. Даанч хүү минь ахархан настай байсан болохоор Монголдоо хийх ёстой ажлаа богино хугацаанд хийж дуусгасан байх гэж боддог. Тэр минь Монголын топ 10 залуугийн нэг байсан. Хүүгээ оюутан байхад оройтохоор нь санаа зовно. Тэгээд аавыг нь дагуулаад сургууль дээр нь очиход тоглолтынхоо бэлтгэлийг хийгээд л байж  байдаг сан. Тийм л энхрий мөртлөө хичээл зүтгэлтэй хүү юм шүү дээ. Тэдэнтэйгээ өнгөрүүлсэн дурсамжаа эргээд бодоход сайхан байна шүү.
-Хүүгээ анх тайзан дээрээс харахад ямар санагдаж байв. Бэлтгэлээ хийж байхыг нь харахдаа хүртэл баярладаг байсан биз дээ?
     -Хүүгээ тайзан дээр байхыг нь хараад “Яаж тоглож байна вэ, жүжигчний авьяас байна уу, үгүй юү” гэж сонирхдог байсан. Мэргэжлийн багш нар нь хүүг минь хүмүүжүүлж, жүжиглэх авьяасыг нь нээсэн нь гарцаагүй. Тэр маш мэдрэмжтэй, үзсэн киногоо түүхтэй нь ярьж өгдөг мэргэжилдээ үнэнч, дуртай хүүхэд байсан. Богинохон настай байсан болохоор уран бүтээлээ хийх гэж, амжуулах гэж яараад байсан юм шиг санагддаг.
Таны хүүгийн аав ямар мэргэжилтэй хүн байсан бэ. Хүү нь аавынхаа ямар зан, чанарыг дуурайсан юм бол?
       -Хүүгийн минь аав цэргийн сайхан залуу байсан. Тэр аавынхаа цэвэрч, нямбай чанарыг дуурайсан болоод ч тэр үү их ганган, сайхан хувцасладаг, сайхан инээмсэглэдэг хүү байсан. Би одоо ч хүүгийнхээ хувцсыг хадгалдаг юм. Хүүтэйгээ хамт хөдөө явахаар нөмөр нөөлөгтэй гэж жигтэйхэн. Түүнд мэдэхгүй чадахгүй юм гэж үгүй. Хүүгийн минь нүд, царай цаанаасаа л гэрэлтдэг, бусдын хайрыг татсан, гэрэл цацарсан сайхан залуу байлаа. Би хүүгээ гэр бүлийнхэнтэйгээ хамт хэлмэгдсэн гэж боддог. Хүүгийнхээ амийг хэн нэгнээс нэхээгүй учраас хохирогч байхгүй, хүүг минь ихээр хорлосон мөртлөө хэрэгтэн нь байхгүй. Гэхдээ хүүд минь тухайн үед хамт байсан хүмүүс нь яагаад туслаагүй юм бол гэж харамсаж, хүүгээ атаа жөтөөний  бай, нийгмийн золиос болсон гэж харуусдаг. Тэр Америкт амьдрах хүсэлтээ өгөх гэсэн боловч коронавирусийн халдвар гараад чадаагүй байсан юм. Би хүүдээ гомдож байгаагүй. Хүүгийн минь үргэлжлэл болсон 10 настай хөөрхөн охин бий болохоор заримдаа сэтгэл тайвширдаг.
-Хүүгийнхээ зураг, уран бүтээлийг үзэж санасан сэтгэлээ нимгэлдэг байх. Гэхдээ таныг хамгийн хүчирхэг ээжүүдийн нэг гэж бодлоо? 
       -Хүү минь сүүлд зүүдэнд ирэхдээ бензны түлхүүр, Америк явах виз өгсөн. Удалгүй миний ажил хурдан бүтэж, хүүхдүүдтэйгээ Америкаар аялж, бенз унаж байгаад ирсэн. Хүүгээ бодохгүй өдөр, санахгүй шөнө гэж үгүй шүү дээ. Өнөөдрийг хүртэл хүүгээ санаж, сормуусаа унаж дуустал уйлсан. Их уйлахаар сормуус унаад дуусчихдаг юм билээ. Хүүгээ алдсан хүн зовохгүй байна гэж юу байх вэ. Гэхдээ би зовж, шаналж байгаагаа хэнд ч хэлэхийг хүсдэггүй. Хүүгийнхээ бүтээлүүдийг үзэж, ямар их авьяастай байсныг нь биширч, бахархдаг даа.
-Таны хүүгийн гэгээн дурсгалд зориулж найз нь “Peace” хэмээх дуу хийсэн байна лээ?
     -Хүүгийн минь найз жүжигчин Б.Алтанцоож, Н.Ганхүлэг нар Т.Билгүүн, Ц.Ганбаяр, хүү гуравт минь зориулж,
“Хун цагаан үүлнээс хур болон дуслаарай
Алтан нарны туяатай хамт тусаарай
Зургийн цомогт минь инээмсэглэн амьдраарай
Дурсамж дуунд минь надтай хамт үлдээрэй
Зуун жил болсон ч дэлгэцэнд та мөнх хэвээр
Зун шиг үргэлж та залуугаараа үүрд хэвээр” хэмээх дуу бүтээсэн байна лээ. Хүүг минь уран бүтээлээрээ мөнхөлж чадсан залууст баярлаж сууна.
ЭХ СУРВАЛЖ: ЭРГЭЛТ.МН

 

Н.Номтойбаяр: Би Оксфордын их сургуульд сурч байгаа. Одоохондоо юун улс төр

Өмнөх нийтлэл

Зорчигчдын хувьд ямар нэгэн гэмтэл аваагүй, усанд унасныхаа дараагаар бүгд инээлдээд гараад ирсэн

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм