нийгэм

ТАЛИЙГААЧ ОХИНЫ ААВ:Миний зовлонгоор жаргал битгий хийгээрэй. Миний жаахан охиныг босгоод ирээч дээ, гуйж байна. Хэрэв тэгж чадахгүй бол би хэнд ч, юу ч хэлж чадахгүй

0
Долоон настай охиныг хүчирхийлж, хөнөөсөн аймшигт хэрэг гараад байна. Тэр бүү хэл охиныг хүйчирхийлж, амийг нь хөнөөгөөд, цогцсыг нь эзэнгүй айлын нүхэн жорлонд хаясан нь олон нийтийг айдаст автуулаад байгаа юм. Бага насны хүүхэдтэй холбоотой уг хэргийг бид сэрэмжлүүлэх үүднээс сурвалжиллаа. Иймд эцэг, эхчүүд та бүхнийг бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж, зөвлөж байна…

ЦЕГ: ДОЛООН НАСТАЙ ОХИНЫГ ХҮЧИРХИЙЛСЭН 21 НАСТАЙ ЭРЭГТЭЙГ БАРИВЧИЛСАН

Уг хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс өгсөн мэдээллээр “Манай  00-д  5-6  орчим  насны нүцгэн бололтой хүүхэд алаад хийчихсэн байна” гэсэн мэдээлэл тавдугаар сарын 28-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад долоон настай эмэгтэй хүүхдийг 21 настай эрэгтэй хүчирхийлж, улмаар амийг нь хохироогоод айлын жорлонд хийж, хэргийн газраас зугтаасныг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, тухайн этгээдийг баривчлан цагдан хорьж, шалгалтын ажиллагааг явуулж байна” гэсэн юм.

ОБЕГ: ОХИНЫ ЦОГЦСЫГ НЭГ МЕТРИЙН ГҮНТЭЙ ЖОРЛОНГООС ГАРГАСАН

ОХИНЫ ЦОГЦСЫГ ХАЯСЭН ЖОРЛОНГ БУУЛГАЖЭЭ. 2023.05.29-ИЙ 17:00 ЦАГ. БАЯНГОЛ ДҮҮРЭГ 10 ДУГААР ХОРОО, ЗҮҮН НАРАНГИЙН ГУДАМЖ. Харин охины цогцсыг нүхэн жорлонгоос гаргаж өгөхийг хүссэн дуудлага Онцгой байдлын газарт иржээ. Тодруулбал, Нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хорооны Зүүн нарангийн 10 дугаар гудамжинд бага насны хүүхэд нүхэн жорлонд унасан тухай дуудлагыг тавдугаар сарын 28-ны 11:18 цагт Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Б /8 настай, эмэгтэй/ нь нэг метрийн гүнтэй нүхэн жорлонд унаж нас барсан тул цогцсыг тус дүүрэг дэхь Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн гаргасан байсан.

ТАЛИЙГААЧ ОХИНЫХ ТҮРЭЭСИЙН ХАШААНД НҮҮЖ ИРЭЭД ГУРАВ ХОНОЖ БАЙЖЭЭ

Бид уг мэдээллийн мөрөөр хэрэг болсон газрыг зорилоо. Талийгаач охиных Баянгол дүүргийн аравдугаар хороонд амьдардаг. Охиных нүүж ирээд удаагүй байжээ. Тодруулбал, түрээсийн хашаанд нүүж ирээд 3-4 хонож байсан Хороондоо түр оршин суух үртгэл хийлгэж амжаагүй байжээ. Талийгаач охины талаар Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нийгмийн ажилтнаас тодруулахад “Аймшигт хэрэг гараад манай хорооныхон болон ойр орчмын айлууд нь айдастай байна. Цагдаагийн байгууллага уг хэргийг шалгаж байгаа учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Биднийг мэдээлэл өгөхийг хориглож, гарын үсэг зуруулсан байгаа. Талийгаач охин болон гэр бүлийнх нь хүмүүс хороонд бүртгэлгүй байсан. Нүүж ирээд хэдхэн хонож байсан юм байна лээ. Бараг гэрээ барьсан өдөр нь л ийм хэрэг гарсан байж болзошгүй. Түрээсийн хашаанд нүүж ирсэн гэдэг мэдээлэл авсан. Тийм учраас хороонд бүртгэл хийлгэж амжаагүй. Өөрөөр хэлбэл, талийгаач охины мэдээлэл манай хороонд байхгүй. Манай хяналтад байгаагүй гэсэн үг” гэлээ.

ТАЛИЙГААЧ ОХИНЫ ЦОГЦСЫГ ГЭРЭЭС НЬ ХОЛГҮЙ БАЙРЛАХ ЖОРЛОНГООС ОЛЖЭЭ

Уг хэрэг тавдугаар сарын 26-27 шилжих шөнө болсон. Охины цогцсыг нэг хоногийн дараа олсон гэх. Биднийг очиход талийгаач охины цогцос олдсон гэх нүхэн жорлонг буулгаж, ариутгал хийсэн байлаа. Тус хашаанд байрлах байшин эзгүй, цоожтой байсан юм. Уг айл жаахан хүүхэдтэй бөгөөд заримдаа хүнтэй, заримдаа эзгүй байдаг гэнэ. Хэрэг гарах үеэр эзгүй байжээ. Хөрш айлын залуу “Өнгөрсөн амралтын өдрүүдээр цагдаа, онцгой, хүүхэд хамгаалал, эмнэлгийн багийнхан манай энэ хэсэгт ажилласан. 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг  зам хааж, хүн нэвтрүүлэхгүйгээр ажиллагаа хийсэн. Хэрэг гарах үед энэ айл эзгүй байсан юм байна лээ. Тэгээд ажилдаа яваад гэртээ ирэхэд нь ийм хэрэг болсон байсан гэсэн. Гэхдээ хэргийн тухай дуудлагыг урд айлын хүн цагдаагийн байгууллагад өгсөн гэсэн. Цагдаа болон холбогдох албаныхан охиныг цогцсыг зөөвөрлөж байгааг харсан. Айлын хашааг буулгаад, онцгойгийн машинд хийсэн. Түргэн тусламж хүргэх ямар ч боломжгүй бөгөөд хэдийнэ амьсгал хураасан юм шиг байна лээ. Охины гэр хэрэг болсон газраас нэг хашааны цаана. Ердөө урд талынх нь хашаа гэсэн үг. Хоёр өдөр хүн явах зайгүй л машин манай гудманд байлаа. Өнөөдөр (өчигдөр 17:00 цагийн үед)л багасаж, талийгаач охины ах, дүү нарын машин үлдэх шиг боллоо” гэлээ.

ОХИНЫГ ХҮЧИРХИЙЛЖ, ЦОГЦСЫГ НЬ ХҮН ХАРАХЫН АРГАГҮЙ БОЛГОСОН БАЙЖЭЭ

Талийгаач охины цогцсыг шүүх шинжилгээний хүрээлэн рүү шилжүүлжээ. Цогцсонд хийсэн шүүх шинжилгээний дүгнэлт 21 хоногийн дараа гарна. Охиныг нүцгэлж, биеийн эмзэг хэсэг болон хэвлий, нь их хэмжээний цусанд будагдаж, хүн харахын эцэсгүй болгоод нүхэн жорлонд хаясан байсан гэх. Холбогдох албаныхан охиныг нүүр царай, үсээр нь ар гэрийнхэнд нь таниулах ажиллагаа явуулжээ. Урьдчилсан байдлаар хүчирхийлж, амьсгалыг нь боож, амийг нь хөнөөсөн болох нь тогтоогдоод байгаа гэнэ.

ТАЛИЙГААЧ ОХИНЫ ААВ, ЭЭЖ: БИДЭНД МАШ ХЭЦҮҮ БАЙНА

Бид хэрэг болсон хашаанаас холгүй байх охины гэрт очлоо. Талийгаачийн буяны ажилд ах, дүү нар нь цугласан байв. Хашааны хаалган дээр дөрөв орчим насны хүүтэй хамт охины аав сууж байлаа. Тэрбээр “Миний зовлонгоор жаргал битгий хийгээрэй. Миний жаахан охиныг босгоод ирээч дээ, гуйж байна. Хэрэв тэгж чадахгүй бол би хэнд ч, юу ч хэлж чадахгүй. Нялх охиноо алдсан бидэнд үнэхээр хэцүү байна. Итгэх ч арга алга” хэмээн уйлав. Харин охины ээж “Бид ямар нэгэн байдлаар мэдээлэл өгөхгүй. Цагдаагийн байгууллагаас хэргийн талаар асуусан нь зүйтэй. Бүх зүйл нь тодорхой байгаа байлгүй дээ. Мэдээллийг нь бүгдийг нь авсан байгаа. Манай гэр бүлийнхэнд маш хэцүү байна” хэмээлээ.

ГЭМТ ХЭРЭГТЭН А ТАЛИЙГААЧ ОХИНЫ ТӨРСӨН АХЫНХ НЬ НАЙЗ БАЙЖЭЭ

Хоёрдугаар ангийн сурагч охиныг онц хэрцгийгээр хөнөөж, хэргийн газраас зугтсан гэмт хэрэгтэн А гэж хэн бэ. Тэрбээр 21 настай, хэдхэн сарын өмнө хорих ангиас суллагджээ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 17.2.1 буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж, ял эдэлж байжээ. 17.2 дугаар зүйл.Дээрэмдэх 1.Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр “Гэмт хэрэгтэн талийгаач охины төрсөн ахынх нь найз. Хэрэг гардаг өдөр шинэ хашаанд нүүж ирлээ гээд хамт уусан юм шиг байна лээ. Тэгээд л ийм аймшигтай хэрэг болсон гэсэн. Ахынх нь найз учраас өмнө нь гэрээр нь орж, гарч байсан” гэлээ.

ГЭМТ ХЭРЭГТЭН А-Г ХАЙЛААСТААС БАРИВЧИЛЖЭЭ

Бага насны хүүхдийг хүчирхийлж, амийг нь хохироогоод зугтаасан гэмт хэрэгтэн А-г Чингэлтэй дүүрэг, Хайлааст орчмоос баривчилжээ. Гэмт хэрэгтэн А хамаатны ахындаа орогнож байсан бөгөөд цагдаагийн албан хаагчид шуурхай илрүүлж, баривчилсан байна ERGELT.MN

Трансжендер Сокогийн ЦЭЭЖ НҮЦГЭН гоёл

Өмнөх нийтлэл

Ц.Бат инженер “Шилэн” Цогоог С.Батдөлийн 7.3 тэрбумын жинхэнэ эзнийг мэднэ гэжээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм