Б.Мөнхбаясгалан: Соёлын сайд Соёлын сайд мөн үү
Соёлын сайд Ч.Номин гэж бүсгүй байх. Гадаадад дээд мэргэжил эзэмшсэн, англиар ярьдаг, брэндээр гангардаг, мөнгөтэй. Баян нөлөөтэй аавтай юу аавтай. Бүсгүй Англи улсад эдийн засагч мэргэжил эзэмшээд аавынхаа Гацуурт компанийн Тэрэлж дахь зочид буудлынх нь менежер хийж байсан. Чинбат гуай улс төрд амбицтай охиноо бодоод HD Монгол гэдэг телевиз байгуулж өгснөөр телевизийн захирал болсон түүхтэй.
Энэ телевизийн түүх ч нэрнээсээ авахуулаад асуудалтай. Гагцхүү мөнгөөр л Монгол (Монголын үндэсний телевиз байсаар байхад шүү…)гэдэг нэр авч чадах нь ойлгомжтой. IPTV д шууд Үндэсний телевизийн дараа их мөнгө төлж орсон ( мэдээж энэ шударга биш үйлдэл ). Ч.Номингийн Монгол телевиз гадны томоохон шоунуудыг (Авьяслаг монголчууд, Войс , Шарк танк ) мэдээж мөнгийг нь төлөөд авсан. Энэ утгаараа монголын үзэгчдийг үзэх юмтай болгосон нь үнэн.
Харин энэ бүхэн Ч.Номин бүсгүйг Монгол улсын соёлын сайд хийж чадна гэдгийг батлах хэмжээний намтар мөн үү. Тэр соёл уламжлалаа мэдэх үү. Брэнд хувцаснуудыг сүрхий зохицуулж өмсдөгөөр нь Монголын соёлыг хэмжих үү. Гадны өндөр үнэтэй шоунуудыг мөнгө төлж авснаар нь Монгол улсыг мөнхөд авч үлдэх биет болон биет бус соёлын өвийг хамгаалж чадна гэж итгэх үү. Тэр түүхээ мэдэх үү. Ёс заншлаа ойлгодог уу… Соёлын сайд Чойжин ламын музейг ер нь үзсэн болов уу. Ямар учиртай яаж байгууллагдсан Монголын түүхэнд ямар үүрэг гүйцэтгэсэн, 700 гаруй сүм хийдээ устган шатааж байсан аймшигт цаг үед ч энэ сүмийг хэрхэн авч үлдсэнийг тэр мэдэх үү. Тэр даанч мэдэхгүй л дээ. Тийм болоод л Чойжин ламын сүм музейн газар руу халдаж байшин барьж болно гэж бодож чадаж байна. Түүний нүд, сэтгэлд энэ сүм бол хоцрогдсон бүдүүлэг нураачихмаар санагдаж байгаа. Нурааж хаяад оронд нь том зочид буудал барихаар сэтгэж байж мэдэх юм. Хэрэв үгүй бол сайн л байна. Түүний хэлж буй үг , гаргаж хандлага нь зөрүүтэй тул үүнийг бичиж сууна. Энэ музейг зочид буудлын менежер Ч.Номин байтугай маршал Х.Чойбалсан хамгаалж үлдээсэн түүх соёлын үнэлж баршгүй өв билээ.
Тэр ер нь музей үздэг болов уу. Тэр Монголынхоо үндэстэн ястнуудын онцлогийг мэдэх үү. Баяд, торгууд, дөрвөд, урианхай, сартуул , захчин түмнээ ялгах уу. Морин хуур, аман хуур, экэл, хун хуур, уянгат домборынхоо аялгууг сонссон болов уу. Ядаж Монголынхоо орчин цагийн урлагийг мэддэг болов уу. 1990 оноос хойшхи түүхээ хальт ч болтугай уншсан байгаасай. Монгол бичгээрээ ядаж гарын үсгээ зурж чадах уу. Нууц товчоо гэж сонссон болов уу…Түүхийн мэдлэг нь хэр бол…ном уншдаг болов уу. Соёлын сайдыг би энэ талдаа бараг мэдлэггүй гэж бодох юм. Ингээд бодохоор Соёлын сайд маань яг Соёлын сайд мөн үү. Ээ дээ, мөн эргэлзээтэй шүү. Мөнгөнөөс өөр гайхуулах юмгүй нүцгэн бүсгүй бүү байгаасай л гэж залбирахаас. Баян хүний эрх охин сайд ч болж болдог Монгол улсын сэтгүүлч би өөр яах ч билээ.
сэтгүүлч Б.Мөнхбаясгалан
Сэтгэгдэлүүд