Б.Хурцын эхнэр Ү.Сарнай: “Хурц ажиллагаа”-ны ээлжит бай нь манай гэр бүл
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын эхнэр Ү.Сарнай өөрийн сошиал хуудаснаа дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр,
“Хурц ажиллагаа”-ны зорилтот, бас ээлжит бай нь
МАНАЙ ГЭР БҮЛ, БИЗНЕС…
Дахиад л дайралт… Энэ удаагийн зорилтот, зохион байгуулалттай, захиалгат улс төр, шантааж зүйн гол чиглэл нь Б.Хурц ба түүний гэр бүл, үр хүүхдүүд, бизнес гэдэг нь тун тодорхой харагдаж байна. Чиглэл хаанаас өгч байна вэ гэдэг ч ойлгомжтой. Тийм учраас энэ гэр бүлийн нэгэн тулах багана, айл гэрийн эзэгтэй, эх хүн, Монголын бизнесийн салбарт 35 жил тасралтгүй зүтгэж яваа хүний хувьд Үндсэн хуулийн дагуу үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэхээр шийдлээ. Нэг зүйлийг онцлоход, бид хэнийг ч буруутгахгүй, хэнтэй ч сөргөөцөлдөхгүй, цаад эздээсээ чиглэл авч манай гэр бүл рүү өдөр, шөнөгүй ноцож буй хүмүүсийн амыг таглах гэж “Хаалтын гэрээ” хийхгүй, харин банкнаас авсан зээлээ графикийн дагуу төлж байгаагаа үүгээр мэдэгдье. Ингээд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон олон нийтийн сүлжээгээр манай хүн Б.Хурц болон гэр бүлтэй холбоотой гарсан мэдээллүүдийн талаар хариу тайлбар хийж байна.
“Б.Хурц Хөгжлийн банкнаас авсан зээлийнхээ 300 сая төгрөгийг эхнэрийнхээ компани руу шилжүүлчихжээ” гэдэг талаар…
Манай хүн нисэхийн салбарт үнэнхүү хайртай. Тийм ч учраас хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж, дурлаж орсон бизнесийн салбар нь иргэний агаарын тээвэр. “Изинис эйрвэйз”-ийн тухайд, улс орны эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж, төр засгаас төдий л анхаарч их хэмжээний хөрөнгө оруулалт хийх боломжгүй иргэний агаарын тээврийн салбарт хувийн хэвшил бүх эрсдэлээ өөрөө 100 хувь даагаад хөрөнгө оруулсан юм. Яг үнэндээ манай хүн энэ салбарт хувь нэмрээ оруулж, Монгол Улсын иргэний агаарын тээврийг олон улсын стандартад нийцэхүйц болгож хөгжүүлэхийн тулд амь, амьдралаараа дэнчин тавьсан. Улс төрийн зорилгоор байж болох бүх аргаар хяхаж хавчиж байгаа ч манай гэр бүлийн зүгээс бүх үл хөдлөх хөрөнгөө банкны барьцаанд тавьж, эрсдэлийг өөрсдөө үүрцгээсэн “ХУРЦ ТӨСӨЛ” гэвэл “Изинис Эйрвэйз” мөн. “Изинис Эйрвэйз”-ээс гадна “Гранд степ”, “СарнайХ” банкны зээлтэй. Зээлийн барьцаанд мөн л үл хөдлөх хөрөнгөө тавьсан. Монгол гэлтгүй бусад оронд ч том, жижиггүй л их, бага хэмжээний зээл авч, аж амьдрал, бизнестээ нэмэрлэдэг шүү дээ. Тэр жишгээр бид Хөгжлийн банкнаас зээл авсан. “Изинис Эйрвэйз” хэмээх иргэний агаарын тээврийн том төслийг хэрэгжүүлэхийн тулд тус банкнаас их хэмжээний зээл авсан. Харин тэрхүү зээлд сайн барьцаа тавихын тулд Хөгжлийн банкнаас авсан зээлийнхээ 300 сая төгрөгийг “СарнайХ” руу шилжүүлж жижиг үлэгдэлийн барагдуулж нэг ёсондоо, “СарнайХ” банкны барьцаанд тавьсан байсан сайн барьцааг суллах гэж тэр. Түүнээс биш манай хүн Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авангуутаа надад 300 саяыг бэлэглэчихсэн хэрэг огт биш. Бизнес эрхлэгчид маань үүнийг сайн ойлгох байх аа.
“Өрөө төл, хулгайч гэр бүл” гэх доромжлолын хариуд
Манай хүн ТЕГ-ын даргын ажлаа өгснөөс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Одоо бол жирийн иргэн. Гэсэн ч манай хүнээр улс төр оролдсоор байх бололтой. Бидэн рүү өдөр, шөнөгүй ноцох хүмүүсийг хөлсөлсөн эрх мэдэлтнүүд жирийн иргэн Б.Хурцаас юунд ингэтлээ айж, сандарна вэ. Гэвч бидэнд энэ огт сонин биш. Хувь тавилангийн сорилт гэмээр энэ адармаатай, халгамаар, аймаар замыг манай хүн Б.Хурц туулаад гарчихсан. 20 гаруй жил шүү! Тийм учраас нэг их цочоод цочирдоод байх зүйл алга. Хууль хяналтынхан, татварынхан гээд манай компанийг өнгөрсөн хугацаанд хангалттай шалгаж, мөрдөж мөшгисөн. Тэгээд ч элдэв “но” олж чадаагүй. Манай хүнээс гадна над дээр хүртэл хуулийнхан гүйцэтгэх ажиллагаа явуулж байсныг энд хэльчихье. Энэ болгонд бид гомдоллож, улс төр хийж яваагүй юм шүү. Харин эцэг өвгөдийн маань ясыг өндөлзүүлж, үр хүүхэд, бизнесийн нэр хүндэд халдаж байгааг би л лав тэвчихгүй. Ингэхэд манай гэр бүлийн амьдрал, бизнесийг биднээс илүү мэдээд банкнаас авсан зээлд санаа зовсон царайлж, шударга дүр эсгэж буй хүмүүс өөрсдөө энэ улс орны хөгжлийн төлөө яг юу хийж бүтээсэн бэ, тэд улсад хэдэн төгрөгийн татвар төлдөг юм бол?! Манай хүн бид хоёр хар багаасаа ханилж, энэ амьдралыг хамтдаа босгож, 90-ээд оны хүнд үед хувийн бизнес босгох гэж багагүй бэрхшээлийг туулсан. Хэдийгээр би өвөө, эмээ, аавдаа эрхэлж өссөн ч амьдралын хар ухаанд багаасаа суралцсан. Зүгээр сууж чаддаггүй, 16, 17 настай байхдаа хувцсаа өөрөө оёод өмсчихдөг охин байлаа. Гэрлэснийхээ дараа ч мөн адил… Манай хүн надад янз бүрийн даавуу авч өгнө, түүгээр нь би шөнөжин суугаад хослол оёж тухайн үед 500 төгрөгөөр зардаг байсан. Долоо хоногтоо лав 3-4 хослол хийгээд зарчихдаг “Үндэсний гоёл”нэртэй хоршоо гээд бас тамга тэмдэгэй болоогүй Өөр нэг “детектив” дурсамж гэвэл манай хүн Германаас машин оруулж ирж борлуулдаг байхад хамаатных нь бүсгүй бид хоёр Улаан-Үд рүү нисч очоод тэндээсээ Улаанбаатар руу тэр машиныг нь унаж ирж байсан удаатай. Шилжилтийн үеийн хүнд хэцүү цагт хүмүүс бизнесээ хөл дээр нь босгох гэж яаж зүтгэдэг байсан билээ, яг л тэр замыг манай хүн бид хоёр туулсан. Монголын анхны вакум цонхны үйлдвэр болох “Монпол”цонхыг 1999 онд байгуулж, Германы цонхны KBE брэндийг оруулж ирж байв. Тэгэхэд би өөрөө явж айл өрх, байгууллагуудын цонхны хэмжээг авч тайлбарлаж таниулж байсан. Манай хийсэн цонх одоо ч ямарч асуудалгүй айлуулад байж л байгаа. Харин “СарнайХ”-ыг 2000 онд байгуулсан түүхтэй. Энэ олон жилийн хугацаанд барилга барьж, айл гэрийн засвар, интерьер дизайн гаргаж өгч, дэлгүүр, салон ажлуулж, амьд цэцгийн урлан байгуулж, гацүүр мод засах ширээ засах гэх мэт тоолж барашгүй их ажил хийж явжээ Өөрөөр хэлбэл, манай хүн бид хоёрт, ер нь манай гэр бүлд хулгайч сэтгэхүй, “Хулгай хийгээд баяжчих юмсан” гэх сэтгэхүй огт байхгүй. Бидний хүмүүжил, төлөвшил, үгсийн санд тэр тухай ойлголт, тийм үг байхгүй. Төдийгөөс өдий хүртэл өдөр, шөнөгүй хөдөлмөрлөж, өдгөө ч олон бүтээлч ажлуудыг санаачлан хийсээр яваа хүмүүс бол МАНАЙ ГЭР БҮЛ. Манай СарнайХ бол жижиг аж ахуйн нэгж, 80 ажлын байртай гэхэд суулийн 10 жил Татварт 4 тэрбум төг төвлөруулсэн байна.
Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авчихжээ” гэж адлаад буй “нөгөө муу” “Изинис Эйрвэйз” ХХК маань л гэхэд өнгөрсөн хугацаанд зөвхөн нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ-т 4 тэрбум төгрөг төлсөн. Хүмүүнлэг үйлс, нийгмийн хариуцлагын хүрээнд бид олон ажлыг зохион байгуулж, хүмүүст тусламжийн гараа сунгадаг ч тэр болгоныг олон нийтэд зарлахыг урьтал болгодоггүй. “Изинис Эйрвэйз” бол ХӨГЖЛИЙН ТӨСӨЛ мөн. Тийм ч учраас манай хүн бүх эрсдэлийг өөртөө үүрэн Хөгжлийн банкнаас зээл авч, Монголын иргэний агаарын тээврийн салбарт хөрөнгө оруулалт хийж, өнөөдрийн байдлаар 200 орчим нарийн мэргэжлийн боловсон хүчнийг ажлын байраар хангаж, суралцсан мэргэжлээрээ өсч дэвших боломжийг олон залууст олгож байна. Хэдийгээр манай хүн хамаг муу муухай нэрийг зүүж, бараг л энэ нийгмийн хамгийн том дайсан мэт болоод байгаа ч “Изинис Эйрвэйз” ХХК-ийг маш сайн түүхтэй компани болгож чадсан. Үүнийг би бардам хэлнэ. Олон хүнийг ажлын байраар хангаж, улсдаа их хэмжээний татвар төлөхийн зэрэгцээ онгоцоо өөрсдөө засварладаг нь “Изинис Эйрвэйз”-ийн хувьд маш сайн үзүүлэлт. Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын дагуу зарцуулж агаарын хөлөг авахад зарцуулсан, барьцаа хөрөнгийн зөрчил байхгүй, зээлийн хугацаа дуусаагүй. Харин Монголын гэлтгүй олон улсын бизнесийн салбарт тулгарсан давагдашгүй хүчин зүйл болох цар тахлын улмаас тэг зогсолтод орж байсан удаа бий. Тийм учраас Хөгжлийн банкнаас авсан зээлийн эргэн төлөх хугацааг үйл ажиллагаа сэргэх хүртэлх хугацаатай уялдуулан өөрчлөх хүсэлтийг тус банкинд гаргаж байлаа. Хөгжлийн банкныхан ч иргэний агаарын тээврийн салбарт бизнес эрхлэхийн онцлог, зовлонг ойлгож нааштайгаар хүлээн авсан юм. Ер нь энэ салбарт үйл ажиллагаагаа явуулж буй цөөхөн хэдэн компани өнгөрсөн 2-3 жилд маш хүнд нөхцөлд ажилласан шүү дээ. Украиний дайнаас улбаатайгаар тогтоосон үйл ажиллагааны хязгаарлалтууд одоо ч үргэлжилж байна. Украин гэснээс өнгөрсөн өвөл “Б.Хурцын “Изинис Эйрвэйз” ОХУ руу зэвсэг тээвэрлэх гэлээ” гэсэн мэдээллийг гадаадын сайтад мөнгө төлж гарган олон нийтийн сүлжээгээр нэг түгээснийг та бүхэн санаж байгаа байх. Тагнуулын байгууллагынхан энэ асуудлыг шалгаад “Зэвсэг биш байна” гэдгийг тогтоосон гэдгийг энд мэдэгдэх нь зүйтэй байх. Яагаад гэвэл, “Изинис Эйрвэйз” ХХК-ийг муучлах гэж гадаадын сайтад төлбөрт мэдээ байршуулж, олон нийтийн сүлжээнд өргөн хүрээтэй кампанит ажил явуулсан шигээ энэ залруулгыг хэн ч хийсэнгүй. Тэр бол худлаа мэдээлэл байсан…
ЖДҮ-н талаар бол Гранд степп ХХК нь “ Мах болон сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуй цогцолбор” төслийг санхүүжүүлэх зорилгоор 2018 оны 06-р сарын 25-ны өдөр 88/2018/3-95 тоот зээл болон 88/2018/Б-95 тоот барцааны гэрээ байгуулан 1.500.000.000 төгрөгийг 3% хүүтэй 5-н жилийн хугацаатай авсан бөгөөд уг зээлийн маань хугацаа одоогоор дуусах хараахан болоогүй байгаа юм.
Уг зээлийг 2018 оны 07-р сараас 2020 оны 03-сар хүртэл графикийн дагуу төлж ирсэн. Үүнээс хойш 2020-2021 онд дэлхий нийт болон манай улсыг хамарсан ковид-19, цар тахалын хөл хорио, хязгаарлалт нь манай компанид мөн л хүндээр нөлөөлж, үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй болоод байсан. Энэхүү цар тахал эхэлсэнээс хойш аж ахуй эрхлэгчид бид хэцүү цаг үеийг туулж, бэлэн мөнгөний хомсдолдтой байсан учир графикийн дагуу зээлийн төлөлтөө хийж чадаагүйч, тухайн цаг үед ЖДҮ-н ГАЗАРТ удаа дараа албан бичгээр шинээр төлөх график гарган өгч хамтран ажиллаж ирлээ.
Одоогийн байдлаар буюу 2023 оны 04-р сарын 25-ны байдлаар уг зээлийн үндсэн төлбөрийн төлөөгүй байгаа үлдэгдэл нь 869,965,646 төг, зээлийн хүүгийн төлбөр 1811730 төг үлдсэн байгаа бөгөөд, хойшид дээрхи үндсэн зээлийн үлдэгдэл 869,9 сая төгрөгийг 2023 оны 06-р сарын 25-ны дотор , зээлийн хугацаа дуусахаас өмнө төлж барагдуулах зорилт тавин ажиллаж байна.
“Б.Хурц 53.5 тэрбум төгрөгийн үнэт эдлэлтэй, ямар баян юм бэ” гэнэ үү!
“Хур хөрөнгөтэй Б.Хурц” л гэнэ, “53.5 тэрбум төгрөгийн үнэт эдлэлтэй асар баян Б.Хурц” л гэнэ. Яг үнэндээ тэр бол манай гэр бүлийн сейфэнд хадгалаастай байдаг бэлэн мөнгө биш. Хэвлэлийнхэн нь хүртэл ингэж мушгиж, олон нийтэд ташаа мэдээлэл хүргэхээр энэ улс хэзээ сэхээрэх бол оо. Ер нь манай улс хөгжих юм уу, үгүй юм уу?! Монголын бизнесийн салбарт 35 жил зүтгэж яваа хүний хувьд яг үнэндээ урам хугарч байна. Улстөрчид нь олон нийтийн сүлжээнд янз бүрийн хөлсний баг ажиллуулж, хэн нэгнийг буллидуулна, хөөрхий нөгөө хар масс нь юуг нь ч мэдэхгүй мөртлөө дагаж шуурцгаана. Үнэхээр эмгэнэлтэй биш гэж үү. Миний бичсэнийг ч гэсэн ойлгож унших нь хэд бол, ойлгосон ч ойлгохыг хүсэхгүйгээр улайран дайрах нь бас хэчнээн бол…? Монголчуудыг нийтээр нь “Хар нүх” рүү уруудуулан чирэх бодлого ер нь хаанахынх вэ… Энэ улсын иргэний хувьд ингэж асуумаар санагдана. Харин одоо тэр илүү хараад, шоглож, шунаж чичлээд байгаа 53.5 тэрбум төгрөгийн үнэт эдлэл гэх зүйлийн тухай тайлбарлая. Үнэндээ энэ бол үнэт эдлэл гэхээсээ илүү Монголын түүхийн дахин давтагдашгүй ховор бүтээлүүд юм. Миний өвөө, БНМАУ-ын анхны Ардын зураач, Төрийн шагналт Үржингийн Ядамсүрэн тэр цөвүүн цагт амь насаа эрсдэлд оруулан байж тэдгээр ховор нандин, дахин хэзээ ч үл давтагдах сор болсон бүтээлүүдийг устгаж байх үед худалдан авч хадгалж, хамгаалж, үр хойч бидэндээ өвлүүлэн үлдээсэн гавьяатан. Хэдийгээр Ю.Цэдэнбал гуай, бас өвөөтэй маань нэг байранд амьдардаг байсан НАХЯ-ны чекист үүнийг мэддэг байсан ч мэдээгүй мэт байдаг байсан нь “Эх түүхээ хадгалж, хамгаалж үлдье” гэсэн ухаан, эх оронч сэтгэлийн илрэл болов уу. Хайрт өвөө маань насан эцэс болохдоо тэрхүү нандин өвөө үр, ач бидэндээ өвлүүлж үлдээсэн. Манай хүн АТГ-ын дэд дарга болоод ХОМ мэдүүлэхдээ “53.5 тэрбум төгрөг” гэж мэдүүлсэн ч үнэн хэрэгтээ мөнгөөр хэмжишгүй сор бүтээлүүд. Хайрт өвөөгийнхөө өвийг бид ганц ч ширхэг дутаалгүй хадгалж, хамгаалж байгаадаа бахархдаг. Миний мөрөөдөл бол өвөөгийнхөө эдэлж хэрэглэж байсан зүйлс хийгээд үр хойчдоо өвлүүлж үлдээсэн нандин өвөөр нь гэр-музей байгуулах юм.
Дэлхийн хүн болж, дэлхийн боловсрол эзэмшсэн охиноороо бид бахархдаг
Захиалгат улс төрийн дайрлагад том охин Х.Намуун маань ч өртөх болов. Хэдийгээр миний охин энэ бүхнийг тоохгүй мэт царайлж байгаа ч дотроо маш их эмзэглэж байгааг ээж нь ойлгож, мэдэрч байна. Аавыгаа Лондонд хоригдож байхад “Миний охин битгий уйлаарай” гэсэн ээжийнхээ үгэнд орж, аавтайгаа тэр олон аймшигтай төмөр хаалгануудын цаана уулзахдаа ганц ч дусал нулимс унагаагүй хатуужилтай охин шүү. Харин гарч ирээд асгартал уйлахад нь өр зүрх өмрөх шиг болсон. Тэгэхэд миний охин дунд сургуулийн л сурагч байсан шүү дээ. Тийм учраас олон нийтийн сүлжээгээр сүрэглэн довтолж доромжлох үгэн сумыг үл ойшоож байгаа байх аа. Миний охин Улаанбаатарт Олон улсын дунд сургуулийг IB дипломтой төгссөн. Х. Намуун маань өвөг дээдэс, аав, ээжээ дуурайсан авьяаслаг, хөдөлмөрч, дандаа л ямар нэгэн шинэ зүйл санаачилж, түүнийгээ баяжуулж, найз нөхөдтэйгөө хамтдаа хэрэгжүүлдэг бүтээлч, нөхөрсөг, тусч охин. Англи хэлийг академик түвшинд эзэмшсэн. Англи хэл дээр эссэ бичлэгийг бараг л англи, америк хүмүүсээс илүү бичиж чадна. Тийм ч учраас дэлхийд нэр хүндтэй 6 их сургуулиас урилга ирснээс Канадын Бритиш Колумбиа их сургуульд философийн чиглэлээр суралцсан юм. Дэлхийд нэр хүндтэй их сургуулийн философийн ангид элсэж орно гэдэг ч бас амаргүй. Охиноо өөрийнхөө хүч, оюун ухаанаар дэлхийн дайдад боловсрол эзэмшиж, дэлхийн хүн болсонд бид ямар их баярлаж, бахархаж байсан гэж санана. Боловсролын зээлийн сангаас авсан гэх тэрхүү 72716 ам.доллар бол зээл биш, тэтгэлэг. Зээл, тэтгэлэг хоёр асар ялгаатайг учир мэдэх хүмүүс эрхбиш ойлгож байгаа биз. Тэгээд ч зээл, тэтгэлгийн алиныг нь ч авсан бай дэлхийд нэр хүндтэй их сургуулиудад арын хаалга гэж байдаггүй. Англи хэлээр ус цас байх нь ч гол үзүүлэлт биш. Дэлхий хэрсүүжиж, хүний эрхийн мэдрэмж улам л нарийн, айхтар болж буй энэ үед тэдгээр их сургууль залуусын нийгмийн идэвхи, хүний эрхийн мэдрэмж, хүмүүнлэгийн үйлст хэр оролцдог вэ гэх мэт шалгуурыг ч эн тэргүүнд авч үздэг болсон цаг үе. Ямартай ч миний охин Х.Намуун аавынхаа нэр нөлөө, эрх мэдлийг ашиглаж БЗС-аас тэтгэлэг аваагүй. Ёстой жинхэнэ авьяас чадвар, оюун ухаанаараа дэлхийд нэр хүндтэй их сургуульд тэнцээд БЗС-аас тэтгэлгээр суралцаж онц сайн дунтэй Их сургуулиа төгсөж ирээд эх орондоо 5 жил ажиллаж нийгмийн даатгалаа төлөөд явж байгаа Олон нийтийн сүлжээнд шуугиулаад байгаачлан заавал төрийн байгууллагад ажиллах заалт холбогдох журамд байхгүй. Харин Монголдоо эргэж ирж ажиллана, нийгмийн даатгалаа төлнө. Миний охин энэ үүргээ маш сайн ухамсарлаж, журам ёсоор нийгмийн даатгалаа бүрэн төлж дуусахад 6 сар л үлдсэн” гэжээ.
Сэтгэгдэлүүд