нийгэмОнцлох

Элийрэгч : Монголд Монгол хүн болж төрснөөрөө нэг бол “улны” иргэн, нэг бол улс төрийн хулгайч байж болохгүй биз дээ

0

Нийгмийн сүлжээнд элийрэгч нэрээрээ танигдсан иргэн Ц.Уянгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Та 3 жилийн дараа Монголдоо ирлээ. “Хуушуурдалт” гэж арга хэмжээ зохиосон, “No War” хөдөлгөөний залуусын шүүх хуралд оролцсон. Олон хүнтэй уулзсан байх. Мэдээж гадаадад байхдаа нийгмийн сүлжээгээр бүхий л мэдээллийг авч байсан байх л даа. Гэхдээ яг ирээд нийгмийн амьдралд оролцоод үзсэний дүнд дүгнэхэд Монгол Улс өнөөдөр яг ямар байдалтай байна вэ?

 

Ирээд сар болсон байна. Ажил бизнес, найз нөхөд, нийгмийн идэвхитэй хэсэг гээд олон хүнтэй уулзлаа. Сошиал орчин, бодит амьдрал хоёр нэг их зөрөхгүй байна. Ер нь ялгаа гардаггүй юм.

Ерөнхийдөө өнөөгийн нөхцөл байдал гадаад, дотоод орчноосоо шалтгаалаад улам л муудсан байна. Нийгмийн итгэл, тэр дундаа залуучуудын ирээдүйдээ итгэх итгэл, холын зорилго нь үгүй болсон байна. Энэ л маш их харамсалтай санагдлаа.

 

Өмнө нь ирээдүйн төлөвлөгөө, бизнес, карьер ярьж, мэтгэлцдэг байсан бол өнөөдөр өдөр тутмын амьдрал, өнөө маргааш, үнийн хөөрөгдөл, амьжиргааны эх үүсвэр, баталгаа, гадагшаа ямар нэг аргаар гарах бололцоо хайж буй тухай л ярьж байна.

Залуучууд маань гундуу байна.

 

“Улаанбаатар иргэдийн форум” гэж байгаа шүү дээ. Энэ ТББ-ын хүрээнд бүх насны идэвхитэй иргэд урьд нь Улаанбаатар хотын ирээдүй, төлөвлөлт, эдийн засгийн чадавхи, бодит төсөл, хөтөлбөр, хотын зөрчилдөөн зэргийг ярилцаж, хэлэлцэж явдаг байсан бол өнөөдөр энэ ажиллагаа бараг нийгмийн хөдөлгөөний хэлбэр лүү шилжсэн байна. Дээрээс нь “NoWar”, “No Double standart” гээд цуврал арга хэмжээг залуус маань явуулсан байна. Өмнө нь хотын түүхийн дурсгал, биет өв хөрөнгийг нураах, буруу, алдаатай хот төлөвлөлт, оршин суугчид, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг доройтуулсан, барилгын хүч түрсэн төслүүдийг эсэргүүцэх гэх зэрэг хоттой холбоотой асуудлуудаар дуу хоолойгоо өргөдөг байсан бол өнөөдөр хүний наад захын язгуур эрх ашиг, эрх чөлөөний төлөө тэмцдэг болсон байна.

Мөн ковидын үед хүний эрхийн олон асуудлаар бид клабхауст хэлэлцээд явж байлаа. Гэтэл эдгээр асуудлууд үргэлжилж явсаар эцэстээ хууль, хүчний байгууллагууд иргэдийг томоотой байлгаж амыг нь барих, чөлөөт сэтгэлгээг таслан зогсоох гэдэг болсон. Үүнтэй тэмцсэн нь эхнээсээ ял шийтгэл авч байна. Б.Цацралын шүүх хуралд ажиглагчаар оролцсон.

Уламжлал болсон “Хуушуурдалт” үдэшлэгээ зохион байгуулж олон хүний үзэл бодлыг сонслоо. Бүгд л адилхан зүйл ярьж байна. Үндсэн эрхээ хамгаалхын тулд бид зориг нэгтэй байх ёстой юм байна гэдэг дээрээ санал нэгдсэн.

 

Иргэдийн төр засагтаа тавьж буй шаардлага улам л хурцдаж, анхдагч хэрэгцээ рүүгээ орж байгаа нь улс орон доройтсоны шинж үү?

 

Ёроолдоо уначихсан байна л даа. Бидний эсрэг байдаг хүмүүс хүртэл үүнийг хүлээн зөвшөөрч, бидний талд гарсан байна. МАН улиран үнэмлэхүй болж, “Женко” Х.Баттулга Ерөнхийлөгч болсон үеэс эхэлж засаглалын, ардчиллын дархлагдсан байсан язгуур эрх ашгууд алдагдаж эхэлсэн. Гэхдээ л иргэд хэнээс ч айхгүй үзэл бодлоо илэрхийлдэг байсан шүү дээ. Би ч гэсэн Ерөнхийлөгч байсан хүнтэй шүүхдэлцээд л явж байсан. Шүүхийн процес ч гэсэн өнөөдрийнх шиг байгаагүй. Хууль, дүрмийнхээ хүрээнд л явдаг байсан. Тэгтэл өнөөдөр бүр улаан цагаандаа гарч байна л даа. Б.Цацралын хэрэг дээр л гэхэд цагдаа нь гомдол гаргасан байх жишээний. Түүний буруутайг гэрчийн мэдүүлгээр нотлох гэж байгаа юм. Гэтэл тэр гэрч нь бас нэг цагдаа байх жишээний. Энэ бол процесийн хувьд инээдтэй, ичмээр зүйл. Энэ бол нэг хэлбэрийн дарамт. Тангараг өргөсөн хууль биелүүлэх үүрэгтэй хүмүүс нь хэн нэгний тушаалаар хөдөлж байгаа нь өөрөө эмгэнэлтэй дүр төрх болоод байна л даа.

 

Энэ бүхнээс авахуулаад бид жилээс жилд уруудаж байна.

 

Үүнийг бүр ковидын хуулиар баталгаажуулсан. Үүгээрээ бүх зүйлийг ялгамжтай хэрэгжүүлж эхэлсэн. Тэгээд өнөөдрийг хүртэл халаагүй байна. Энэ бол хамгийн том гэмт хэрэг. Нийгмийн аюултай цар тахлаас иргэдээ хамгаалах нэг өөр. Гэтэл тэр механизмаа улс төрийн эрх болчихсон.

Дайныг эсэргүүцээд жагсахад манай улс төр яагаад ингэтлээ чичрээд байгаа юм. Энэ бол гажиг зүйл. Гэтэл энэ байдал манайд хэвийн юм шиг болчихсон байна.

 

Инфляци, үнийн өсөлт түүхэнд байгаагүй хэмжээнд өсч байна. Эрх баригчдын үйл ажиллагааг шүүмжилсэн хүмүүс ял авчихдаг боллоо. Гэтэл иргэдийн дийлэнхи нь таг дуугүй л суух юм. Ер нь манай Монголчуудад ирээдүйдээ итгэх итгэл, болж бүтэхгүйг өөрчлөх хүсэл байгаа юм болов уу?

 

Өмнө нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын гомдлоор би зөрчлийн акт аваад шүүхээр явж байхад олон нийт янз бүрээр хүлээн авч эрүүлээр мэтгэлцдэг байсан. Өнөөдөр нийгэм доройтсон тул бухимдал үүсэх нь ойлгомжтой. Нийгмийн бухимдал юун дээр үүсэж байна гэдгийг сайн ажиглах хэрэгтэй. Ядаж л сөрөг хүчин үүн дээр ажиллаж байж эрүүл үзэгдэл болно. Гэтэл юу болж байна гэхээр юуны ч тухай байсан иргэдийг бодол, санаагаа илэрхийлж болохгүй гээд тушаал авчихсан юм шиг яваад байна. Энэ бол ковидын үеэс эхтэй. Нэг нь эмнэлгийн гадаа очоод үхчихдэг, гэтэл нэг даргынх нь авгай эмнэлгээр өдрийн хэд орж гараад яваад байдаг. Гэхмэтчилэн арай шударга биш байна. Хоол өгөөч гэж хэн ч нэхээгүй, амьдрах бололцоо өгөөч ээ л гэсэн. Энэ ялгамжтай байдлаа зогсоогооч ээ. Ковидын хуулиар үүсгээд байгаа doublestandart-аа арилгаж өгөөч ээ, гадаадад гацсан иргэдээ аваач ээ л гэж байсан. Иргэд өөрсдөө явж байгаад үхчихсэн бол нэг хэрэг. Гэтэл төрийн буруу бодлого, шийдвэрийн уршгаар амь насаа алдаж, хүний нутагт гадаа гудамжинд хонох гэх мэт байж боломжгүй зүйл зөндөө болсон.

Энэ бүгдийг хэлэхээр өөрсдийнхөө тушаал, шийдвэрийг харахаас илүү иргэдийн өөрсдийнх нь буруу болчихдог. Энэ бүгдийг хэлсэн хүнийг барьж авч шийтгэдэг. Шоронгоор дарамталдаг. Ингээд ирэхээр чинь яах юм бэ?

Байдал улам хурцдана л гэсэн үг.

 

Монгол хүн мал, нохой шиг чимээгүй, томоотой, дарлуулаад байж байх ёстой юм шиг хуулиа тайлбарлаад, нөхцөл байдлыг өөрсдийнхөө хамгаалт маягаар ашиглаад, бүх зүйлийг нууцалж, нууцын гэрээтэй болгож дараад, мэдэх эрхийг хасаж байна. Мэдье гэхээр гаргахгүй. Хардах эрхээ эдлэх гэхээр гүтгэлээ, доромжиллоо гэдэг.

Энэ байдал даамжраад ирэхээр хөгшинд нь бүү хэл залууд нь хүртэл амьдрах итгэл байхгүй болж байна.

 

Өмнө нь сонгуулийн үр дүнг харья, тэр гарчихвал ингэчих байх, энэ гарчихвал тэгэх байх гэдэг байсан бол одоо ямар ч сонгууль, сайн, муу хүн, зөв, буруу бодлогын тухай биш юу ч хийсэн Монгол хэзээ ч нар үзэхгүй, өөдлөхгүй, бид нар дэмий цаг хугацаагаа үрмээргүй байна, та нар шиг ямар ч үр дүн гарахгүй нийгмийн шаардлага тавиад хөгширмөөргүй байна гэдэг болсон.

Тэд нарын буруу биш. Хүн нэг амьдрана. Амьдрахдаа өөрийгөө хайрлаж, өөртөө оногдсон хувь заяандаа аз жаргалыг мэдрэх эрхтэй. Тэгэх ч зориулалттай төрсөн байгаа. Гэтэл ард иргэдийнхээ дунд яс хаяад л, хооронд нь л хэрэлдүүлээд л, хагаралдуулаад л байж байна.

Тулгарч буй асуудлуудынхаа шалтгааныг ярихгүй, ярих гэхээр яриулахгүй. Нөгөө л цагдаа, шүүхээрээ айлгаад, дарамтлаад ингээд яваад байна гэж ойлгоод байх шиг байна. Гэвч хүмүүс үүнийг хүлцэнгүй тэвчээд байна гэж байхгүй. Энэ бүгдийн эсрэг аяархан ч гэсэн дуугарч буй хэсэг бүлэг байна.

 

Нийгэмдээ хандаж хэлэхэд бид “арай ч тэгчихгүй байх аа” гэж ярьдаг даа. Гэтэл бид яг ингэж ярьсаар байгаад өчигдрийн шүүмжилдэг байсан сэдэв маань өнөөдөр энгийн үзэгдэл болчихоод байна. Тэгэхээр бид буруутай зүйлийн эсрэг нэгдээгүй цагт асуудал шийдэгдэхгүй. Үнэнг хэлсэн цөөнх нь нийгмийн дайсан болдог явдал манай нийгэмд аягүй хурдан газар авч байна. Ийм байхад хэн, юуг засаад сайн, сайхан болгохыг хүлээж суух вэ дээ.

Өнөөдөр залуус үүнийг өөрчлөх ёстой гэж байна. Үгүй.

Бид өнөөдөр хийгээгүй, дуугараагүй явсныхаа хор уршгийг дараагийн үедээ өвлүүлэх болчихоод байна. Тэгэхээр хэний буруу вэ гэвэл бидний үе, бидний дээд үе, болж байсан үйл явцад оролцоогүй, дуугараагүй, амиа бодсон бидний буруу болчихоод байна. Энэ бүгдийг үзлээ, харлаа, амьдралаараа баталлаа.

Тийм учраас өнөөдөр дуу хоолойгоо өргөөд, тэмцэж яваа залуусаа чадлаараа дэмжинэ.

 

 МАН 7 дахь жилдээ тасралтгүй Засгийн эрх барьж байна. 2024 онд ч дахин ялж магадгүй тухай зарим судлаачид ярьж байна. Ер нь Монголд улс төрийн шинэ дэвшилтэт хүчин, нам гарч ирэх орон зай боломж байна уу?

 

У.Хүрэлсүх бууж Л.Оюун-Эрдэнэ засаг авлаа. Үнэмлэхүй ялсан намаасаа Ерөнхийлөгчтэй боллоо. Сөрөг хүчний хяналт байхгүй болсон. МАН улиран сонгогдоход нийгэм яаж ч хөдлөөд нэмэр байгаагүй. Тухайн жилд ХҮН намд шинэ залуус гарч ирээд, шинэ бодлого, эр зоригоор УИХ-д гараад ирээсэй гэж дэмжиж байсан. Сонгуульд нь үнэнч нохой шиг л гүйж явсан боловч ёстой нөгөө билэгдлийн, хууран мэхлэх чанартай ганцхан суудал “өгсөн”. Нэг суудал өгөхгүй бол болохгүй гэж бодсон уу яасан. МАН эрх барьж байгаа тохиолдолд өөрсдийгөө л ялуулах сонгуулийн системийг сонгууль болгон дээр зэхэж оруулж ирж байгаа байхгүй юу. Сая хүртэл тийм байдалд хүрлээ л дээ.

 

Л.Оюун-Эрдэнэ өөрөө анх ялчихаад гарч ирээд бүх хулгайч нарыг шийтгэнэ, элгээрээ хэвтсэн улс хүлээж авлаа гэдэг байсан. Өөрөө өөрөөсөө хүлээж авсан Засгийн Газар шүү дээ. Тийм үү. Тэгээд түүнээсээ улам доройтууллаа.

 

Гэтэл нөгөө талд тэнцвэр болох байсан нам нь улс төрийн тоглоомноос болоод хүч нилээн суларлаа.

Одоо тэгээд нөгөө л хуучин явдаг байсан танайх, манайх тэдэн сандал, суудал гэдэг хуйвалдааныхаа онолоор явах байх. Тэгэхээр залуучууд, шинэ хүчинд бололцоо гарна гэдэгт итгэл төгс биш байна.

Гэхдээ би юунд итгэж байна гэхээр хэрвээ залуучууд маань сонгуульдаа үнэхээр идэвхитэй, хариуцлагатай оролцвол шинэ хүчнээ байг гэхэд шинэ хүмүүсээ гаргаж ирэх бололцоотой.

Мэдээж эд нар эрх мэдлээ алдахгүйн тулд тийм ч таатай хууль батлахгүй байх. За тэгээд ямар ч хэлбэрээр оролцлоо гэсэн мөнгөөр явагддаг том улс төрийн зах зээлд чинь ямар ч зөв зүйтэй зоригтой байгаад мөнгөөр нь өрсөлдөөд гарч ирэх хүн тийм ч олон биш.

Сонгууль бол 4 биш 40 жилийн цаадхыг тодорхойлох сонголт гэдгийг харах хэрэгтэй. Ингэж харж хүмүүсээ дэмжээсэй. Сонголтоо оюун санаагаараа хийх үү, тухайн цаг үеийнхээ амьжиргаагаараа хийх үү гэдэг асуудал.

Тэгээд горьдлого хамгийн сүүлд үхнэ гэдэг шиг найдаж л байна. Харин нөгөө улиг болсон нөхдүүдээс бол юу ч хүлээхгүй байна. Улс төр бол бизнес болчихсон. Улс төртэй холбоотой бизнесүүд л явдаг. Тэр нь ард түмэнд ямар ч хүртээмжгүй.

Тэгэхээр энэ системээ томоор нь зөв олж хардаг мэргэжлийн хүмүүсээ сонгооч ээ. Улс төр гэхээрээ, улстөрөөр олон жил явчихаараа мундаг сайн хүн болдоггүй гэдгийг харлаа шүү дээ.

 

Манайд дандаа улс орны гэхээсээ илүү явцуу эрх ашгийн, улс төрийн шийдвэрүүдийг гаргадаг. Та нар долоог идсэн байна, манайхан долоохныг идсэн байна л гэдэг хэрүүл яваад байна. Тэгээд нэг мангас гаргаж ирээд л би аварна, чи аварна гээд байдаг. Түүнээс биш ямар ч шийдвэртэй, бодитой зүйл байхгүй байгаад байна.

Та нарт таван төгрөг, ямаанд чинь тавин төгрөг биш та нарын үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг чинь манай нам ингэж хамгаална гэдэг баймаар байна.

Ямар нэг асуудал шийдэхдээ танвдаг хүн байна уу, шовгор нь юу вэ гэхээсээ илүү хууль, дүрэм нь ямар байдаг юм бэ гэж бид хардаг болмоор байна. Тэгээд өгөгдсөн тоглоомын дүрмийнхээ дагуу тоглох гэхээр болохгүй байгаа учраас ийм бухимдал руу авчраад байна л даа. Өөрийн эрхгүй улс төрлүү татан оролцуулаад, нөгөө хэдэн үлгэрийн баатруудтай чинь хүссэн хүсээгүй хэрэлдүүлээд байгаа юм.

 

Би 18 жил бизнес хийж байна. Өнөөдөр мөнгөтэй бизнесмэнүүд бараг байхгүй байна.

 

Нөгөө л хэдэн нүүрсээ тойрсон, ямар ч ашиггүй төрийн өмчит хэдэн компаниудаа тойглосон хэрүүл  л байна. Бүгд алдагдалтай. Гэтэл биднийг татвараар шахаж, дарамтална. Өөрсдөө бүгдийг нь хааж, боож, зогсоочихоод шүү дээ. Аж ахуй нэгжүүдийн боломж, бололцоо, эрх, эрх чөлөөг нь хаачихаад тэгээд биднээс ямар үүрэг шаардаад байгаа юм бэ. Компаниуд татвар төлөх чадваргүй болчихоод байна. Тэгэхэд бүгдийг нь хаагаад л, лацдаад л, шорондоо хийгээд л… Үүргээ биелүүлье гэвч эрхээ эдэлж чадахгүй байна шүү дээ. Уул нь бүгдээрээ хэлэлцээд ингэж, ингэж энэ хүндрэлээсээ гарья гээд улс орон авч яваа удирдах хүмүүс чинь өөр юм ярих ёстой биз дээ. Тэгэхэд, яагаад олон юм яриад, донгосоод байдаг юм, хатуу арга хэмжээ ав гээд ичихгүй, дарамтлаад байдаг. Ингээд зүгээр байсан хүмүүсийг уурлуулж, өрвөгнүүлчихээд, хэсэг бүлэг хийх юмаа олж ядсан хүмүүс гээд дайраад байдаг. Энэ бол хэзээ ч байж болохгүй асуудал.

 

Та өмнө нь НИТХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан. Цаашдаа улс төрд идэвхтэй оролцох ч юм уу? шулуухан хэлэхэд УИХ-д нэр дэвших бодол бий юу?

 

Над шиг дуугүй байдаггүй, сошиалд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлээд удсан хүмүүсийг улс төрд орох гээд ингээд байдаг гэж хардаг юм л даа. Бизнесээ хийгээд явах гэхээр болж бүтэхгүй дүрэм, журам, хуулиуд гараад ирнэ, тэрийг шүүмжлээд явахаар хүссэн хүсээгүй улс төр лүү тулаад очдог. Манай салбар үл хөдлөх хөрөнгө болохоор яалт ч үгүй хотын эдийн засаг руу татагдаж орно. Хотын асуудал бол зөвхөн хөрөнгийн асуудал биш хүн яаж хот дотор амьдрах вэ гэдэг л асуудал. Тэгэхээр нөгөө л хот төлөвлөлт гэдэг рүү судалгааны ажил хийгээд ордог. Ингэхээр хот гэдэг юмаа ойлгож эхэлнэ. Хот бол хэдэн байшин барилга зурах асуудал биш, хүн, нийгэм төлөвлөх асуудал болоод ирж байгаа юм.

 

Хот бол бидний гэр. Ингээд явахаар хотын маргаан руу хальтираад орчихно. Тэр нь нөгөө л газрын маргаан, авлигалын асуудал шүү дээ. Үүнийг ярихаар нөгөө л мөнгөтэй хүмүүсийн эрх ашиг зөрчигддөг. Аль хэдийн өөртөө газар аваад тэндээ байшингаа барина гэдэг. Хичнээн сайхан төсөл байсан ч бусад нь амьдрах орчноо алдаж болохгүй биз дээ.

Хүмүүс чи яриад, хэрүүл хийгээд явахаар өөрөө дунд нь ороод оролц гэдэг. Би болохоор заавал улс төрд орж ажил хийгдэнэ гэж юу байсан юм бэ гээд л явдаг. Улс төрийн ажил бол нийгмийн захиалгаар л хийгдэх ёстой. Би болохоор нийгмийн захиалагч нь болох гээд л явдаг. Түүнийгээ ойлгодог хүмүүст нь хүргэх гээл явах юм.

Нөгөө талд нь нээрээ шүүмжлээд л яваад байдаг, тиймээс залуу хүний хувьд оролдоод, оролцоод, өөрийгөө сориод үзье гэсэн. Одоогоос 10-аад жилийн өмнө шүү дээ. Орон нутгийн сонгууль бол улс төрөөс ангид байх ёстой. Өөрсдийнхөө төлөөллийг өөрсдийнхөө дошиндоо тавих гээд байна шүү дээ. Ингэвэл намаар хүчиндэж хийх гээд байдаг ажлууд дээр ядаж л бойкот хийнэ. Ингэж мөрөөдөж орж байсан.

Тэр үед одоогоос өөдрөг, эдийн засаг өсөлттэй, ирээдүй гэрэлтэй л байсан.  Одоо болохоор чи тэр хотоор яах юм бэ улс төр лүү орчих гэж байна. Болохгүй ч юм юу байхав дээ. Нэг, хоёроороо залуучууд зөндөө орсон шүү дээ. Эмэгтэйчүүдийн төлөөлөл ч зөндөө байна. Тэгээд тэнд орчихоороо яадаг билээ, юу болдог билээ гэдгийг бид бүгдээрээ харж л байна шүү дээ. Ганцаараа хэрэлдээд юунд ч хүрдэггүй, үр дүнгүй. Эсвэл кнопоо зардаг, тийм үү. Тийм болохын төлөө, бодлогогүй улс төрд орох чинь утгагүй болоод байна.

 

Нийгэм өөрөө захиалагч нь байж чадах юм бол тэр захиалгад тэнцэх хүмүүс нь өөрсдөө аяндаа гараад ирнэ шүү дээ. Тэгэхгүй бол эд нарын найруулсан савангийн дуурьт тоглоод гол юмаа замхруулаад байна л даа. Гэтэл шинээр гарч ирж байгаа үе маань бид нараас өөр болсон. Гэхдээ аливааг өөрөөр харж байгаа ч идэвх байхгүй байна. Сонгуулиа өгдөггүй, нийгмийн асуудалд үзэл бодлоо илэрхийлдэггүй. Ийм байхад энэ улс төрийг цэвэрхэн болгох бололцоогүй. Амьдрал яахыг, маргааш юу болохыг мэдэхгүй шүү дээ. Одоогоор улс төрийн талаар бодоогүй л явна. Монголд ч удна гэж бодоогүй л ирсэн хүн. Гэр бүлээ тэнд орхиод ирсэн хүн шүү дээ. Тэгээд өнөөдөр залуус маань ийм байдалд орчихсон байхад хүссэн, хүсээгүй дахиад л нөгөө өөдрөг сэтгэлээ гаргаад л, нийгмийн идэвхдээ хөтлөгдөөд л явж л байна.

 

Магадгүй маргааш бүгдээрээ улс төрд орьё гэхэд нь “Үгүй ээ би айж байна, та нар ор” гээд зугатаагаад гүйлтэй биш. Тийм биз дээ. Эсвэл би ганцаараа амьдралаа бодоод, бусад нь амьдралгүй юм шиг байж болохгүй. Ийм нөхцөлд орвол мэдэхгүй, үгүйсгэх аргагүй. Яагаад болохгүй гэж.

 

Гэтэл ороод П.Анужин, Б.Жаргалмаа, өөр хэн ч байдаг юм, тэд нар шиг сууж байдаг бол ямар үр дүн байгаа юм бэ. Хүний хараал идээл, доромжлуулаад л явна шүү дээ. Тэгэхийн төлөө тийшээ орж яах юм бэ. Хамаагүй, тийшээ орвол өөрийнхөө асуудлыг шийддэг, баяжуулдаг газар байж магадгүй.

Хэрвээ тэгж орвол эхнээсээ өөрөөсөө урваж эхлэнэ. Ингэж бодвол ганц оногдсон амьдралаа юу гэж мэдрэл муутай юм шиг өнгөрөөе гэж хүсэх вэ дээ. Түүний оронд мөнгөгүй ч гэсэн өөрийнхөөрөө амьдарч байвал жаргал биз дээ.

Гэхдээ яахав би болоод байна бусад нь надад хамаагүй гэх гэхээр бас өөрийн дотор нэг юм зулгааж байна шүү дээ. Бүгдээрээ болж байвал, ард үлдэж буй үр хүүхэд маань жаахан ч гэсэн баталгаатай, аюулгүй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, бусдаас өөр байснаараа ялгаварлагддаггүй, эрлийз хурлийзаараа дуудуулдаггүй, эрүүл саруул нийгэмд үлдээчихвэл миний л үүрэг юм даа гэж бодоол явж байна шүү дээ. Түүнээс биш хүн сүргийн нэг болоод явж болно л доо. Гэхдээ л харамсалтай байгаа байхгүй юу.

Монголд Монгол хүн болж төрснөөрөө нэг бол “улны” иргэн, нэг бол улс төрийн хулгайч байж болохгүй биз дээ.

Ирээд дөнгөж сар л болж байна. Хэлж мэдэхгүй юм даа. Төр засаг иймэрхүү байдалтай, залуусаа барьж хорьдог, хашраадаг байгаад байвал шарандаа хашгираад орчихсон байхыг ч үгүйсгэхгүй.

Амьдрал богинохон, нэг олдсон амьдралаа “саарал” өнгөрөөмөөргүй байна. Өөртөө харамсахааргүй, итгэж буй зүйлдээ айхгүйгээр зүтгэж өнгөрөөх ёстой байх л гэж бодож байна.

 

Ярилцсан Ч.Явуухүү

сонин.мн

Дуучин Хишигдалай: Би энэ зурган дээр Beauty app ашиглаад авхуулчихсан яах гэж хэнийгээ ч хуурах гэж байгаа юм бүү мэд

Өмнөх нийтлэл

Хүнсний 20-р дэлгүүрийн урдах 1982 оны Алдарт үймээн

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм