Сүүлийн жилүүдэд гэр бүл салалт манай орны хувьд төдийгүй дэлхийн олон оронд өндөр үзүүлэлттэй байгаа юм. Энэ бүхний ард ихэвчлэн эмэгтэйчүүд үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргийг хүлээж эрчүүд хариуцлагын ард үлддэг тогтолцоо манай улсад хэдийн тогтжээ.
Харин Тайландын Чачай Панутаи гэх өрх толгойлсон аавын бичлэг олон сая хүний зүрхэнд хүрчээ. Тэрээр Озон, Имс гэх хоёр хүүхэдтэй бөгөөд эхнэр нь тэднийг хаяад явсан аж. Наймдугаар сарын 12-ны өдөр түүний хоёр хүүхдийн суралцдаг сургуульд ээжүүдийн өдөрлөг зохиогдсон байна.
Хүүхдүүдээ бусдын өмнө ээжгүй хэмээн хэлүүлэхийг хүсээгүй Тайланд эцэг тус өдөрлөгийн үеэр даашинз өмсөн очжээ. Энэ үеэр сурагчид ээжүүддээ талархснаа илэрхийлэн өмнө нь мөргөж хүндэтгэл үзүүлдэг гэнэ. Озон, Имс хоёр даашинз өмсөн ирсэн аавынхаа урд очин талархснаа илэрхийлж мөргөж байх үеийн бичлэг нь цахим орчинд тарж дэлхийн өнцөг булан бүрийн зургаан сая гаруй хүн тэдний бичлэгийг үзжээ.
Чачай Панутаины энэ үйлдэл олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн байна. Тэд хүүхдүүдээ эхийн хайраар дутаахгүй гэсэн Чачай Панутаиныг ямар сайн аав болохыг дурьдаж, түүн шиг эцэг ховор хэмээгээд зарим нь нулимс унагасан гэдгээ нуугаагүй байна.
www.Seen.mn
Сэтгэгдэлүүд