Би өнөөдөр олон хүн хэлэхээс, гаргаж ярихаас эсвэл эвлүүлэн бичих гээд чаддаггүй эсвэл зайлсхийдэг зүйлийн тухай бичье.
Өөрийн эрх дураар дүүлэн нисэж явсан, өөрийнхөө жижиг бизнесийг эхлүүлчихээд овоо хөөрхөн амжилттай, олсоноо өөртөө зарцуулж аялаж зугаалж, дэндүү эрх чөлөөтэй жижигхэн ертөнцтэй бүсгүй байлаа.
Нэг л өдөр дахин хайртай учирч найз залуутай болоод дурлалдаа умбан явахдаа 4хөн сарын дараа жирэмсэн болсоноо мэдэж нэг нэгнээ сайн таньж амжаагүй ч сэтгэл, зөн совингоо дагаад гэр бүл болон хөөрхөн үрээ тээж төрүүлэхээр шийдлээ.
Гангалах дуртай, гоё ч бие хаатай түүнийгээ харж сэтгэлээ баясгаж явдаг хүнд бага багаар жин нэмээд л, хөдлөхөд ч амьсгаа давхцан бага багаар цүдийх гэдсээ хараад надад хөөрхөн санагдах үе байсан ч, нэг л түгших энэ бүхнийг чадах боловуу гэсэн сэтгэгдэл төрдөг байлаа.
Нэг өдөр ч зүгээр сууж чаддаггүй над шиг хүний хувьд жирэмсэн болоод зүгээр сууна гэхээс л яс хавталзаж байсанаа нуух хэрэггүй биз. Тэгээд л шинэ бизнес эхлүүлнэ гэж зүтгээд өөрийгөө завгүй байлгаж тэр тухгүй өдрүүдийг өөрийгөө сатааруулж цүдгэр гэдэстэйгээ өглөө гараад л шөнө хүртэл хөлөө эргэтэл явж гормоны өөрчлөлт нь ч юмуу, сэтгэл санааны тавгүйрхэлээ мартагнуулж өнгөрүүлж байлаа.
Төрөхөөсөө өмнө зүтгүүлсээр байгаад шинэ бизнесийнхээ 2 дахь салбарыг нээчихээд 7 хонолгүй төрж байсан юм. Ер нь бол хүүхэд төрөө л бол би энэ бүхнийг амжуулж чадахгүй, хүүхэд төрсөний дараа байр савнаас авахуулаад л санхүүгийн асуудал их гарч ирнэ гэдгийг мэдэж байсан тул түүнийгээ гүрийж бэлдчихээд төрж байгаа нь тэр.
За тэгээд төрөх болсон, бурхан минь тэр эмнэлэг, тэр хүмүүсийн харилцаа, тэр мэдрэмж, буруу байрлалтай байна гээд нугасаар мэдээ алдуулаад, нээгдэхгүй байна гээд дусал угсарч залгаад л, дүлээд дүлээд гарахгүй яаж ийж байгаад гаргаад өгөөчдээ гээд орилох гээд тэр дурсамжууд үнэхээр миний л дурсахыг хүсэх дурсамж биш.
Ээж минь, эгч минь, эмэгтэй хүн бүхэн ийм зүйлийг даван туулж мэдэрч байж бяцхан үрээ тэвэрдэг юм гэжүү гэж үнэндээ биширсэн. Тэр бүх яриа, яруу найраг огтхон ч давс хужиргүй, тэр чигээрээ байсан.
Дураараа унтаж, дураараа сэрдэг хүнд шөнийн 3,4 сэрж хүүхдээ хуурайлаад хөхүүлэн суух, гэдэс нь дүүрээд яагаад байгаа нь мэдэгдэхгүй уйлахад, ямар ч шалтгаангүй мөөм идэхгүй гэж уйлах охин минь, сүүлдээ сүү яаж оруулахуу гэж идээд эхлэхэд л бурхан минь энэ чинь ийм хэцүү зүйл байсан юмуу гээд шантарч эхэлсэн.
За тэгээд тэр сайхан байсан бие хаагаа анх удаа сөхөө аваад толинд харахад унжсан гэдэс, хавдсан хөх, доороо оёдолтой учир аятайхан бие засаж ч чадахгүй байгаа өөрийгөө хараад уйлмаар орилмоор үеүүд өнгөрч байлаа.
Энэ бүхэнтэй зэрэгцээд хөөрхөн охин минь өсөж торнисоор 4 сар хүрэхийн алдад дахиад жирэмсэн болсоноо мэдсэндээ. Ямар ч боломжгүйгээс ирсэн хоёр дахь бяцхан үр минь гэж хайрласан ч, шокноосоо ч гарж амжаагүй байсан надад үнэндээ энэ бүхнийг эхнээс нь дахиад хийх ямар ч боломжгүй мэт санагдаж байсан.
Гэвч зориод ирсэн үр минь гээд нялх хэвээр байсан биеээ бүсээ чангалаад дахиад л эхэлсэн. Жоохон тэнхэрч, сэхэл авах гэж байсан бие минь дахиад л жин нэмж, гэдэс маань томордгоороо томорч, төрсөний дараахь сэтгэл гутрал, жирэмсэний гормон гээд бүх зүйл нь давхцаад галзуурмаар өдрүүд байсан нь үнэн.
Өөрийн минь сонголт учир дахиад л гүрийгээд хичээсэн. Бас л өмнөх зангаараа зүгээр сууж чадаагүй, төрөөд 1 сар болоод л ажилруугаа эргэн орж, шинэ байрныхаа ажлыг хөөцөлдөн, шинэхэн гэр бүлдээ зориулан мөрөөдлийн гэрээ бүтээн тохижуулж тэдгээр сиймхий гараад сэтгэл санаагаа сонсвол шалан дээр хэвтээд уйлчихмаар байдаг байсан үеүүдийг даван туулж байлаа.
Гэрээ тохижуулж дуусаад дахиад нэг дэлгүүр нээж амжчих гээд тогоо шиг том гэдсээ чирээд чичирч явсаар нээж санаа амраад хэд хоноод хоёр дахь үрээ төрүүлсэн юм.
Дахиад л нөгөө аймшигтай их өвдөлт, нөхцөл байдал гэхдээ түүнээс илүү гараад хоёр нялх хүүхэд, ажил, амьдрал бүгдийг зохицуулах ямар хэцүү байхыг таамаглаж байсан тул түүнд л сэтгэл санаагаа бэлдэж байв. Дахиад л яагаад байгаа нь мэдэгдэхгүй гэдэс нь дүүрч уйлж, шалтгаангүй мөөм идэхгүй гэсэн охин минь гарч ирээд эгч нь гэж өөрөө нялхаараа амьтан ээжийгээ эргэлдэн гоншигноно.
Аль альнийг нь гомдоохгүй, алаглахгүй гэж хичээх тусам бүр дордож нэг мэдэхэд охиноо загнаад уйлуулчихсан зогсож байна. Хүүхэд ингэж зовоох ч гэждээ гэж өөрийгөө буруутган, өөртөө дургүй хүрж эргээд ганцаараа нуугдаж уйлна.
Бага охин минь их эрт сэрдэг байлаа. Өдөр бүр үүрийн 5д сэрээд хоёр нялх хүүхэдтэй дээр нь хөл хориотой өдрүүд үргэлжилсээр, жин маань нэмэгдсээр толинд өөрийгөө нүцгэн харахаас ч дур гутдаг байлаа. Унжсан хөх, том гүзээ, бандайсан нүүр, ядарсан өнгөгүй царай, үнэндээ би өөрийгөө танихгүй болсон байсан.
Толь зүгээр өнгөрөөдөггүй, өөрийгөө харах бүртээ сэтгэл хангалуун зөрдөг байсан эмэгтэй 3 жилийн дотор толинд ч харахаас зайлсхийдэг болсон байв. Маш бардам тул би энэ бүхнийг тэр үедээ өөртөө хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй, бодохоос ч сул дорой санагдаж байсан тул зүгээр л хав дарчихдаг байсан.
Энэ өдрүүдэд, энэ үед надад бодогдож байсан нь “Хэн ч надад яагаад энэ бүхнийг ийм хэцүү шүү гээд чин үнэн бодитоор нь хэлсэнгүй вэ?” гэж их боддог байлаа.
Мэдээж сайхан үеүүд, хүүхдийн өгөх баяр баясалыг юутай ч зүйрлүүлэхгүй, хүн бүхэн л үүний тухай мэднэ гэхдээ үнэхээр энэ тэвчишгүй хэцүү сэтгэл хөдлөл, мэдрэмжүүд, тэвчих ёстой болдог өдрүүдийн тухай нэмэлт хачиргүйгээр надад хэн нь ч хамаагүй улаан нүүр рүү минь хараад анхааруулчихгүйдээ гэж бодсон.
Тэгсэн бол би сэтгэлээ илүү сайн бэлдэх байсан гэж бодогдсон. Би юу хийчихэв ээ? Би үнэхээр чадахгүй юм байна. Над шиг ийм муу ээж байдаггүй байх. Хүүхэдрүүгээ хараад заримдаа “Чи надаас яг юу хүсээд байгаа юм бэ??” гэж орилж уйлуулчихаад буцаад тэврээд өөрөө уйлаад уучлалт гуйгаад зогсож байхдаа.
Энэ бүгд байхгүй болчихоосой, өмнөх шигээ ганцаараа байх юмсан гэсэн нүгэлт бодолдоо гэмшихдээ. Энэ бүхнийг би ганцаараа биш маш олон ээжүүд ив ижил бодож байсан, тэр ичмээр бодол сэтгэлүүд төрж байсан, энэ бүхэн төрсөний дараах сэтгэл гутрал гэж нэрлэнэ үү юу гэж нэрлэнэ ямар ч байсан нийтлэг байдаг, тохиолддог, даван туулаад гардаг гэдгийг мэдэж байсан бол би тэгтлээ өөрийгөө буруутгаж үзэн ядахгүй байх байсан байх гэж бодогддог юм.
Магадгүй ичээд, гаргаад хэлчихвэл шүүмжлэгдэхээс айсандаа энэ бүгдийг хэн ч ярилгүй нуудаг байх. Гэхдээ ярих хэрэгтэй, хуваалцах шаардлагатай, бусдын төлөө, өөрийнхөө төлөө. Ингэж их бие мах бодиороо ч, сэтгэл зүйгээрээ ч ядарсан, туйлдсан хүмүүсийн харилцаа эрүүл байх боломжгүй нь тодорхой.
Гангалж гараад болзоонд явахдаа ярих хосуудын яриа, сэтгэл хөдлөл; үүрийн 5 цагт нойр дутуу босоод хүүхдийн баас шээс, уйлаан дунд өрнөх яриа, стресс маргалдаанаар солигдох үед ямар ч хосын харилцаа маш хүнд шалгуурыг даван туулах болдог.
Хүүхдүүдээ л аятайхан харж хандаж байвал, урдахаа л хийж, ажил төрөл амьдралаа л зохицуулж байвал болоо гэж бодох энэ үед л бид алдаж байдаг юм билээ. Энэ бүхнээс урьтаад өөрсдийгөө, өөрсдийн харилцаагаа эргэж харах ёстой байдаг юм байна лээ.
Бие биенээ хэний ээж, хэний аав гэдгээр нь биш хувь хүн талаас нь эргэж олж хараад, харилцаа хайрынхаа гал цогийг унтраалгүй хүчээр хичээгээд ч хамаагүй авч үлдэх нь чухал байдаг юм билээ.
Хоёулахнаа байх цаг боломж заавал гаргаж, тэр үедээ өөр юунд ч анхааралгүй бие биедээ л анхаарч, аль аль тал нь анх дурласан шалтгаан, хэн хэн нь юу юуг даван туулж байгаа болохоор энэ нөхцөл байдал үүсээд, юу мэдрээд, юу нь хэцүү байгааг эрүүл ухаанаар бодож тунгааж, яаж хамт даван туулах талаар илэн далангүй ярилцах нь чухал.
Туулах арга зам нь ямар байх нь хамаагүй, яадаг ч байсан энэ бүхэн хангалттай үнэ цэнтэй, үүний төлөө би ингэж хичээж, энэ хэмжээний золиос гаргаж, буулт хийж чадна гэдгийг хоёр талаасаа гаргаж тавиад чин үнэнээсээ ойлголцож чадвал эрүүл харилцаагаа эргээд босгож чадах юм байна гэдийг харсан.
Энэ бүхнийг туулаагүй эх хүн, харилцаа нь асуудалгүй хос гэж хэзээ ч байдаггүй. Юм бүхэн харагдаж байгаа шигээ байдаггүй, ил гаргаж ярьдаггүй л болохоос хүний амьдралд маш олон зүйлс тохиолдож, даван туулж, эсвэл давж чадалгүй цөхөрч бууж өгөхийн наана цаана дээсэн дээр алхаж явах нь ч бий.
Хэзээ ч битгий өөрийн мэдэхгүй зүйлсийн талаар мэддэг мэт бусдыг дүгнэж ярьж байгаарай. Зарим хүмүүс сэтгэлээрээ үхэх сэхэхийн хооронд байгаа ч наанаа инээж, гэртээ ороод цурхиртлаа ганцаардан уйлан суух нь бий.
Энэ л үедээ сэтгэлээ уудалж ярьж чаддаг байгаарай, буруу шийдвэр гаргасан хойноо эсвэл өөрчилхөд дэндүү оройтсон үед эргэж харахгүйн тулд өмнө нь өөртэйгээ эсвэл бусадтай ярилцаж, санаа зоволгүй тусламж хүсэж байгаарай. Хүн хэзээ ч ганцаараа нэг зовлонг туулж байдаггүй, уудлаад гаргавал бүгд л ижил төстэй зүйлсийг мэдэрч, туулж ядан амьдарч байдаг.
Шүүмжлэгдэхээс айсан сэтгэл, бардамнал, гаргаж ярьж чадахгүй торсон үгнүүд хүн бүрт бий. Миний хувьд нэг л өдөр би тэсэрчихсэн. Толинд өөрийгөө нэг хараад, дотор мэдрэгдэж байгаа тэсвэрлэшгүй хэцүү мэдрэмжүүдээ зүгээр л гаргаад асгачихсан. Буцаад өөрийгөө олж авах, нийлүүлэх, эвлүүлэх амар байгаагүй. Эхлээд өөртөө хатуу шаардлага тавьж бага багаар хассаар нийт 15кг хассан.
Энэ бүхнээ зарлаад байгаагүй тул хүмүүст хялбар санагдсан мэт, надад л амар байсан мэт хандаж асууж байсан нь харамсалтай. 2 төрсөн хүнд энэ бүхэн хэрхэвч амар биш, маш их бие сэтгэлийн хатуужил шаардагдах нь ойлгомжтой.
Эргээд өөрийн бие хаагаа олж аваад, хувцаснууддаа өмнөх шигээ гоё харагдаад ирэхээр хүний сэтгэл санаа ч дээрдэж, өөдрөг болж байгаа юм. Тэгээд дотоод хүнтэйгээ маш их ярьсан, өөрийгөө хувь хүнээ эргэж олж авахын тулд хэдэн шөнө хэдэн цагаар өөртэйгээ ярьж, шаардлагатай бол бичиж, инээж уйлсаныг бүү мэд.
Үнэхээр хийхийг хүсэж буй зүйлээ эргээд олж харж ажил болгож эхэлсэн, өөртөө үнэ цэнэтэй зүйлсийг тодорхойлсон, надад муухай таагүй мэдрэмж өгдөг зүйлсээс, миний гаргасан сэтгэлийг үнэлдэггүй хүмүүсээс зайгаа барьж эхэлсэн. Хүмүүс хаа сайгүй миний амьдралыг миний өмнөөс мэдэн элдвээр ярьж, санаанд оромгүй зүйлс бичиж илгээж байхад ч инээгээд хаяж чадах болсон.
Хоёр хүүхдийн ээж, бизнес эрхлэгч, сайхан эмэгтэй, ухаалаг бүсгүй, сайн найз, эхнэр, айлын отгон охин, тансаглаж зугаалдаг бүсгүй, худлаа цэцэрхсэн хүүхэн, инфлюнсэр…энэ бүх бусдын оноосон нэрийг өөртөө үүрэх гэж би энд амьдраагүй, хүмүүс хүссэнээ л харж, хүссэнээ л ярьдаг, харин өөрт өгөгдсөн энэ цаг хугацаандаа өөрийн зөв гэж бодсоноор бусдад аль болох төвөг удахгүй чадахаараа туслаж, гэрэлтэж, гэрэлтүүлж л амьдрахыг хичээж яваа билээ.
Сэтгэгдэлүүд