нийгэм

ТҮК-ийн ажилтан Лхагвасүрэн: Залуучууд биднийг дорд үзэж, маш хүндэтгэлгүй харьцдаг

0

Бид өнөөдөр улсын хөгжлийн талаар гэхээсээ илүүтэй хувь хүмүүсийн хөгжлийн талаар ярих шаардлагатай болж. Учир нь эх орны хөгжил 100 хувь ард иргэдийн боловсрол, ухамсар, хүмүүжилтэй хамаатай байдаг билээ. Гэтэл бид одоо хүртэл гудамжинд шээж баадаг, хаа сайгүй шүлсээ хаядаг, хогоо хогийн саванд хаяж мэддэггүй, амнаасаа хараал урсгасан залуучуудаа сэнхрүүлж чадахгүй л байна. Мөн үе үеэ шүүмжилж суухаас өөр зүйл хийж байгаа нь алга.

Хүн “хүн” шиг байна гэдэг өөрөө хамгийн чухал зүйл. Ялангуяа хүнийг хэн байхаас нь үл хамаарч хүндэлж чаддаг байна гэдэг хамгийн том соёл юм. Тэр ч утгаараа та бүхэнд энэхүү ярилцлагыг хүргэж байна. Үүнийг уншаад та хогоо газар хаяж байвал өөрийгөө би “хүн” болоогүй байна даа хэмээн дүгнээрэй.

Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Уншигчдад маань өөрийгөө танилцуулаач.

Чамд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Лхагвасүрэн гэдэг.

Хот тохижилтын ажлыг та хэдэн жил хийж байна вэ?

Ах нь энэ ажлыг 15 гаруй жил хийж байна даа…

Намайг өглөө эрт ажилдаа байхад л хот тохижилтын ажилчид аль хэдийн ажилдаа орчихсон байдаг. Ер нь өглөө хэдэн цагаас таны ажил эхлээд хэдэн цагт дуусдаг вэ?

Үүрийн 05:00 цагаас эхлээд л орой дуусдаг.

Хот тохижилтын ажилчдын цалин миний бодлоор бага юм шиг санагддаг. Энэ бол төрийн албан хаагчийн оффисын ажилтай харьцуулахад олон цагаар нар салхинд хог шороо цэвэрлэдэг хамаагүй хүнд хөдөлмөр шүү дээ. Цалингийн тал дээр та ямар бодолтой байдаг вэ?

Цалингийн хувьд надад бага санагддаг. Тэгээд л татвар шимтгэл энээ тэрээ гээд хасагдаад л гар дээрээ маш бага мөнгө авдаг. Цөөхөн ам бүлтэй хүмүүст цалин нь хүрэлцдэг л байх. Над шиг олон үр хүүхэд, ач зээтэй хүнд дөнгөн данган л хүрдэг дээ.

Та өөрийн ажлын онцлогийг тодорхойлж юу гэж хэлэх вэ?

Хүнд хэцүү ч гэсэн үнэхээр урамтай ажил. Хийсэн,бүтээсэн, цэвэрлэсэн бүхнээ эргээд харах маш сайхан байдаг юм. /Инээв/ Хийж чадвал мэргэжил бүхэн сайхан шүү дээ.

Ажлаа хийж байхад хэцүү зүйлүүд зөндөө л гардаг байх. Танд ажлаа хийхэд юу хамгийн ихээр хэцүү санагддаг вэ?

Ажлын хүнд нөхцөл, хэцүү зүйлүүдээс илүү бидний ажлыг үнэлдэггүй хүмүүс надад үнэхээр том асуудал болдог. Зовж зовж хийчхээд хийсэн ажлаа эргээд харахад эвдэлж сүйдчихсэн, хогтой байхыг харах маш муухай санагддаг. Хүмүүст бид яахав цэвэрлэгч нэр зүүсэн дорд хүмүүс шиг санагдаж байж болно л доо. Гэхдээ хэр баргийн хүн бидний ажлыг хийж чадахгүй шүү. Ялангуяа одоогийн залуус үнэхээр соёлгүй, дээрэнгүй санагддаг. Хогийн сав урд нь байхад л хогоо нүдэн дээр хаяад явчихна. Эмзэглэмээр…

Та ирээдүй хойч болсон хүүхэд залуустаа хандаж юу гэж хэлмээр байна?

Хүүхэд залуус маань аль болох бусдын хөдөлмөрийг үнэлж хамгаалдаг байгаасай гэж хүсэж байна. Хүн бүхэн ухамсартай байж хогоо хогийн саванд хаяж, соёлтой байж сураасай. Зарим хэсэг нь бидний ажиллаж байгааг хараад энэ хүмүүс чинь ингэж хөдөлмөрлөж байна, бид нар энэ хүмүүсийн хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй гэж ухамсарлаж байгаа юм шиг л санагддаг. Зарим нь ч тэгж боддоггүй юм шиг байгаа юм.

Залуус таны хэлснийг ойлгож хүлээж авна гэдэгт итгэж байна. Нийслэлийнхээ төлөө, бидний амьдарч байгаа орчныг цэвэрхэн байлгахын төлөө ажиллаж хөдөлмөрлөж байгаа танд талархлаа илэрхийлье. Ажилд нь амжилт хүсье.

За баярлалаа. Дүүдээ бас өндөр амжилт хүсье.

Амьдралд шалтаг тоочоод, юм болгоныг гоочлоод байвал хэзээ ч дуусахгүй. Тиймээс адаглаад хогийн сав алга гэж уурлахынхаа оронд түрхэн зуур хогоо халаасандаа хийгээд хогийн саванд хаяж хэвшээрэй.

Тусгай салааны Номин:Энэ удаад үнэхээр чимээгүй өнгөрж чадсангүй POSITIVE MONGOLIANS!!!

Өмнөх нийтлэл

Г.Эрдэнэчимэг: Дарамталсаар байгаад л араг түшүүлж төрүүлээд, нүүрийг нь будуулахаа болиулчихлаа гэдэг. Яг үнэндээ…

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм