Хоёр жилийн өмнө буюу 2019 онд болсон хэргийн шүүх хуралдаан өнгөрөгч аравдугаар сарын сүүлээр болж, шийдвэрээ гаргажээ. Үүгээр 21 настай залуу бусдыг бие хянах чадваргүй, согтуу байхад нь далимдуулан бэлгийн харилцаанд орсон гэх үндэслэлээр гурван жилийн хорих ял сонссон байна.
Хэргийг эргэн сануулбал, 2019 оны зургадугаар сард хохирогч А найзуудынхаа хамт, нэгнийнхээ гэрт 25 литрийн пиво авч, бөөндөө ууцгаасан байдаг. Харин А энэ өдөр жирэмсэн болсон бөгөөд өдгөө хүүгээ төрүүлжээ.
А хуулийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ “Би ер архи уудаггүй. Тэр өдөр 4-5 аяга пиво л уусан. Ууснаа гаргачихаад гэртээ харья гэж бодоод, унтсан. Сэртэл өмд минь буруу харсан байсан. Маргааш нь бэлэг эрхтэн өвчин орсон байсан” гэж ярьсан.
Дараа нь эмнэлэгт үзүүлэхэд хөл хүнд болсон нь тогтоогджээ. Иймд “Хэн нь надтай бэлгийн харьцаанд орсныг мэдэхгүй. Нэг таамаг байгаа. Намайг хүч хэрэглэсэн зүйл байхгүй. Гэхдээ согтуу, хяналтгүй үед ийм зүйл болсонд гомдолтой байна” гэж мэдүүлэг өгсөн байдаг.
Харин хүү төрж, эцэг тогтоолгох шинжилгээ хийсэнд тухайн үед пиво ууцгаасан залуусын нэг Д болох нь батлагджээ. Д-гийн хувьд “Өмнө нь бид хоёр бэлгийн харилцаанд орох тухай ярилцаж байсан. А дараа болъё гээд хойшлуулж байсан. Тэр өдөр би өөрөө маш согтуу байсан. Бэлгийн харьцаанд орчихоод харьсан” гэж мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл хэргээ хүлээжээ.
Иймд Д-г өнгөрөгч аравдугаар сарын 27-ны шүүх хуралдаанаар гэм буруутайд тооцож, гурван жилийн хорих ялаар шийтгэсэн байна.
Олон нийтийг согтууруулах ундааны зүйлийг хяналтаа алдталаа хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлэх үүднээс мэдээлсэн болно.
Сэтгэгдэлүүд