Бэлгийн хүчирхийлэлд өртөх эрсдэл ихтэй, мөн боолын хөдөлмөр эрхлэж байдгаас болоод Энэтхэг улс эмэгтэйчүүдтэй “эвгүй” харьцдаг орнуудын жагсаалтын эхэнд бичигджээ. “The Thomson Reuters” сан мягмар гарагт тайлан нийтлүүлснийг СNN мэдээлсэн байна.
Энэ орны соёл, ахуйн уламжлалаас үүдэлтэйгээр хүчирхийлэл эмэгтэйчүүдийн хувьд аюултай түвшинд хүрчээ. Энэтхэгт эмэгтэйчүүд рүү хүчил цацах, тэднийг эрэмдэг зэрэмдэг болгосон мэс засал хийх, бага насны охидыг гэрлүүлэх, хүчирхийлэх явдал цөөнгүй гардаг байна. Долоон жилийн өмнө явуулсан ийм судалгаанд Энэтхэг улс дөрөвдүгээр байрт бичигдэж байжээ.
“Хүчирхийлэл, түүний дотор гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн дарамтад өртөх, хавчин гадуурхах явдал огт алга болоогүй юм” гэж Энэтхэгийн Карнатака муж улсын засгийн газрын төлөөлөгч Манжунат Гангадхара “Thomson Reuters” сангийнханд хэлсэн байна.
Энэтхэгийн дараа Афганистан, Сири, Сомали, Саудын Араб, Пакистан, БНКонго Ард Улс, Йемен, Нигери, АНУ оржээ. АНУ эмэгтэйчүүдийн хувьд хамгийн таагүй орнуудын жагсаалтад орсон өрнөдийн цорын ганц орон болсон байна. Киноны урлагийн салбарт хүчирхийлэл их байдгийг 2017 онд байгуулагдсан MeToo хөдөлгөөн илрүүлсэн юм.
Санал асуулгад эмэгтэйчүүдийн эрхийн асуудал судладаг 550 шинжээч оролцож, эмэгтэйчүүдийг хүчирхийлж, ялгаварлан гадуурхдагтай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд улс орнуудын оруулж буй хувь нэмэрт үнэлэлт дүгнэлт өгсөн байна.
1982 онд байгуулагдсан “Thomson Reuters” сан нь олон нийтийн мэдээлийн хэрэгслийн хөгжил, эмэгтэйчүүдийн эрх, авлигын эсрэг тэмцэх асуудал судлаж, хуулийн үнэ төлбөргүй тусламж үзүүлдэг АНУ, Их Британид бүртгэлтэй буяны байгууллага юм.
Сэтгэгдэлүүд