нийгэм

М.Буд: Crush-даа таалагдахын тулд гитар тоглож сурсан

0

Одоогоос хоёр, гуравхан хоногийн өмнө Сүхбаатарын талбай дээр гитар тоглоод, дуу дуулж буй өсвөр насны хөвгүүний бичлэг цахим орчинд цацагдаж, багагүй шуугиан тарив. Бяцхан биендээ баймгүй эвлэгхэн хоолойтой, шаггүй авьяастай түүнийг М.Буд гэдэг.

Дуу, хөгжмийг өөрийнхөө эд, эс мэт мэдэрч, хайрладаг гэх тэрээр хөгжим тоглож, дуу дуулахаас гадна хэд хэдэн дууны үг, ая зохиосон авьяаслаг нэгэн. Хэл сурч, авьяасаа хөгжүүлээд, эх орныхоо нэрийг гаргасан дэлхийн дуучин болно гэж хэвлүүхэн өгүүлэх түүнтэй цөөн хором хөөрөлдсөнөө хүргэе.

-Хэзээнээс гитар тоглож сурсан бэ. Тоглож сурахад амаргүй хөгжим шүү дээ. Хуруу, гар өвдөж, холгоно, чилнэ гээд багагүй асуудал үүссэн байх ?

-Хөл хорионы үеэр гитар тоглож сурсан. Намайг тоглож сурахаас өмнө манайд нэг гитар сувинерийн үүрэгтэй л байсан. Тэгсэн нэг өдөр хамаатны маань ах ирээд, тоглож үзүүлсэн юм. Ахыгаа хараад гитар тоглож сурахыг маш их хүссэн. Гэхдээ яг үнэндээ миний гитар тоглож сурах зорилго бол Crush-даа таалагдах байсан. Гэхдээ бүтээгүй л дээ. /инээв/ Эхэндээ Youtube-ээс бичлэг үзэж давтдаг байсан. Мөн эгчийгээ дуулуулж байгаад хөгжимддөг байлаа. Харин хоёр сарын өмнөөс “Хурд” хамтлагийн дуучин Д.Отгонбаяр ахын сургалтад сууж эхэлсэн. Сургалтад суух нь гэртээ ганцаараа хөгжим тоглохоос тэс өөр юм билээ. Ижил сонирхолтой хүмүүстэй танилцана. Хөгжим тоглох чадвар ч сайжирдаг.

-Хуруу гар өвдөж, чилээд шантарч байв уу?

-Шантрах үе олон байсан. Хуруу өвдөнө, чилнэ. Амаргүй л дээ. Гэсэн ч өөрөө дуртай болохоор хойш суугаагүй. Хүн ер нь дуртай зүйлээ хийж байхдаа цаг хугацаа өнгөрсөн эсэхийг ч анзаардаггүй шүү дээ.

-Авьяастай хэдий ч түүнийгээ олж нээгээгүй хүн олон байдаг шүү дээ. Чиний хувьд 10 гаруйхан насандаа авьяасаа олж, өөрийгөө хөгжүүлж байгаа нь сайхан санагдлаа?

-Намайг анх дуу аялж хэлд орсон гэж ээж, аав минь ярьдаг юм. Миний санаж байгаагаар би цэцэрлэгт байхаасаа л дуулж эхэлсэн. Цэцэрлэгээс зохиогдсон уралдаан тэмцээнд их оролцдог байсан.

-Айлын хэд дэх хүүхэд вэ?

-Би нэг ах, нэг эгч, нэг дүүтэй. Айлын дунд хүү. Агаа надаас хоёр насаар ах. Тиймээс би ахтайгаа л тоглож өссөн. Ер нь эмээ, агаа хоёр маань л намайг хүмүүжүүлсэн дээ. Аав, ээж хоёр ажилдаа, аниа хичээлдээ явна. Эмээ, агаа хоёртойгоо л үлддэг байсан.

-Будын мөрөөдөл юу вэ, ямар мэргэжилтэй хүн болохыг хүсдэг бол?

-Олон улсад танигдсан, эх орныхоо нэрийг гаргасан дэлхийн дуучин болохыг хүсдэг. Тиймээс ойрын хугацаанд англи хэл сурахыг их хүсэж байгаа. Учир нь хэл мэдэхгүй бол олон улсын тайзанд гарч, дуулж чадахгүй шүү дээ. Мэргэжлийн хувьд одоогоор яг хэлж мэдэхгүй байна. Урлагийн чиглэлийн мэргэжил эзэмшиж ч магадгүй. Тэс өөр салбарт ч суралцаж мэднэ. Гэхдээ ямар ч мэргэжил эзэмшсэн дуу, хөгжмөөс хэзээ ч холдохгүй.

-Цахим орчинд дуулж буй бичлэг нь цацагдаад, олон хүнд таалагдсан байсан. Ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Миний дууг олон хүн үзэж, сэтгэгдэл бичсэн байхыг хараад “Улам их хичээнэ ээ” гэж бодсон. Хүмүүс намайг таньдаг болсон юм шиг байна лээ. Гадуур явж байхад шивэр авир гээд л байдаг. Гэхдээ таньж байгаа бол хүрээд ирвэл гоё. Даанч хоорондоо ярилцаад, хараад л өнгөрдөг. Анх өөрийнхөө дууг сонсохоор инээдтэй санагдаад, ичээд байдаг байсан. Одоо бараг дасчихсан дөө.

-GoodSoil music гэх газар олон залуусыг авьяасыг хөглөж буй юм шиг санагдлаа. Энэ газартай хэрхэн холбогдсон бэ?

-Дуулах сонирхолтой, дуу хөгжимд хайртай залуучууд клуб үүсгээд, ажиллаж байгаа. Манай үүд хаалга хөгжим тоглож, дуу дуулах сонирхолтой хэн бүхэнд нээлттэй байдаг. Би саяхнаас энэ клубын гишүүн болсон. Манай клубын ах нар гитар хөгжмийг маш сайн тоглодог. Ах нараасаа олон зүйл сурч байгаа. Би саяхан GoodSoil music-аас зохион байгуулагдсан дууны тэмцээнд оролцсон юм. Тэмцээний маань хариу одоохондоо гараагүй л байгаа. Түрүүлэх юм бол хүссэн дуугаа клиптэй нь хийлгэх эрхээр шагнуулна. Тиймээс хэрэв тэмцээнд түрүүлбэл өөрийнхөө зохиосон дууг гаргана гэж бодож байгаа. Ямартай ч тэмцээний дараа ах, эгч нар маань намайг клубынхээ гишүүнээр авсан.

-Гитар тоглож, дуу дуулахаас өөр ямар авьяастай вэ?

-Би гитар, юкүлүлэ тоглодог. Цаашдаа төгөлдөр хуур тоглож сурахыг хүсэж байгаа. Мөн дууны үг, ая бичдэг. Одоогоор дөрвөн дууны үг, ая зохиосон. Нэгийг нь олон нийтийн сүлжээнд байршуулчихсан. Одоохондоо нот бичиж чадахгүй ч сонсгол, мэдрэмжээрээ аяа зохиодог. Даралтынхаа бичиглэлийг мэднэ. Гэхдээ эхэлж шүлгээ бичээд, шүлгэндээ тааруулж ая зохиодоггүй. Надад одоогоор үг нь ороогүй 6,7 ая бий. Ер нь онгод хаана ч, хэзээ ч орж болно.

-Ярилцсанд баярлалаа, амжилт хүсье.

-Баярлалаа, танд ч мөн амжилт хүсье.

eagle.mn

84 сургуулийн сурагчид караoкены байранд хичээллэнэ

Өмнөх нийтлэл

МУГЖ Н.Онон: Охин online хичээллэх хувиартай, жаахан гунигтай л байх шиг. Гэхдээ л сэтгэл нь хөдлөн дүрэмт хувцсаа өмссөн сууж байдаг шүү

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм