нийгэмОнцлох

Орос эхнэрийн өмнөөс америк нөхөр…

0

Хөөе манайхаан, энэ эмэгтэйг үдийн хоол болгоод үмхчихээсээ өмнө арай өргөн утгаар нь аан гээд бодъё доо. Ц.Оюунгэрэл ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин, намынхаа сунгаанд оролцох болсноо мэдэгдсэн нь хэд хэдэн эерэг талтай гэж би бодож байна.

#1. Энэ бол геополитикийн дайн.

АН-д Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдэж болох бас нэг эмэгтэй бий. Тэр бол С.Одонтуяа. З.Нарантуяа ч бас хүчтэй эмэгтэй. Гэхдээ энэ удаа Ц.Оюунгэрэл түрүүлж дуугарлаа. Яагаад? Учир нь тэр америк нөхөртэй. Гуравдагч хөршийг мөрөөдөөд хэдэн аравныг барсан, анхны Ерөнхий сайд А.Амарыгаа Германд оюутан илгээснийх нь төлөө Москвад буудуулсан монголчуудын хувьд яг өнөөдрийн байдлаар М.Энхболдоос Х.Баттулга хүртэлх Орос, Хятад хоёрын дунд хашаатай сууж байгаа нь үнэн шүү дээ. Ямартаа гаднын хөрөнгө оруулалт царцаж, дээр нь үндэсний томоохон үйлдвэрлэгчид маань гаднын компаниудад хувиа зараад эхэллээ. Монгол дахь улс төрийн дээрмээс болгоомжилж, олон улсын хамгаалалт хүсч буй алхам гэж үүнийг ойлгож байгаа. Ц.Оюунгэрэл энэ сонгуульд намаасаа ч цухуйж чадахгүй байж мэднэ. Үүнийгээ тооцоогүй гэж бодож байна уу? Гэвч америк нөхөртэй монгол эмэгтэй улсынхаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ нүүр бардам мэдэгдлээ. Энэ чинь өөрөө бодлого. Тэгж яривал Чингис хаан охидоо торгоны зам дагуух улсуудад бэр болгон илгээж, манай ноёдод манжууд гүнжээ бэлэглэснээс эхлээд өдий хүртэл үргэлжилж байгаа том бодлогын торгон залуур шүү. Энэ удаа америк нөхөртэй эмэгтэй түрүүлж дуугарлаа. Монголыг гадаад ертөнцөд илэрхийлэх өөр арга, өөр дуу хоолой. Эндээс нэг монгол эмэгтэй ардчилсан нийгмийн төлөөлөл болон сонгуульд өрсөлдөхөө зарлаа л биз, үүнийг ганцхан бид бус, дэлхий сонсож буй нь гайхалтай биш юм уу?

#2. Энэ бол хандлагын өөрчлөлт.

Ц.Оюунгэрэл гайгүй яваа хүүгээ татаж унагаалаа гэлцэх юм. Уучлаарай, 20 хол гарсан залууг заавал ээжтэй нь нааж ойлгоод байгаа монголчуудын сэтгэхүйд учир их байна. Тэд чинь тус, тусын амьдрал, өөр өөрийн эрх, үүрэгтэй хувь хүмүүс, хуулийн өмнө бие даасан иргэн. Агуу яруу найрагчийн хүүхдүүд яагаад шүлэг бичдэггүй юм гээд тэнгэрт одсон нэгнийхээ гэр бүлийг яллаад байдаг, ээжийнх нь улс төрийн байр суурийг хүүгийнх нь зорилго, ирээдүйтэй хольж хутгаад, хойно урд нь дэгээ тавиад байдаг хөгийн хандлагаасаа салах хэрэгтэй гэсэн дохиог харин тэд өглөө.

#3. Энэ бол хүйсийн өрсөлдөөн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд МАХН-аас Нацагийн Удвал нэр дэвшиж байлаа. Тэр үеийн сонгогчид түүнд 6,5 хувийн санал өгсөн боловч Монголын нийгэм сууриараа энэ эмэгтэйд илүү хүндэтгэлтэй хандсан юм шүү. Н.Удвал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн нь эмэгтэйчүүдийн хувьд өөр цаг үе эхэлснийг дохиолсон. Үүнтэй хэн ч маргахгүй. Ц.Оюунгэрэл ч бас зөвхөн үүний төлөө өөрийнхөө нэр төрийг гишгүүр болгон дэвсэж өглөө. Хожим, магадгүй анхны эмэгтэй Ерөнхийлөгч сонгогдож гэмээнэ, энэ эрхэмсэг ахайтнуудын өмнө гүнээ мэхийнэ. Учир нь тэд гутаагдан доромжлогдохоос айлгүй энэ их зоригийг гаргаж, ирээдүйн эмэгтэй Ерөнхийлөгчийн ивээс болсон юм.

#4. Энэ бол сонголтын өөр задаргаа.

За одоо наад АН-аа хар даа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд парламентад суудалтай нам 50 нас хүрсэн гишүүнээ нэр дэвшүүлэх эрхтэй. АН гэдэг улс төрийн хүчин чинь намнуулсаар байгаад хамаг сороо ханаруулаад хориулчихсан, ядаж байхад өнөөдүүл нь араасаа хүчтэй залуу үеэ бэлтгээгүй. Гайгүй толгой өндийж явсан залуус нь ч бүгд хэрэгт орооцолдсон, зориуд орооцолдуулсан. Одоо ер нь толгой өндийлгөх хүн олоод ирье гэсэн ч цөөн. Толгойгоо өндийлгөсөн нь шалтагтай шалтаггүй хоригдож ч магадгүй дарамт хүчирхийллийн байдалтай нүүр тулсан. Тийм байлаа гээд яахаараа ганцхан сонголттой нүүр тулах ёстой юм бэ, хэлээд өгчих. Шинэ Үндсэн хуулиар одоогийн Ерөнхийлөгчийн нэр дэвших, үгүй нь ч эргэлзээтэй байгаа.

#5. Энэ бол сонгууль, сонголтгүй тулгалт биш. Харин ч би АН болон МАН, ХҮН, МАХН гээд парламентад суудалтай намуудын 50 нас хүрсэн гишүүд энэ мэтээр мэдэгдэл хийгээсэй гэж хүсч байна. Бидний харах өнцөг олон, саравчлах зүг олон байх тусмаа сайн. Тэгээд ч Монголын улс төрийг АН, МАН гэсэн хоёрхон хашлагын дунд ганц хоёрхон хүнээр хэмжиж, хэлцэж, харахаас залхаж байна. Энэ чинь өөрөө мухардал шүү. Ямар Ленин багш гараа өргөж эрүүгээ өлийлгөөд зүг заахыг хүлээж байгаа биш дээ. Тэр чинь К.Марксынхаа сахал руу л заагаад байдаг юм байх чинь билээ. За ийм л байна. Парламентад суудалтай намууд ч гэсэн унтаад байхаа боливол таарна. Айдсаар юу ч хожихгүй шүү. Ц.Оюунгэрэл намаасаа гараагүй, хэрэв гарвал нэр дэвшинэ гэдгээ зөвхөн мэдэгдэхэд л хэрхэн доргиж буйгаа хар, энэ тэгээд өөрчлөлт хүссэн нийгэм биш юм уу?

Р.Эмүжин

Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшор компаниуд илрэв үү-3

Өмнөх нийтлэл

УОК 14 хоног хатуу хөл хорио тогтоох саналыг дэмжлээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм