нийгэмОнцлох

Хүүхдийн амь аварсан Б.Сарандорж: Цонхоор дүүжлэгдсэн охины гараас дөрвөн настай эгч нь бариад торгоож байсан

1

Энэ сарын 7-ны шөнө “Богд-Ар” хорооллын зургаан давхрын цонхноос  бага насны эмэгтэй хүүхэд зүүгдэн, эгч нь гараас нь барин аргацааж байжээ. Хөршийнхөн нь эмнэлэг, цагдаа дуудсан ч бяцхан охид тусламж иртэл тэсвэрлэж чадахааргүй байсан тул дээд айлынх нь залуу хөршийнх нь тагтаар дамжин, цонхыг нь хагалан охидын амийг аварсан тухай тус хорооллын оршин суугчид мэдээлсэн юм. Өдөр бүр бяцхан үрс эндсэн харамсалтай мэдээлэл ар араасаа хөврөх болсон өнөө цагт иргэний эр зориг гарган хүүхдийн амь аварсан 21 настай Б.Сарандоржтой ярилцлаа.

-Энэ үйл явдал хэдэн цагийн үед болсон бэ. Та анх яаж мэдээлэл авав?
-Долдугаар сарын 6 7-нд шилжих шөнө 02:10 цагийн үед хүмүүс шуугилдаад байхаар нь хэрэгт дурлаад цонхоор хартал  “Доод давхраас чинь хүүхэд цонхоор уналаа” гэж хүмүүс орилсон.Санд мэнд гэрийн углааштайгаа буугаад очтол дээд, доод айлынхан, хөршийн залуучууд гараад ирчихсэн байсан. Ер нь бол анх орцны үүдэнд эхнэр, нөхөр хоёр маргалдаж зогсоод, дээшээ хартал бага насны хүүхэд цонхон дээр зогсож байж. Тэгээд “Хүүхдээ аваарай” гэж орилсон ч хэн ч гарч ирээгүй гэсэн. Цаана нь мөн бага насны хүүхэд харагдсан тул сандарч орилсноор ойр хавийнхан мэдэж.

Ямар азаар гадаа хүн байж таарсан юм л гэж бодсон. Түүнээс шөнө дунд хаана, юу болж байгааг тэр бүр мэдэх боломжгүй шүү дээ. Хажуу айлын хүн нь “Хүүхэд уйлах чимээ бага зэрэг л сонсогдсон” гэж байсан. Хүүхдүүд ямар нэг шалтгаанаар уйлж байдаг болохоор хэн нэгэн хараагүй бол аймшигтай зүйл болоход ойрхон байсан.

-Тэгэхээр нэг биш хоёр хүүхэд  цонхон дээр байжээ. Хүүхдүүд ямархуу байдалтай байсан бэ?
-Тийм. Гурав, дөрвөн насны эгч дүү хоёр байсан. Дүү нь цонхны гадна талд маш нарийн ирмэг дээр тогтчихсон, дөрвөн настай эгч нь дотор талаас дүүгийнхээ гараас зуурчихсан, байдаг чадлаараа татсан байдалтай байсан. Хоёулаа уйлаад, шоконд орчихсон. Сүүлдээ дуу ч гарах тэнхэлгүй болсон  байх. Хүмүүс “Доошоо харж болохгүй шүү. Айж болохгүй шүү” гэх мэтээр орилоод л байсан.

-Тийм байдалтай хэр удсан бол?
-Хоёулаа хэтэрхий жаахан болохоор тусламж хүсэж чадахгүй удсан болов уу. Биднийг олж харахаас өмнө хэр удсан юм, бүү мэд. Ямартай ч хажуу айлынхан нь тусламж дуудаж, эмнэлэг, цагдаа, 108-ынхан иртэл 20 орчим минут болсон. Бид тусламж дуудчихаад, зүгээр хараад суугаагаагүй. Хүн бүр л ямар нэг байдлаар туслахыг хичээж байлаа. Тэгэхгүй бол бяцхан охид хэчнээн удаан тэсэх билээ дээ.

хүмүүс биднийг унавал тосож авахад бэлдэн хөнжил, гудас барьж зогссон

-Албаныхан ирэхээс өмнө охидыг аварч амжжээ. Яаж техник хэрэгсэлгүйгээр зургаан давхрын цонх руу очив. Хэр хүндрэлтэй байсан бэ?
-Намайг буугаад очиход хажуу айлынхан нь хаалгыг нь онгойлгохыг оролдоод зогсож байсан.  Гэвч бүргэд хаалга эвдэж, онгойлгоход төвөгтэй. Тэгээд хажуу айл руу нь орж, тагтаар дамжин цонх руу очихоор шийдсэн. Хүмүүс сандралдчихсан байсан хэдий ч хоорондоо маш сайн ярилцаж, шийдвэр гаргаж байсан. Нэг хэсэг нь хаалгыг онгойлгох, бид тагт руу явах гэх мэт. Тэр айл хоёр цонхтой бөгөөд хүүхдүүд цаад талын цонхон дээр байсан.

Хамгийн хэцүү нь хоёр цонх хоорондоо нэлээд зайтай, хүрч очиход маш нарийн ирмэгээс өөр хөл тогтоох зүйлгүй байсан.  Хэрвээ дотор байгаа хүүхэд наад талын цонхоо онгойлгож өгөхөөр бидэн рүү гүйвэл дүү нь уначихна. Тийм болохоор бид бие биенийхээ гараас маш сайн барьж, арай жижиг биетэйгээр нь X ангийн хүүг наад цонх руу ойртуулж, цонхыг хагалуулсан. Ингээд цонх хагарсны дараа гараа оруулан дотор талаас нь онгойлгож, цонхноос зүүгдсэн охиныг дотор талаас нь өргөж авсан.Энэ хугацаанд байрны доод давхарт зогсох хүмүүс дээрээс нь шил унахыг ч тоолгүйгээр хүүхдүүд болон биднийг унавал тосож авахад бэлдэн хөнжил, гудас зэрэг зөөлөн материалтай зүйлс барьж зогссон.

-Хүүхдүүд яагаад шөнийн цагт асран хамгаалагчгүй байсан юм бол?
-Би аж амьдралыг нь сайн мэдэхгүй.  Хөршүүдийнх нь ярьж буйгаар ээж, аав нь ээлжийн ажилтай. Тэр өдөр  хамаатны дүүдээ хэлчихээд ажилдаа явсан байгаа юм. Хүүхэд харах ёстой хүн нь ирээгүй юү, харж байгаад түр орхиод гарсан уу мэдэхгүй. Магадгүй ээж, аавыгаа хайж цонхоор харж байгаад ийм зүйл болсон байх. Ямартай ч гэрийнхэнтэй нь холбогдох гэж нэлээд удсан. Манай байрныхан коронавирустэй холбоотой  тоолуурын заалтаа мессэжээр явуулж байгаа учир СӨХ-ноос гэрийн хаягаар нь утасны дугаарыг нь шүүлгэх гэсэн боловч мессэжээ устгасан байсан.

Цагдаа нар бичиг баримтаар хөөж, бүртгэлтэй утасны дугаарыг нь олсон ч холбогдоогүй. Тэгээд юнивишнтэй холбогдож, ахин нэг дугаар олсон ч утсаа аваагүй. Охид нэлээд айж, цочирдсон байсан ч эмнэлгийн тусламж ирсний дараа тайвширсан. Тэгээд би явчихсан. Миний сонссоноор нэлээд сүүлд гэрийнхэн нь мэдэж, ирсэн гэсэн.

-Энэ явдлын дараа гэрийнхнээс нь тантай холбогдсон уу?
-Одоогоор надтай холбогдоогүй. Харин хажуу айлынхаа хүмүүстэй уулзаж, талархсанаа хэлсэн гэсэн. Угаасаа энэ бол ганц миний биш, маш олон хүн санаа сэтгэл нийлж, ажилласан. Тэнд арав гаруй хүн байсан. Доор хэчнээн хүн байсныг мэдэхгүй.

-Хүний амь нас аварсан учраас байрныхнаас нь эхлээд олон хүн талархал илэрхийлж байгаа байх. Сэтгэгдэл хэр байна вэ?
-Мэдээж хүний амь нас аварсандаа баяртай байгаа. Бяцхан үрс эсэн мэнд байгаа нь л чухал шүү дээ. Бид чадах бүхнээ хийж, мэргэжлийн байгууллагуудад хүлээлгэн өгсөн. Ингээд бүх зүйл сайнаар дууссан нь сайхан. Түүнээс би магтуулах нь онц биш. Хэчнээн ажилтай ч хүүхдээ харгалзах хүнгүй, гэртээ түгжиж битгий орхиорой гэж эцэг, эхчүүдээс хүсмээр байна. Мөн СӨХ оршин суугчдынхаа,  хөршүүд бие биенийхээ утсыг мэддэг байх хэрэгтэйг ойлгосон.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Шинэ сайд нар Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл “яндан хөөлөх” үү?

Өмнөх нийтлэл

Коронавирус илрээгүй, хоёр хүн эдгэрлээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

1 Сэтгэгдэл

  1. mundag humuus ymaa baharhaj baina ta naraar

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм