нийгэмОнцлох

Ард түмэн, эх орондоо хайр зарлах хорь хоног

0

Нам, бүлэглэл, бие даагчдын тэмцэл хурцадсан өдрүүд Монголд үргэлжилж байна. Тэд боловсорсон, боловсролтой сонгогчдынхоо хүсэлд нийцэж, харцанд өртөхийн тулд юу ярих, яаж хувцаслах, ямар амлалт өгөх, хэрхэн өөрийгөө илэрхийлэх вэ гэдэгт тархиа гашилгаж байна. Хүн бүр асуудал дэвшүүлэгч, иргэн бүр шүүмжлэгч болсон энэ цагт нэр дэвшигчдийн сүүлчийн итгэл найдвар нь эх орончийн дүрд тоглох.

Гэрийн буйр шиг дугуйрсан уулзалтын тайзан дээр тэд ард түмэн, эх орондоо хайр зарлаж, хүн байхын учрыг тайлж, төрийн хүний тангараг уншиж, хамаг амьтны тусын тулд өөрийн амьдрал, ахуй, мөнгө төгрөг, хайран залуу нас, хүч хөдөлмөр, тархи толгойгоо зольж байгаа эх орончийн дүрд тоглоцгоож эхэллээТэд уулзсан хүн бүрт үнсүүлж, гар барьж, тэврэлдэн дотносож, гэрт нь цайлж, гэр хорооллын хог, шороо шуурсан гудамжаар “Аялж”, тэрбум тэрбумын хауснаасаа гарцгаав. Намтай нь төрийн эрх барьж үзээгүй юм шиг аашилж, намгүй нь төр эргүүлэх том том төлөвлөгөө ярьж эхлэв.

Төрд арилжаа, наймааны одтой, суусан газраасаа шороо атгадаг, үндэсний хэмжээний компанитай, банк санхүү, уул уурхайн магнатуудыг эх орон, газар нутаг гэж ярьсных нь төлөө сонгомооргүй байна. Хорь хоногт бүү хэл, хорин жил эх орон, ард түмний эрх ашгийг тэргүүн эгнээнд тавьж чадаагүй олигархиуд дэвшсэнийг саная.

Хорин жил Монголын улс төрд угжны ишиг, хурга  шиг явсан нөхөд өдгөө туршлага, бодлогын залгамж ярьж, шинэ засагт туг барих хүн зайлшгүй хэрэгтэй гэх башир аргаар тархи угаах ажиллагаанд шилжлээ. Нэг ийм үг байдаг даа. “Хурга байхдаа уураг сүүндээ цадаагүй бол төлөг болсон ч майлна” гэх үгтэй агаар дүйж, улс төр дэх сүргийн манлай, “Ухна” болохыг санаархагчдын бүлэглэл энэ удаагийн сонгуульд тун ч зальжин, ов мэх ашиглав. Тэд жишигдэх, харьцуулагдах тактик барьж, элийрлийн үзэгдэл болсон нөхдийг нэр дэвшүүлж, өөрсдийгөө тодруулж, сонгуульдаж байна.  

Тэдний олонх нь төрийн түшээ болоод, эргээд уулзах, уулзахгүй нь яах вэ, энэ удаад л эх оронч болж тодрох ёстой гэх хүлцэн тэвчихийн гайхамшгийг харуулж байна. Ийм нэр дэвшигчийн төлөөлөл эхнээсээ тодорч, Монгол Улсын Төрийн дууллын аяыг сонсоод л уйлж байх жишээтэй. Бүр цаашлаад, “Айл гэрээс ангид төр байхгүй” хэмээн гоё афоризм хадаж байгаад, жендерийн ялгавартай сурталчилгаа цацав. Гэтэл энэ мэт ухаалаг уриатай уулзалтын хажуугаар хөх инээд хүрэм, марзан яриа сурталчилгааны тайзан дээр хөвөрчээ. Тодруулбал, “Одоо л надад итгэл хүлээлгэ. Би хуралдаа сууна. Хууль батална. Нас ч тогтлоо. Би ажил хиймээр байна. Надад урам хайрла. Намайг дэмж” хэмээн ичих, эмээхийн зовлонгүй хашхирах тэрбумтан, бизнесмэнд уухайлан алга ташихыг харах гунигтай. Ийм л эрээ цээргүй, эх орончид улс төрд орох гэж шунахайрч, гишүүний бүрэн эрх гэх хамгаалалт дор тааваараа тарвалзахаар ийнхүү улайрч байна.

ЭХ ОРОНЧИД ЮМ УУ, ЭРҮҮГИЙНХЭН ЮМ УУ

Энэ удаагийн сонгуульд хэн нүүрэн дэх багаа хуу татна, хэн шударга, үнэн байна, түүнд боломж олдох магадлал өндөр. Ийм хандлагыг нэр дэвшигчид мэдэрч, ойлгосон учраас өнөөдрийг хүртэлх явсан зам, мөрөө зөвтгөх гэсэн, гоё харагдах гэсэн санал горилогчдын тавилтат, түүхий шоу ар араасаа хөвөрч, олныг баясгасаар байна.  Монголыг Сингапур шиг, Араб шиг болгох дүүрэн хүсэлтэй, эх орончидтой болчихлоо, бид.  Тэд цаасан дээр биш, газар дээрх хот байгуулж, иргэдийн төсөөлөлд буумгүй өндөр хөгжил амлав. Ингэж яригсдын дунд оффшор бүсэд мөнгөө мартагсад, Оюутолгойг гадныханд ашигтай байдлаар гэрээ үйлдэгчид, гол усыг ширгээж, газар нутаг ухаж цөлмөгчид багтав. Тэд урьдын адил инээж байгаад худал ярих нь шуналт хүмүүсийн нүүрэнд шударга ёсны баг зохьдоггүйг харуулах шиг.

Монголчууд бид үндэсний эх оронч үзэл санааны суурьтай ард түмэн. Эх орон, ард түмний эрх ашиг, халуун амь, бүлээн цус ярьсан бүхэн яагаад ч юм сэтгэлд хүрч, зүрх огшоож, бодол сэргээдэг. Бидний цусанд эх орон гэх үнэт дархлаа тогтчихсон. Тиймээс л өнөөдрийг хүртэлх бүх цаг үед бидний энэхүү үнэт чанар, үзэл санааг албан тушаал, эрх мэдэл, төрийн дээд байгууллагад очих шат, хаалга болгон ашиглагчид аль ч цаг үед байсан. Ам нээх бүртээ “Иргэдийнхээ төлөө, өрх нэг бүрийнхээ төлөө, эх орныхоо төлөө.”..гэх тэд сонгуулийн сурталчилгаа хийхийг хуулиар зөвшөөрсөн хорь хоногт зүсээ хувиртал, хөлийнхөө улыг эргэтэл, мэддэг сайхан өгүүлбэрүүдээ холбож байгаад, сайн, муугаар шөнө, өдөргүй сонгогчдоо балбаж байна.

Энэ хугацаанд тэд мал, малчин хоёртоо хайр зарлаж, мах, сүү, ноолуур, арьс шир гээд л юу байна, түүнийг нь боруулах олон талын гарц ярьж, гэр хорооллыг хаус хороолол болгож, залуу гэр бүлийг дэмжиж, бүгдийг нь орон сууцанд оруулна гэв. Мөн Монгол Улсын иргэн та юу хүснэ, түүнийгээ элдэв төрийн албаны хаалга манаж, дарга, даамлуудын гарын үсэг хүлээж, зөвшөөрөл горьдож суухгүйгээр үйлчилгээний газар нээж болно  гэчихлээ.  Зарим нь Монголд өөрийн биеэр байхгүй ч хол хорионд орсон гадны улсаас цахимаар мэдээлэл хийж, бичлэгээ цацаж байх юм. Энэ бүхнээс харвал,  хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж байна. Өнөөдрийн үйл явдал, улайрал, үзэл бодлын зөрүү, бие биенээ няцаах гэсэн оролдлогууд яах вэ. Хорьхон хоногт үргэлжлэх харилцаа, хандлагын энэ хөөс 100 жилийн дараа Монгол Улс орших уу, эс орших уу гэдгийг шийдэхэд нөлөөлөх учиртай.

Аюул холд ч бий, ойрд ч бий. Өнөөдрийн Монголын улс төрийн сонгуулийн үйл явц яах вэ. Агуулгын хол, ойрыг харах алсын хараа иргэн бүрт төлөвших хэрэгтэй байна. Учир нь, энэ дэлхий өөрөө аюул заналын ертөнц болж хувьсан өөрчлөгдөж байгааг бид өдөр бүр өрнөж буй үйл явцаас харж байна. Тэгэхээр Монгол Улсын аюулгүй байдлыг хангах асуудлыг газар нутаг, төр, засаг, ард түмэн гэсэн гурван тулгуур агуулгаар нь тэнцвэртэй жинлэж үзээд, түүний эв эеийг хангах асуудлыг хэн ярьж байна, түүнд бид итгэл хүлээлгэх гэж эрмэлзэх цаг үе иржээ. Ер нь аливаа улс хүчирхэг байхын гол суурь нь, иргэн нэг бүрийн тархинд хувьсгал явагдаж байж улс үндэстний хөгжил эхэлнэ, аюулгүй оршин тогтнох нөхцөл бүрдэнэ.

Тиймээс газрын хэвлий дэх баялгийг сорчилдог, стратегийн орд, газрууддаа харийнхныг оруулдаг, тэднийг хууль, эрхзүйн орчноороо дэмждэг, хувийн бизнестээ харийнхны санхүүжилтийг татдаг, төрөөс төрсөн тэрбумтнуудад энэ удаад “Үгүй” гэж хэлэх бүрэн эрхт өдрүүд ирж байна. Төрд арилжаа, наймааны одтой, суусан газраасаа шороо атгадаг, үндэсний хэмжээний компанитай, банк санхүү, уул уурхайн магнатуудыг эх орон, газар нутаг гэж ярьсных нь төлөө сонгомооргүй байна. Хорь хоногт бүү хэл, хорин жил эх орон, ард түмний эрх ашгийг тэргүүн эгнээнд тавьж чадаагүй олигархиуд дэвшсэнийг саная. 

“ЭХ ОРОНЧ ТҮШЭЭ” ОЛШРОХ ЦАГ ДОР

 “Эх оронч түшээ” гэх шагнал парламентын танхимд бий болж, хэд хэдэн тендер, концесс зохицуулагсад дээрх өргөмжлөлийг хүртсэн байсныг олон хүн харсан. Гэхдээ яагаад ч юм, эр оронч түшээ гэх нэршлийг сонсох бүрт, харь дайсны гарт алтан амиа алдсан цогт хувьсгалчдын дүр, зураг нь хүндэт самбараас салдаггүй тэргүүний ажилчин залуу, дэлхий нийтийг бүхэлд нь сөхрүүлж байгаа  корона вирусын үед Монголчуудыг  тайван сонгууль хийх боломжоор өдөр шөнөгүй хангахаар ажиллаж байгаа эмч нар, хурлын индрээс цогт дайчин үгс цуурайтуулж, эх орондоо хайртайгаа илэрхийлэх О.Дашбалбар мэтийн дүр санаанд буугаад байдаг юм. Тэгвэл иргэдтэй хийх уулзалтынхаа үеэр, хэвлэл мэдээллийн бүхий л сувгаар эх орон гэж ярих эх оронч түшээ ямар байх ёстой вэ.

Ийм ганцхан асуултад иргэн бүр хариулт эрж, өөрийнхөө хэмжээнд тодруулсан эх орончийн дүрд тохирсон хүнтэй төстэй, ойртож очих хэмжээний улс төрч таны санал өгөх тойрогт байгаа эсэхэд хариулах гээд үзээрэй. Хэрэв энэ ганц асуултад хариулт олбол эх орон, ард түмэндээ хайр зарлагчдын хэн нь хэн бэ гэдгийг төвөггүй мэдэх болно. Тухайлбал, тэд Монгол орны баялаг, нийт ард түмнийх байх ёстой гэж тунхаглан, гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниудтай тэмцсэн үү. Харах нүдэнд нь харагдсаар ширгэж, бохирдож  байгаа хатан Туул болон олон гол ус, огтлоод зүсээд, шатаж бас хөгшрөөд дуусаж буй ой модод, өдрөөс өдөрт хуурайшин цөлжиж, хүн амьдрах аргагүй болж байгаа хөрс, ургамал, ховордож устаж үгүй болж байгаад тухайн нэр дэвшигч сэтгэл зовниж, байгаль, экологи руу хандсан ажил өрнүүлж байв уу.

Уул, ус, ургамал амьтан, хөрс шороо, түүний ил далд орших олон баялгаас тэр хувь хүртэгч мөн үү. Алт, зэс гэж тэмцээд байгаа “эх орончдын” нэг гарт нь улаан туг дэрвэлзэж, нөгөө гарт нь “мөнгө” хайсан хоосон тэмцэл өрнөсөн юм биш биз. Цогт эх оронч дүрийнх нь ард, түмэн олны дэмжлэг байв уу, бусдыг шантаажилсан бүхэл бүтэн баг ажиллав уу. Тэдний яг өнөөдрийнх нь амьдралын нөхцөл байдал ямар байгааг хараад үзээрэй. Тэрбум тэрбумын үнэлгээтэй тохилог сууц, унах машин, хүүхдийн сургалтын төлбөр, банкны хадгаламж, үнэт эдлэлийнх нь эх үүсвэр нь хаанаас вэ гэдэгт  хариулт хайхыг бодоорой. Тэдний нүдэнд ширгэж буй гол ус, устаж буй ой мод, ховордож буй амьтан, ургамал яагаад харагдахгүй байгаад хариулт авах гэж хичээгээрэй.

Алив хүнд ашигтай гэгддэг “ашигт малтмал”-ын ордтой юу, хувь хүртэгч үү гэдгийг нь судлаарай. Тэд Монгол орныг хөгжихгүй байна хэмээн шүүмжлэн, “Хэрэв надад боломж олговол, бүхнийг өөрчилж чадна” гэж өөрийгөө “Үндэсний баатар” мэтээр ярьж байна уу. Дээрх утга, агуулга бүхий тандалтад танай тойрогт нэр дэвшиж байгаа эх оронч ямар үнэлгээ авахаар байгааг нь мэдэж чадвал танд сонголт хийхэд мөн ч дөхөм байх болно. Нэг талаар зөвлөгөө мэт боловч нөгөө талаар хуурамч эх орончдыг таних хамгийн энгийн асуумжийг сонгогч танд шифи болгож, сануулж байгаа хэрэг билээ. Учир нь, хаширсан хүн гэж хаширсан хүнийг л хэлдэг шүү дээ. Тэд их хурлын гишүүн, Засгийн газрын тэргүүн болмогцоо бидний харж байснаас огт өөр дүрд хувирч, өнөөдөр ярьснаа ор тас мартан, олдсон боломжийг ашиглан баяжихын төлөө ичгүүр сонжуургүйгээр авирлацгаадгийг нь өнгөрсөн 20 жилийн түүх гэрчилнэ.

Тэд зүтгэж байж салбар хариуцсан сайд болмогцоо, ард түмний эрүүл мэнд, үр хүүхдийн боловсрол, эрчим хүч дэд бүтэц, уул уурхай, хууль зүйг сайжруулах үүргээ умартан, ах дүү, амраг садан, анд нөхдийн хамт ашиглаж болох боломж, завшиж болох хөрөнгө, мөнгөний төлөө бусдыг дарамтлан эрээ цээргүй авирлацгаадаг. Эрх мэдэл, мөнгө, хууль журмын цоорхойг ашиглахын төлөө, “эх оронч” өмсгөлөө тайлчихаад, хагас нүцгэн, уранхай,цоорхой, бохир муухай бүхнээ харуулан ичгүүр сонжуургүй дайрдаг. Эцэст нь шүүх, Авлигатай тэмцэх газарт харилцан заргалдаж, өрөөл бусадтай барьцан өөрийгөө өмгөөлөх. Хуурай хуулийн цоорхойгоор ял зэмгүй өнгөрчихөөд яг л үнэг шиг өөр газарт олз хайн, сайхан сүүлээ шарвалзуулан шогшино.

Тэд нам,эвсэл, хөдөлгөөн байгуулж, хөтөлбөр хэмээх уран цэцэн үгтэй үлгэрээр ард иргэдийн тархийг угаана. Алаагүй баавгайн арьсыг хуваах гэж өөр хоорондоо цэцэрхэн маргах. Эгээ л бор авдраасаа гаргаад өгчих аятай мөнгө тараах гэж уралдана. Өөрсдөө гартаа хүрз барьж, атга шороо хөндөж үзээгүй атлаа, бусдын хөдөлмөрлөж, зовж шаналж, зүдэрч олсон мөнгөн дээр “хишиг” гэх элдэв дардас наагаад,бусдад зүгээр түгээхийг уриална. Ийм л “Эх орончид” олноороо бий болж, төрийг ёстой л үймүүлж өгнө дөө. Хамгийн гутаж, гунимаар нь, өөрсдөө хөдөлмөрлөхгүй зальт аргаар баяжчихаад, адаг сүүлд нь “Арчаагүй чиний хохь” гэх нь холгүй мушилзаж суудаг нь төрөөс төрсөн тэрбумтнуудын эх оронч царайны үнэн дүр төрх.

Сонгуулийн маргааш нар манддагаараа мандаж, амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Юу ч өөрчлөгдөхгүй. Сонгууль гэж хөөрч догдолсон амьсгалаа дарж, мах, гурил, будаа, шатахууны үнийн өсөлтийг мэдэрч аанай л бухимдаж эхэлнэ. Харин бухимдлыг нь наадам бага зэрэг тайтгаруулна. 

Эх орончид бас зальтай хүмүүс. Тэд сонгуулийг хэзээ явуулахаа тун сайн тооцоолох юм. Сонгогч, сонгогдогчид бүгд соёолон морьд шиг дүүхэлзэх нь тун ч хоржоонтой. 

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН

Х.Тэмүүжин 180 сая төгрөгийн үнэлгээтэй Mercedes Benz, G class 500 автомашинтай

Өмнөх нийтлэл

Улсын Их Дэлгүүрт гарсан галыг бүрэн унтраалаа

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм