нийгэм

С.Батмөнх: Юм болгоныг өөрсөдтэйгөө харьцуулж, өөрийгөө илүү юм байна гэж ойлгох нь өөрөө алдаа

0
  • Яг л бид нарыг модон жорлонгоосоо одоо болтол яагаад салж чадахгүй байгааг бусад орны хүмүүс ойлгохгүйтэй ижил бусад оронд бидний хэзээ ч ойлгохгүй зүйл тухайн улсын байршил, байгаль цаг уур, шашин, соёлоос шалтгаалаад асар их байдаг
  • Юм болгоныг өөрсөдтэйгөө харьцуулж, түүн дундаас өөрийгөө илүү юм байна гэж ойлгох ойлголт нь өөрөө хамгийн алдаа мадагтай ойлголт юм
  • Одоо монгол орныг бусад орны хүмүүс магтан сайшааж байна гэдэг нь бид бусад орныг шүүж дураараа ярьж болно гэсэн үг огт биш юм
  • Азиудыг гадуурхаж байгаа юм чинь бид бас хариугаа барих хэрэгтэй гэвэл бид тэднээс ялгарах юу байна

Би нэг ийм нийтлэл олж уншаа л даа. Германд амьдардаг Монгол хүний нийтлэл байсан. Яахав Германд короновирусийн үед ямар арга хэмжээ авч байгаа талаар газар дээрээс нь мэдээлсэн мэдээлэл боловч бас хэт нэг талыг баримталж өөрийн үзэл бодлыг тулгасан маягийн нийтлэл байхаар нь бидэнд одоо үед хамгийн хэрэгтэй зүйл бол тэнцвэртэй мэдээлэл хэрэгтэй учраас мөн өөрийн үзэл бодлоо илэрхийлэхээр шийдлээ. Нийтлэлийн гол утга бол Германд гэлтгүй Европ даяараа настай эцэг эхээ коронагаар нас бараг гээд тоохгүй орхиж байгаа. Монгол хүн бол хэзээ ч эцэг эхээ орхихгүй. Европчууд их муухай улс юм гэсэн маягийн нийтлэл бичсэн байсан юм… 

Хэрвээ манай улсад хэдэн арван мянган хүн зэрэг өвдөөд хэдэн мянгаараа зэрэг үхээд, эмнэлэг эмч нь олдохгүй болоод эхэлбэл бид хэнийгээ эхэлж аврах вэ гэдгийг ёстой тэр үеийн бурхан тэнгэр л мэдэх байх, Бурхан минь… 

Бид хэдий Европт ажиллаж амьдарч байгаа ч Европ хүний аж амьдрал, ахуй соёл, алхам бүрийн хэмнэл, өглөө бүрийн эхлэл, үдэш бүрийн төгсгөлийг тэгж сайн мэдэж хэзээ ч чадахгүй зүйл юм. Монголд удаан амьдарсан гадаадын хүн битгий хэл хотын бид нар жинхэнэ монгол хөдөөний айлын аж амьдрал, мал ахуйгаа хэрхэн арчилж ажилладаг талаар нарын ширийн бүү хэл наад захын ойлголт байхгүй гэхэд хилстэхгүй. Тиймээс Халхын голын дайны үед дайрч орж ирсэн самурай нар баригдахаасаа өмнө яагаад гэдсээ ярж амиа хорлох болсныг болоод одоо цагийн япон хүмүүс яагаад амиа хорлодог болсныг бид огт ойлгохгүй. Тайланд, Индонез гээд улсуудад Lady Boy яагаад тэгж их болсныг бид хэзээ ч ойлгохгүй. Лалын шашинтай орнууд болоод Европчууд хүнд хөнгөнөөр бие зассаны дараагаар бие эрхтнээ заавал гараараа угаадаг талаархыг бид хэзээ ч ойлгохгүй. Бөөрөнхий гэрт бөөгнөрч өссөн хүмүүс олон өрөөтэй байшинд төрсөн цагаасаа эцэг эхээсээ тусдаа унтаж өссөн улсуудыг угаасаа хэзээ ч ойлгохгүй. Яг л бид нарыг модон жорлонгоосоо одоо болтол яагаад салж чадахгүй байгааг бусад орны хүмүүс ойлгохгүйтэй ижил бусад оронд бидний хэзээ ч ойлгохгүй зүйл тухайн улсын байршил, байгаль цаг уур, шашин, соёлоос шалтгаалаад асар их байдаг. Юм болгоныг өөрсөдтэйгөө харьцуулж, түүн дундаас өөрийгөө илүү юм байна гэж ойлгох ойлголт нь өөрөө хамгийн алдаа мадагтай ойлголт юм. Амьд наймаалж идэх бидэнд аймар, адууны мах идэх тэдэнд аймар. Сармагчингийн толгой идэх бидэнд аймар бол хонины гэдэс идэх тэдэнд аймар байж болно. Энэ хорвоо ертөнц гэлтгүй бидний дэргэд ч дээд айл шуугихад дургүй хүн байж болно. Дэргэд нь нялх хүүхэд уйлахад дургүйцдэг ч хүн байж болно. Одоо монгол орныг бусад орны хүмүүс магтан сайшааж байна гэдэг нь бид бусад орныг шүүж дураараа ярьж болно гэсэн үг огт биш юм. Бид нарын талаар гадаадын нэг сайтад ямаагаа хэрхэн самнаж ноолуурыг нь авч байгаа талаар буруу таашаа ямаагаа тамлан зовоож ноолуурыг нь авдаг гэж хийсэн нэг видео бидэнд ямар хүндээр тусаж байлаа. Яг л түүнтэй ижил төстэй байдлаар бид өнөөдөр хүнд хэцүү цаг дор бидэнтэй л ижил хүн учир айж сандарч байгаа Европчуудын зовсон байдлыг нь ашиглаж өөрсдийгөө дөвийлгөх нь тун зохисгүй үйлдэл юм. Бид анх муусайн Хятадууд вирус тараалаа гээд байсан одоо хүссэн хүсээгүй Хятадтайгаа нэг тал болчихсон давхиж явж байгаа биз! Азиудыг гадуурхаж байгаа юм чинь бид бас хариугаа барих хэрэгтэй гэвэл бид тэднээс ялгарах юу байна? Америкт очиж усыг нь уучихаад Америкийг ад үзвэл Америкт амьдрах хэрэг юун? Европт очиж усыг нь уучихаад Европыг ад үзвэл Европт амьдрах хэрэг юун? Бид ноолуураа яаж гаргаж авна, ноосоо яаж гаргаж авна, Эхнэр нь эмнэлэг явалгүй аргаа тэврээд хүүхдээ төрүүлнэ үү, нөхөр нь нялх хүүхдээ өвөртлөөд морио унаад айргаа уугаад агсан тавиад айлаа хэснэ үү бусад орны хүмүүст огтхон ч падлийгүйтэй ижил бусад орны хүмүүсийн аж амьдрал зан заншил бидэнд огт падлийгүй зүйл байж болох. Миний муу ээж намайг үргэлж тэгж загнаж сургадаг байсан шүү. “Бусдын хэрэгт хошуу дүрэхээр өөрийн идсэн уусан аяга тавгаа л сайн угааж сур” гэдэг байсан даа. Бидэнд наад захаасаа авахуулаад цаад зах хүртлээ энэ дэлхий ертөнцийн булан тохой бүрт ухаж ойлгох, ойлгох ч шаардлагагүй зүйл асар их бий. Энэ өчнөөн олон янзын шашин, ном, арьс өнгөтэй дэлхийг нэг л зүйл нэгтгэдэг нь хүндлэл. Энэ олон мянган жилийн турш үзэн ядалт өшөө авалт нь олон арван мянган дайн дажин, боолчлолын эхлэл болж байсан бол хүндлэл л хүн төрөлхтөнийг өдий зэрэгтэй хүн болгосон юм шүү залуусаа…

Эх сурвалж: www.facebook.com/SBatmunh/

Б.Амархүүгийн хэргийг мөрдөн байцаалтад буцааж, Б.Батмэнд шалгагдаж байна

Өмнөх нийтлэл

АН-д хуучин лидерүүд нь багтаж шингэх орон зай үлдэх үү?

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм