нийгэм

Ипотекийн зээлийн төлөлтийг хэсэг хугацаанд зогсоогоод өгөөч, БАНКУУД АА!

0

Сүүлийн 2-3 сар хүмүүс бараг ажил хийсэнгүй. Нэгдүгээр сарын дунд үеэс БНХАУ-ын Ухань хотод шинэ коронавирусийн халдвар гарсан тухай мэдээлэл гарч, Хятадын Цагаан сарын баярын үеэр энэ вирус олон мянган хүнд халдварлаж, олон хүн нас барсан билээ.

Нэгдүгээр сарын 24-нөөс манай улс энэ талаарх арга хэмжээг авч эхэлж, хөл хорио тогтоож, цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 02-ныг хүртэл зогсоож, коронавирусийн эсрэг шат дараатай тэмцэж эхэлсэн. Энэ үеэс албан байгууллага, хувийн хэвшлүүд, бизнес эрхлэгчид гэлтгүй нийт иргэдийн хувьд ажлаа хэвийн гүйцэтгэх, үргэлжлүүлэх боломжгүй болсон. Түүнчлэн Монгол Улс хилээ хааж, Цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриалж, хоёрдугаар сарын 23-27-ны өдрүүдэд улс, хот хоорондын автомашин, галт тэрэгний зорчих хөдөлгөөнийг хаасан. Гэвч нөхцөл байдал хүндэрсний улмаас уг хориог гуравдугаар сарын 3-ны өдөр хүртэл сунгаж, цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг дахин нэг сараар сунгачихаад байна. Гэтэл гуравдугаар сарын 10-нд Франц улсын иргэнээс коронавирусийн халдвар илэрснээр олон улсын нислэг, авто болон төмөр замын хөдөлгөөнийг хааж, ихэнх үйлчилгээний газруудын үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Одоо ч хөл хорио үргэлжилж байна.

Монгол Улс коронавирусийн өндөр тархалттай, аюултай бүс нутагт байгаа гэдгээрээ дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байна. Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн улсын иргэдийн хувьд хөл хориог зөрчиж болохгүй. Ийм нөхцөл байдлуудаас үүдэн хүмүүс ажил хийж чадахгүй байна. Ажлаа хийж чадахгүй байна гэдэг нь мөнгө олохгүй байна гэсэн үг.

Гэр бүлээ тэжээдэг, байрны ипотек, машины лизингээ төлөхийн төлөө нүүрсний тээвэрт явдаг олон мянган жолооч ажилгүй байна. БНСУ-д коронавирусийн дэгдэлт өндөр байгаагаас тэнд байгаа монголчууд хөл хорионд орж, ажил олдохгүй байгаагаас наашаа, ар гэр рүүгээ ипотекийн зээлээ төлөх мөнгө шилжүүлж чадахгүй байна. Тэдний хувьд мөнгө олохоосоо илүүтэй, эх орондоо ирэхийн төлөө, нааш нисэх онгоцонд багтаж суухыг л юу юунаас их хүсэцгээж байгаа юм.

Хот дотор машинаа унаад таксинд явж ипотекийн зээлээ төлдөг олон хүн бий. Тэд таксинд явж чадахгүй, гурав дахь сарынхаа нүүрийг ямар ч орлого, мөнгөгүй үзэж байна. Ахуйн үйлчилгээний салбар дотроос халуун усны газар, дугуй засварын газраас бусад жижиг наймаа, үсчин, оёдол, цайны газар, гоо сайхны салон гээд бүхий л үйлчилгээг зогсоож, хүнсний худалдаанаас бусад худалдааны төвүүдийн үйл ажиллагааг ч түр хугацаанд зогсоосон. Ийм нөхцөл байдал дунд иргэд хоногийн хоолтойгоо л хоёр идэхгүй хоосон хонохгүй, гэр гэртээ сууцгаана.

Гэртээ гэр бүлээрээ хөл хорионд байгаа энэ үед халдваргүйжилт, амны хаалт, дархлаа дэмжих нэмэлт бүтээгдэхүүн, чанартай хоол хүнс зэрэгт нэмэлт зардал ихээр гарч байна. Тог цахилгаан, байрны мөнгө, телевизийн төлбөрт үйлчилгээний төлбөр, гар утасны төлбөр гээд иргэдийн гар дээр маш олон үйлчилгээний төлбөрийн баримт, нэхэмжлэл ирж байна. Санхүүгийн ийм хүндрэлтэй үед ядахдаа банкууд ипотекийн зээлийн төлөлтийг хүмүүсийн ажил жигдэртэл тодорхой хугацаанд зогсоогоод өгмөөр байна.

Монголын арилжааны банкууд ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 3-8 сар хойшлуулахад тэдэнд ямар ч хохирол гарахгүй гэдгийг эдийн засагчид ул суурьтайгаар тайлбарлажээ. Коронавирусийн эсрэг вакциныг хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд олон туршилт, судалгаа хийж байгаа бөгөөд 14-18 сарын дараа вакцин бэлэн болно. Тэр хүртэл нөхцөл байдал хэрхэхийг хэлж мэдэх нэг ч хүн алга. Дэлхий даяараа вакцин гарах хүртэл хэрхэн тэсэх, халдварыг даамжруулахгүй яаж барих вэ гэдэг дээр хамаг анхаарлаа хандуулж, урьдчилан сэргийлэхэд онцгой ач холбогдол өгсөөр байна. Коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэсэн хүний тоо нас барсан хүний тооноос их байгаа хэдий ч Европын орнуудад нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрсээр байна. Тиймээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ халдварыг Цар тахал зарлачихсан. Цар тахалтай байгаа энэ үед хөл хорионд байгаа Монголын иргэдийн хувьд банкны ипотекийн зээлдээ өгье ч гэсэн өгөх юм алга.

Ямар ч хямрал болсон түүхийг судлахад дандаа ашигтай ажиллаж ирсэн цорын ганц салбар нь арилжааны банк байдаг. Манай арилжааны банкууд дэлхийн дунджаас 2-3 дахин өндөр ашигтай ажилладаг. Хөл хориотой энэ үед иргэдийн зээлийн төлбөрийг хойшлуулах, тодорхой сарын хүүг тэглэх бүрэн боломж тэдэнд бий. Коронавирусийн халдвартай холбоотойгоор гадны орнуудад арилжааны банкууд нь иргэдийнхээ зээлийг 2-3 сараар хойшлуулж, зарим нь иргэддээ хүүгүй, урт хугацааны зээлийн үйлчилгээ хүртэл гаргаж туслаад байна.

Тэгэхээр манай банкууд дэлхийн бусад орны банкуудаас харьцангуй өндөр ашигтай ажилладгийн хувьд иргэдийн ипотекийн зээлийн төлөлтийг 3-8 сараар хойшлуулахад үйл ажиллагаанд нь хүндрэл гарахгүй гэдгийг судлаачид онцолж байна. Хэрвээ энэ үед харилцагчидтайгаа уян хатан нөхцөлтэйгөөр хандахгүй бол 5-8 сарын дараа дэлхийн засгийн уналттай холбоотойгоор эргээд арилжааны банкууд өөрсдөө эрсдэлтэй байдалд орох төлөв ажиглагдаж эхэлжээ.

Засгийн газрын тэргүүн арилжааны банкны удирдлагуудыг хэдхэн хоногийн өмнө хүлээж авч уулзахдаа энэ асуудлыг хөндөж ярьсан. Тэрээр “Улс орны чинь эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Коронавирусээс болоод асуудал үүслээ. Бизнесүүд чинь зогсож эхэлж байна. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зогсож эхэлж байна. Худалдаачдын ажил зогсож байна. Ийм үед та бүхэн сэтгэл гаргаад зээл, санхүүгийн дарамтнаас тэр бизнес эрхлэгчид ээ аврахад туслаач ээ гэж хүсч байгаа юм. Одоо бол манай арилжааны банкууд бүгдээрээ хувийн хэвшил болсон. Тийм болохоор хувийн өмчид халдаж болохгүй. Тийм учраас та бүхэнтэй ярьж хэлэлцэж, харилцан ойлголцож ард иргэддээ туслаач ээ, бизнес эрхлэгчээ дэмжээч ээ. Энэ нөхцөл байдлыг аль аль талдаа алдагдалгүй, бүгдээрээ эрсдэл багатай давж гарах шаардлага байна. Энэ бол улсын маань эдийн засагтай холбоотой гэж та бүхнээсээ хүсч байгаа юм” хэмээн ярьсныг ипотекийн зээлээ яая даа гэж шаналж суусан иргэд бүгд сонссон. Иймээс нийтийг хамарсан цар тахал, хөл хорионы энэ эмзэг үед иргэдийнхээ ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хэдэн сарын хугацаанд зогсоогоод өгөөч, банкууд аа!

Эх сурвалж: Өдрийн сонин

УЛААН БАЛ- Г.ЭНЭРЭЛ

Өмнөх нийтлэл

Д.Нямхүү: Сая түргэвчилсэн оношлуураар нэмж нэг хүнээс коронавирус илэрлээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм