нийгэмОнцлох

ПЕТА-с дуучин Номинжинг өмөөрсөн мэдэгдэл хийв

0

Монголын ноос ноолуурын холбооноос түүнийг мэдэгдэлд хариу өгч “Ноолуурыг бэлтгэх үйл явцтай холбоотой Монголын нэр, нөлөө бүхий залуу үеийн төлөөлөл олон нийт, ялангуяа гадаад орны иргэдэд ташаа ойлголт өгөхүйц мэдээллийг цацсанд харамсаж байгаагаа ч илэрхийлж байв. Харин К.Номинжин “Би Монголд ноолуурын ямааг хэрхэн тарчлан зовоож буй тухайд сэтгэл шаналдаг. Миний хувьд цагаан хоолтон бөгөөд цаашид хооллохын тулд хувцас өмсөх тулд амьтны амь таслах тэднийг зовоохын эсрэг тэмцэх болно. Ингэхдээ сая Монголын уламжлалт МАА-г буруу ойлгуулсан бол уучлал хүсье” хэмээн бичиж байсан.

Тэгвэл энэ удаад “Амьтанд Энэрэнгүй Хандахын Төлөө Хүмүүс” нийгэмлэгийн Азийн салбараас Номинжинг хамгаалан мэдэгдэл хийснээс гадна Монголын Ноос Ноолуурын Холбоо буруу мэдээлэл тараах цөхөрсөн үйл ажиллагаа явуулсан хэмээн мэдэгдэл хийв. 

Ингээд тус мэдэгдэлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч, дуучин Номинжин саяхан ПЕТА (PETA) буюу “Амьтанд Энэрэнгүй Хандахын Төлөө Хүмүүс” нийгэмлэгийн Азийн салбараас гаргасан видеоны тайлбарыг уншсан бөгөөд тэрхүү видео нь түүний эх орон Монголд ноолуурын ямаанд аймшигтай хэрцгий хандаж буйг дэлгэн харуулсан юм.
 
Энэ цочирдом видеоноос олны анхаарлыг холдуулж, тэрхүү бичлэгийн бодитой  эсэхэд эргэлзээ төрүүлэхийн тулд Монголын Ноос Ноолуурын Холбоо буруу мэдээлэл тараах цөхөрсөн үйл ажиллагаа явуулсан билээ. Манай байгууллагын хуулийн зөвлөхүүд тэднийг гүтгэлэг бүхий, худал мэдэгдэл хийхээ зогсоохыг шаардаж, албан бичиг илгээсэн болно.
 
PETA-гийн Азийн салбараас бэлтгэж,  Номинжин тайлбарыг нь уншсан  мөнхүү видеоны бүх бичлэгийг  Монголд, тухайлбал Баянхонгор, Ховд, Завхан аймагт хийсэн юм. Видеонд гарч буй Жаргалант Шанд ХХК-ний мал нядалгааны газар нь Ховд аймагт байдаг.
Энэхүү холбоосоор орж дэлгэрэнгүй бичлэгийг үзвэл, хэрхэн монголоор ярьж байгааг та бүхэн олж сонсох болно. Дэлгэрэнгүй клипийг энд дарж үзнэ үү. Хүмүүс олноороо олж үзсэн PETA-гийн бичлэг дээр харуулсан харгис хэрцгий байдал нь Монголын ноолуурын аж ахуйн ердийн үйл ажиллагаа юм.
Ямааг дөрвөн мөч, эврээр нь газарт дарж хүлж буй нь араатны идэш болдог энэ амьтныг асар их цочроож айлгадаг бөгөөд ажилчид хурц үзүүртэй төмөр самаар эсвэл гараараа үсийг нь хүчирхийлэн зулгаахад айдас хүйдэс, өвдөж зовсноосоо болж ямаа орилон майлсаар байдаг. Эдгээр ямааг ноолуурын аж ахуйд хойшид “хэрэгцээгүй” болмогц нь нядалгаанд явуулж, нэгнийх нь нүдний өмнө нөгөөгийнх нь хоолойг тас хэрчин, дутуу алж орхин, тарчлаан зовоож байна.
 
Энэ уламжлалт бус үйлдвэрлэл зөвхөн ийм харгис хэрцгий төдийгүй Монгол орны нэн эмзэг байгаль орчинд хор хөнөөл учруулж байгаа юм. (Ноолуурын аж ахуй нь гадаадаас 1980-аад онд дөнгөж нэвтэрсэн шинэ салбар болно.)  Тухайлбал, бэлчээрийн удирдлага бол Монголын хөдөөгийн амьжиргааны гол үндэс бөгөөд ноолуурын ямааны аж ахуй эдүгээ бэлчээрийн тогтвортой байдалд ноцтой аюул учруулж байна. Монгол орны газар нутгийн 90% нь цөлжих аюултай тулгараад буй өнөө үед,  ноолуурын ямаа бэлчээрийг улам талхалж, энэ хямралыг улам доройтуулж байгаа юм.
 
Ноолуурын ямааг хэт өсгөх нь Монголын уугуул бөгөөд ховордсон зэрлэг амьтад болох ирвэс, бөхөн, янгир зээр, хавтгай зэрэг амьтдын мөхөл сэхлийн асуудалд ч мөн заналхийлж байгаа билээ.
 
Азийн ПЕТА-гийн (PETA) видеоны тайлбарыг уншсан Номинжин болон өөр хэн боловч аливаа хөлс харамж аваагүй бөгөөд энэ нь Монголын эдийн засагруу Хятадаас дайрсан бодлогын нэг хэсэг ч биш юм. Үүний өмнө ПЕТА-гаас  Хятад болон Монгол улсын аль алинд авсан зураглалаар  ноолуурын тухай тусдаа видео  гаргасан байсан нь зарим эндүү ташаа ойлголт төрүүлэхэд нөлөөлсөн байж болзошгүй. Хятадад нөхцөл байдал нэгэн адил муу, магадгүй бүр дор байж болох авч, Номинжин тайлбарыг нь уншсан тухайн видеонд гарч буй зураглалыг зөвхөн Монголд авсан болно. Герман улсад орон даяар цацагддаг ZDF телевиз саяхан ПЕТА-гийн Ази дахь салбарын баримтаар  нэвтрүүлэг хийж, Монголчуудад хандахдаа, ноолуурын эрэлт нь ажилчдыг хэрхэн шавдуулж, ноолуурыг хурдан түргэн тасчин зулгаахад хүргэж, тэгснээр амьтдыг улам илүү зовоож буй тухай өгүүлсэн билээ.

ПЕТА-гийн илчлэн үзүүлсэн Монголын ноолуурын аж ахуйн харгис хэрцгий хандлага нь хэний ч сэтгэлийг хиртхийлгэм бөгөөд өрөвч энэрэнгүй хэн боловч дургүйцэл бухимдлаа үйл хэрэгт хувиргаж, ямаан сүргийг хамгаалахын төлөө наад захын ямар нэг зүйл хийхийг уриалж байна. Бүтээгдэхүүний шошгыг шалгаж, ноолуурын орцтой алив зүйлийг худалдаж авахгүй байя. Дэлгүүрт ноолуур худалдаалахаа зогсоож, загвар зохион бүтээгчдийг ноолуур хэрэглэхгүй байхыг шаардацгаая. Түүнчлэн найз нөхөд, гэр бүлийнхэндээ ноолуур хэрэглэх нь чухам яагаад харгис гэдгийг ухааруулж ойлгуулъя. Ямаа гэдэг амьтанд бидний чадах бүх л тусламж энэрэл хэрэгтэй байна.
 
Чин сэтгэлээсээ хүндэтгэсэн,
 
Жейсон Бейкер
Ази дахь ПЕТА-гийн
Олон Улсын Кампанит үйл ажиллагаа хариуцсан Гүйцэтгэх Дэд Захирал

З.Энхболд Таван толгойг дахин танд үлдээв

Өмнөх нийтлэл

Зориод ирснийхээ зовлонг хуваалцана, амжаад ирснийхээ амийг сахина, гүйцээ!

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм