нийгэм

”Эрдэнэт”-ийн ТУЗ дэлхийн компанийн стандарт нэвтрүүлжээ

0

2016 оны наймдугаар сарын байдлаар 134 тэрбум төгрөгийн татвар төлжээ

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өнгөрсөн сарын 29-ний өдөр уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой мэдээлэл хийсэн билээ. Түүний хийсэн мэдээлэлд тайлбар хийж, тус үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн, Хууль эрх зүйн газрын дарга Д.Цэрэнбадам тэргүүтэй албаны хүмүүс мэдэгдэл хийсэн юм.

УИХ-ын дэд даргын мэдээллээс иргэдийн анхаарлыг татсан зүйл бол “Эрдэнэт” үйлдвэр энэ онд 20 тэрбум төгрөг буюу “Оюутолгой”-нхоос 10 дахин бага татвар улсын төсөвт төвлөрүүлсэн тухай юм. Тэгвэл үнэн хэрэгтээ уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр энэ оны наймдугаар сарын байдлаар нийт 134 тэрбум төгрөгийн татвар төлсний 65 тэрбумыг нь улсын төсөвт төвлөрүүлжээ. Засгийн газар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тус үйлдвэрт хүсэлт тавьсны дагуу 70 тэрбум төгрөгийн татварыг урьдчилж авсан байна. Тухайн үед буюу 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар “Эрдэнэт” үйлдвэр 44.2 тэрбум төгрөгийн татварын илүү төлөлттэй байсны дээр энэ оны наймдугаар сар хүртэлх төлөх ёстой 48.2 тэрбум төгрөгийн бүрэн төлсөн байгаа аж.

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр 2015 онд 284 тэрбум төгрөгийн татвар төлсөн бол энэ онд 20 тэрбум болтлоо буурсан хэмээн Ц.Нямдорж дарга шүүмжилсэн. Монгол Улсад өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ашигт малтмалын тухай хуулийн дагуу нэг тонн зэсийн үнэ 5000 ам.доллараас дээш үнэтэй үед 16 хувийн татвар төлдөг бол 5000-аас унахад таван хувийн татвар ногдуулдаг. Тэгвэл өнгөрсөн оны гүйцэтгэлээ тонн зэсийн үнэ 5500 ам.доллар байсан бол энэ оны наймдугаар сарын гүйцэтгэлээр 4750 ам.доллар байгаа тул хуулийнхаа дагуу таван хувиар тооцож татвараа төлсөн тухайгаа Ц.Даваацэрэн захирал тайлбарлав.

“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ- ийн дарга хэн болох нь өнөөг хүртэл тодорхойгүй байгаа гэсэн УИХ-ын дэд даргын хардалтыг тайлж, Хууль эрх зүйн газрын дарга Д.Цэрэнбадам “ТУЗ-ийн даргаар Да.Ганболд томилогдоод хэвийн ажиллаж байгаа. Энэ бүх үйл явц хууль журмын дагуу явагдаад, улсын бүртгэлд мэдээлэл нь орсон. Бүх мэдээлэл нь нээлттэй байгаа” гэсэн тайлбар өглөө.

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн мэдлээ Монгол Улсын Засгийн газар алдсан тухайд “Монгол Улсын Засгийн газрын мэдэл дэх 51 хувь байдгаараа л байгаа” гэдгийг үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн тайлбарлаад хэрэв аль нэг тал өөрийн эзэмшлээ ямар нэгэн байдлаар зарах, шилжүүлэх тохиолдолд аль аль талдаа албан ёсоор мэдэгдэх ёстой бөгөөд манай улсын эзэмшиж буй 51 хувьд ямар нэгэн өөрчлөлт ороогүй гэдгийг дахин дахин онцолсон юм.

“Эрдэнэт” үйлдвэрт өнөөдрийн байдлаар 6092 хүн ажиллаж байгаа бөгөөд ТУЗ шинэчлэгдсэнээс хойш 13 орос ажилтан, гурван удирдах ажилтныг өөрсдийнх нь хүсэлт болон ярьж тохирсны үндсэн дээр ажлаас нь чөлөөлсөн бөгөөд ямар нэгэн халаа сэлгээ хийгээгүй тухай Д.Цэрэнбадам тодотгосон. Харин үйлдвэрт компанийн засаглалын олон улсын хөтөлбөр, Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан компанийн засаглалын кодекс зэрэг шинэчлэлүүдийг хийж буйтай холбоотой бүтцийн өөрчлөлт, давхардлыг арилгах өөрчлөлтүүдийг хийж байгааг тэрбээр нэмж хэлсэн. Энэ нь 1978 оноос хойш хийж байгаа хамгийн том бичиг баримтын шинэчлэл болж байгаа аж. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг дотоодын аж ахуйн нэгж эзэмших болсноор компанийн засаглал, хяналтын тогтолцоог сайжруулах чиглэлээр энэ бүх шинэчлэлийг өрнүүлж байгаа юм байна.

Эцэст нь, зэс, хүдрээ хэвийн хэмжээнд олборлож, татвараа 100 хувь төлж, ажлаа 100-гаас дээш хувь гүйцэтгэж байгаа “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчид хийрхсэн улстөржилт, элдэв жагсаал цуглаанаасаа хол байлгахыг хүссэнийг тус үйлдвэрийн Хууль эрх зүйн газрын дарга Д.Цэрэнбадам уламжиллаа.

“Эрдэнэт Медипас” эмнэлэг нээлтээ хийлээ

Өмнөх нийтлэл

Эрдэнэт үйлдвэр туузан дамжуулгын өнхрөвч үйлдвэрлэж эхэллээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм