нийгэм

Cалбартаа ‘элэггүй’ Б.Бямбадорж Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болтлоо дэвших зөв үү, У.Хүрэлсүх сайд аа?

0

Ойрд допинг, Б.Хурцын хэрэг, Д.Жигжиднямаагийн Сингапур дахь төрсөн дүүгийнхээ компани руу мөнгө дамжуулан угаасныг ОХУ-ын талаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэдээлсэн зэрэг дуулиантай зэрэгцээд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадоржийн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дарга байхдаа Төрийн албан хаагчдын эмнэлгийн хувьдаа завшихаар санаархсан, ясны чөмөг шилжүүлэн суулгахад шаардлагатай тоног төхөөрөмжийн 4.1 тэрбумыг тендергүй, бүр асуудал хариуцсан  яамнаасаа нуун зохион байгуулсан гээд унаган мэргэжлийнхээ салбар луу ханцуйдаа “хутгатай” ажилласныг зах зухаас мэдээлэгдэв.

Зах, зухаас гэсний учир “Өнөөдөр”, “Зууны мэдээ” сонин, сошиал орчноор тархсан ч тус мэдээллийн доорх уншигчийн сэтгэгдэлд хана чихтэй, гудамж нүдтэйг батлах баримтууд олон нийтийн зүгээс өч, төчнөөнөөрөө өрөгджээ.

Төр мэддэггүй ч түмэн олнын үдэлсэн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадоржийн шунахай санаархлыг “Болсон үйл явдлыг шүүхийн шийдвэрт авагдсан баримтын дагуу товчлон сийрүүлбээс: Анх 2015 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн Засгийн газрын “Шийдлийн цаг” хэмээх хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “дуусаагүй барилга” нэрээр одоогийн Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг “Нэг эмнэлэг-Хоёр жигүүр” хэмээх төслийн хүрээнд хувь хүнд өгөхийг үүрэгдсэн байдаг.

Энэ хувь хүн нь “Нэг эмнэлэг-Хоёр жигүүр” төслийг санаачлагч Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн дарга Б.Бямбадорж. Улсын ууган Нэгдүгээр төв эмнэлгийн нэрийг удирдлагын багийн хэдэн шуналтан овжин ашиглаж, “Жигүүр эмнэлэг” гэдэг нэр томьёо гарган төсвийн буюу татвар төлөгчдийн хөрөнгөөр баригдсан Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгыг авсан байдаг. Зүй нь, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд ч аливаа төрийн эмнэлэг “жигүүр”-тэй байх тухай зохицуулалт хэрхэвч байхгүй…” гэхчлэн өгүүлжээ.

Чухамдаа 2015 оны хоёрдугаар сард эхэлсэн тус үйл явдлын талаар есөн сарын дараа буюу арваннэгдүгээр сарын 7-нд манай сонин Монгол Улсын хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор Л.Жамбалжаваас  ярилцлага авч нийтэлсэн байдаг. Үүнд, “Төрийн тусгай албаны эмнэлэг барина гээд төсвөөс хөрөнгө гаргаж байснаа гэнэт цэргийн эмнэлэгтэй нэптэлээ. Эмнэлгийн зориулалтаар барьсан барилгад хуулийн байгууллага оруулахаар хөрөнгө зардал гаргаснаа дахиад л буцлаа. Одоо эмнэлэг хэвээр нь үлдээхээр болж. Ашиглаж эхэлье гэтэл хөрөнгө мөнгөгүй болсон гэх юм. Тэгснээ нэгдүгээр эмнэлгийн дарга Б.Бямбадоржийн мэдэлд өгчихөж. Нэг ёсондоо Б.Бямбадоржийн удирдлагад хоёр эмнэлэг ажиллах нь. Б.Бямбадорж концессын гэрээгээр дуусгахаар болсон юм гэнэ. 30-аад тэрбум төгрөгөөр барьж дуусгаад 30-40 жилийн дараа улсад оруулсан мөнгөө буцааж авна гэнэ. Энэ бол зүгээр л луйвар. Хэрэв концессын гэрээгээр гүйцэтгэж байгаа юм бол хуулиараа төрийн албан хаагч төрийн эмнэлгийг гэрээ хийж авч болдог юм уу. Тэгээд ч Б.Бямбадорж тийм сайн менежер мөн үү. Төрийн тусгай албаны эмнэлгийг хувьд зувчуулж байгаа нь хууль Зөрчсөн асуудал. Б.Бямбадоржийн хувийн эзэмшилд өгсөн Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох хэрэгтэй. Тэр ч байтугай энэ асуудлыг Авлигатай тэмцэх газар болон холбогдох хуулийн байгууллага шалгах нь зүйтэй. Улс эх орон, ард түмний төлөө тул би асуудлаа ил тавьж байна. Эрүүл мэндийн салбар, эмнэлгийн үйлчилгээ гэдэг бол ард түмний өмч. Эн тэргүүний хэрэгцээ. Ер нь төрийн мэдэлд ГССҮТ, ХӨСҮТ, ХСҮТ, Үндэсний их сургуулийн эмнэлэг, хүчний байгууллагын эмнэлэг байх ёстой. Төр, нийгмийн эрүүл мэндийг авч явах ёстой байдаг…” гэхчлэн хэлж. Харин шунаг Б.Бямбадоржийг тэрбээр “Б.Бямбадоржийн удирдсан нэгдүгээр эмнэлгийн үйл ажиллагаа маш муу байна.

Иргэдээ ялгаварлан гадуурхах, хэвтэн эмчлүүлж буй өвчтөнийхөө эмчилгээг харьяаллын бус гэж хаадаг болж. Өнгөрсөн онд л гэхэд гемодиализэд орох өвчтөнүүдийг харьяаллын гэж ялгаад дарга цохолт хийдэг болсон. Нэгёсондоо мөнгөтэй, эсхүл Б.Бямбадоржийг таньдаг бол бөөрний аппаратад орж амь аврагдах юм байна…” гэжээ.

Ажилаа хийхгүй, хийхээрээ хувьдаа зувчуулах хөрөнгө, хүчийг илүү дутуу харж, хумсалж явсан Б.Бямбадорж тэгээд өнөөдөр салбарынхаа яаманд Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон нь МАН-ын сохор томилгоонуудын нэг ажээ гэхээс өөр хэлэх үг алга. Төвийн хэвлэлүүд болон сошиал орчноор цацагдсан Б.Баямбадоржийн тухай мэддээллийг цааш сөхвөл “2015 оны зургадугаар сарын 8-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар “Нэг эмнэлэг-Хоёр жигүүр” төсөлтэй танилцаж, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн удирдлагын байгуулсан компанитай концессын гэрээ түр хугацаагаар байгуулах үүрэг өгчээ. Энэ бүхэн хожим эцэс төгсгөлгүй шүүхийн маргааны сэдэв болсон юм. /http://new.shuukh.mn/zahirgaanhan/4190/view/ Засгийн газар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн дарга Б.Бямбадорж нарт үүрэг өгөх байдлаар шийдвэрээ гаргасан ч арай нэг хүнтэй компани байгуулаад энэ эмнэлгийг хувьдаа ав гээгүй байлтай? Засгийн газар үүрэг болгосон гэж Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн дарга Б.Бямбадорж, орлогч дарга Ш.Далайжаргал нар цамнаж Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн төлөөлөл гэх хэдхэн хүн байлцуулан 2015 оны зургадугаар сарын 9-ний өдөр шуурхай хуралдаж “Юниверсити хоспиталь” нэртэй аж ахуйн нэгж байгуулжээ.Ингэхдээ хөрөнгө оруулагч олж, түүнд шууд шилжүүлэх, бизнес төлөвлөгөө боловсруулах шийдвэр гаргажээ. Товчдоо Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн хэдэн дарга тойрон хүрээлэгчдийнхээ хамт төрийн өмчийн эмнэлгээр хувийн компани байгуулж, 25-30 жил ажиллуулаад буцаагаад улсад өгөх тухай үлгэр зохиосон хэрэг. “Юниверсити хоспиталь” ХХК-ийг Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Төлөвлөлт, санхүүгийналбаны эдийн засагч Д.Баярсайханы нэр дээр байгуулжээ. Б.Бямбадоржийн “гар, хөл” бологч Д.Баярсайханы “Юниверсити хоспиталь” ХХК “жигүүр” эмнэлгийг  260 ортой нэгдсэн эмнэлэг болгож ажиллуулах концессын гэрээр 2015 оны долдугаар сарын 9-ний өдөр Засгийн газартай хийсэн байна.Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн удирдлагын байгуулсан “Юниверсити хоспиталь” ХХК Засгийн газартай гэрээ байгуулснаасаа хойш ганцхан сарын дараа бүх хувцаагаа иргэн Х.А-д зарсан байна. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн бааз суурь, хүний нөөц, технологи, менежмэнт, Ноу-Хауг түшиглэн “Нэг жигүүр-Хоёр эмнэлэг” бий болгон хөгжүүлэх тухай үлгэр ийнхүү үнсэн товорго болжээ.

Гэхдээ Б.Бямбадорж нарын үлгэр үргэлжилнэ. 2015 оны есдүгээр сарын 1-нд хувьцааг бүрэн худалдсан атлаа дахиад л сарын дараа буюу аравдугаар сарын 01-нд эмнэлгийн тусгай зөвшөөрөл авахаар Эрүүл мэндийн яаманд ханджээ. Яамны тусгай зөвшөөрөл ч саадгүй гарч. Гэхдээ Засгийн газрын шийдвэрийн дагуу “Нэг эмнэлэг-Хоёр жигүүр” төслийн нэрээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгогдсон байгаа юм.

Уг нь хувьцаагаа зарчихсан “Юниверсити хоспиталь” ХХК буюу Б.Бямбадоржийнхонд тусгай зөвшөөрлийн хэрэг баймгүй. Үүнд л шунамын сэдэлтэй, залилангийн энэ үйлдлийн цаад үнэн нуугдаж байгаагхэн ч ойлгоно. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг хэсэг бүлэг хүн хувьдаа завших санаархалтай байсан нь ч харагдана. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дарга Б.Бямбадорж өмгөөлөгч хөлслөн шүүх хуралд өөрийн биеэр орж, “Юниверсити хоспиталь” ХХК-д эмнэлгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгогдох ёстой гэж улалзан тэмцэлдэж заргалдаж эхэлжээ.

Уг нь энэ ХХК-ийг Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Төлөвлөлт, санхүүгийн албаны эдийн засагч Д.Баярсайханы нэр дээр байгуулсан, дараа нь бүх хувьцааг нь бусдад зарсан байхад яагаад Б.Бямбадорж “Юниверсити хоспиталь” ХХК-ийн нэр дээртусгай зөвшөөрөл өгөхгүй байна хэмээн өсөрхөж  Эрүүл мэндийн яамыг шүүхэд өгөх болов? Гэвч “Жигүүр” эмнэлэг байгуулах хуурамч үлгэрийг гурван шатны шүүх эцэс болгон …төрийн өмчийг эмнэлгийг хэсэг бүлэг хүн хувьтдаа зүгээр авч ашиглаж болохгүй. Эрүүл мэндийн яам “Юниверсити хоспиталь” ХХК-д биш Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Жигүүр” эмнэлэгт нэг жилийн хугацаатай тусггай зөвшөөрөл олгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна…” хэмээн тогтоожээ. Ийнхүү Төрийн тусгай албан хаагчдад үйлчлэх эмнэлэг болгон анхны зориулалтаар нь ажиллуулах шийдвэрийг  2016 оны наймдугаар Засгийн газар гарган, Хууль зүйн яамны харьяанд буцаан шилжүүлсэн юм” гэжээ.

Эх сурвалж: “Өдрийн” сонин

Гадаад хэлний сургуульд багшлахаар ирсэн иргэн хар тамхи хэрэглэсэн байжээ

Өмнөх нийтлэл

’70 түүх, 70 агшин’ гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм