Нэгдүгээр ангийн хүүхдүүдийн сурах бичгийн эх зохиох хэвлэх түгээх тендерт УИХ-ын эрх бүхий хүмүүсийн хамаарал бүхий компаниуд шалгарсан нь шударга бус хэмээн “Монсудар” хэвлэлийн газраас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
“Монсудар” хэвлэлийн газрын захирал Р.Энхбат: Мэргэжлийн бус хүмүүсээр сурах бичгийг хийлгүүлж Монголын нийт хүүхдүүдийг хохироож байгаад харамсаж байна. Багш, эцэг эх, хүүхдүүд юу ч хэлж чадахгүй. Бүгд хайрцаглагдсан. П.Наранбаяр сайд байх үеэс бүх асуудлын эхлэлийг тавьсан. Л.Энх-Амгалан сайд засаж залруулж чадсангүй. Одоо ичихгүй хиймэл оюун ухаанаар хийсэн сурах бичгээ сурагчдад тарааж өгсөн. Хэнийг, яаж шалгаруулах уу, хэдэн төгрөг өгөх үү гээд бүх зүйлээ төлөвлөөд тендер зарладаг. Товчхондоо тавилттай тендер гэсэн үг. Ийм хайрцагт орчихсон. Төрийн эрх мэдэл томрохоор хайрцаг үүсдэг юм байна. Төр өөрийнхөө хийх ёсгүй зүйлийг хийгээд ирэхээр хайрцаг томордог. Хийх ёсгүй ажлаа хийгээд ирэхээр мөнгө дагалддаг юм байна. Мөнгө, эрх мэдэл хоёр дагалдахаар мэргэжлийн хүмүүс хэрэггүй болдог. Монголд хэвлэлийн газар нэртэй 120 гаруй байгууллага байдаг. Тэдний дунд зарласан нэгдүгээр ангийн сурах бичиг хэвлэх, зохиох тендерт бид оролцсон. Гэтэл УИХ-ын хоёр гишүүн, нэг нь сайд хүмүүсийн компанийг Боловсролын яам, Боловсролын Ерөнхий газрын дарга Х.Тамир шалгарууллаа. Сарын дотор хиймэл оюун ухаанд даалгавар өгөөд сарын дотор зарлагдсан тендерт ялагч болж гарч ирсэн. Энэ хүмүүсийг бид хэлэх хэрэгтэй байх гэж бодож байна” гэв.
Тэдний зүгээс сурах бичиг хэвлэх, зохиох хэвлэлийн газрыг сонгон шалгаруулахдаа ашиг сонирхлын зөрчил орсон байж болзошгүй гэдгийг хэлэв. Тодруулбал, “Соёмбо трейд” компанийн хувьд УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан 2000-2007 он хүртэл тус компанийн ерөнхий менежер, захирлаар нь ажиллаж байсан. Харин “Мөнхийн үсэг” компани нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хамаарал бүхий компани. Эдгээр хүмүүсийн хамаарал бүхий компаниуд зарим тендерүүдээс хасагдсан маргаан нь шүүхээр эцэслэгдээгүй байхад сурах бичгийн тендерт дахин шалгарч сурах бичиг хэвлэх эрхийг авч байгаа нь шударга бус байна гэдгийг хэлж сурах бичгийн агуулга ёс зүйгүй байгааг хэлсэн юм.
Тэд “100 айлын би чадна” шиг хүмүүс хүүхэд бус мөнгөний төлөө нэгдүгээр ангийн хүүхдийн сурах бичгийг сарын дотор бичсэн. Есдүгээр сарын 1-нд хүүхдүүд сурах бичиггүй байсан. Сурах бичгийн зураг нь ч агуулга байхгүй. Номын зурганд гурван хөлтэй хүүхэд байгаа нь байж боломгүй ёс зүйгүй асуудал. Энийг хараад хүүхэд төсөөлөн бодох даалгавраа хийж байна. Харахад томчуудын хүссэн мэдээллийг өгсөн байна. Үүнийг шинэчлэл гэхгүй. Хуучин арга барил нь хэвээрээ байна” хэмээн сурах бичгийг шүүмжиллээ.