Дэлхийн үйл явдал

Гамби улсын экс ерөнхийлөгч бараг нэг тэрбум долларын хөрөнгө хулгайлаад эх орноосоо дүрвэжээ

Таны сэтгэгдэл

Хоёр жилийн өмнө эх орноосоо дүрвэсэн Гамби улсын ерөнхийлөгч улсынхаа төсвөөс бараг нэг тэрбум ам.долларын хөрөнгө завшсан болохыг эрэн сурвалжилсны үр дүнд тогтоожээ.

Үүнийг илрүүлсэн OCCRP (Organized Crime and Corruption Reporting Project) төслийнхөн Яхья Жаммегийн засаглалын 22 жилийн хугацаанд хэр хэмжээний хөрөнгө мөнгө үрэгдсэнийг олон мянган бичиг баримт, эх үүсвэрээс судалж тогтоосон байна.

Армийн офицер асан Жамме 1994 онд цэргийн эргэлтээр Гамби улсын ерөнхийлөгч болсон юм. 2016 оны сүүлээр болсон сонгуульд тэр ялагдсан ч сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөлгүй олон сар болсон байна. Гэвч бүс нутгийн орнуудын шахалтын үр дүнд Жамме 2017 онд эх орноосоо дүрвэжээ.

Дональд Трампын засаг захиргаа 2017 оны арванхоёрдугаар сард Яхья Жаммед “урт хугацааны турш хүний эрхийг зөрчиж, авлига хээл хахуулийг цэцэглүүлж байсан” үндэслэлээр эдийн засгийн хориг тавьсан юм. Дараа жил нь АНУ-ын төрийн департмэнт Яхья Жамме болон түүний гэр бүлийн гишүүдийг нутаг дэвсгэртээ нэвтрүүлэхийг хоригложээ.

Яхья Жамме нь “Junglers” (Ширэнгийнхэн) нэртэй залхаан цээрлүүлэх анги байгуулж, өөрийг нь шүүмжлэгчид, сөрөг хүчнийхнийг устгуулдаг байсан юм. Олон мянган иргэн түүний яргаллын хохирогч болсон гэдэг.

Тэрээр Гамби улсыг мафийн зарчмаар удирддаг байсныг сүүлд тогтоосон байна. Гэвч баруун Африкийн энэ улс харьцангуй жижиг тул дотоодод нь болж буй үйл явдал дэлхий нийтийн анхаарлын гадуур өнгөрдөг байв. Гамби улсын газар нутгийн хэмжээ 10,000 км.кв орчим, хүн амын тоо хоёр сая гаруй.

OCCRP төслийн судлаачид голдуу 2011-2016 онд хамаарах бичиг баримтуудыг судалж үзээд Жаммег улс орноосоо доод тал нь $975 саятай тэнцэх мөнгийг янз бүрийн аргаар хулгайлсныг тогтоожээ.

Хулгайлсан мөнгөө тэр гадаад улс орнууд дахь 20 орчим дансанд хуваарилан шилжүүлсэн байна.

Яхья Жамме эх орноосоо явахдаа ачааны нисэх онгоц дүүрэн эд хөрөнгөтэй явсан гэдэг ба тэдгээрийн дотор доод тал нь гурван тансаг ангиллын автомашин байсныг эх сурвалжууд баталж байжээ.

Одоо тэр Экваторын Гвиней улсад гэр бүлийн хамт амьдарч байгаа юм.

Эх сурвалж: The Guardian

901
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6598 нийтлэл