нийгэм

Оюу Толгойн 13 мянган монгол ажилчин “бэлэн гоймонд оржээ”

0

Монголын баялаг олборлогч Оюу Толгой компанид нийтдээ 13 мянга гаруй монгол уурхайчид ажилладаг гэх статистик бий. Гэтэл 1300 гаруй метрийн гүнд ажиллаж буй монгол залуус өнөөдөр бэлэн гоймонгоор “голоо зогоож” байна. Учир нь тус компанийн ажилчдын хувцас хэрэглэл болон хоол хүнсний хангамжийг нийлүүлж буй Таван богд компанийн хувьцаа эзэмшдэг франц захиралтай SSM гэх компани монгол залуучуудад хамгийн муу, хамгийн хямд гэсэн бүхнийг “бөөнддөг” болжээ.
Тодруулбал Оюу Толгой компанийн ажилчид өдөрт 3 удаа хооллодог. Ингэхдээ SSM компани Оюу Толгойн ажилчдаас нэг өдрийнх нь хоолны зардлыг 30 доллараар тооцон өдөрт 70-80 мянган төгрөгийг цалингаас нь суутган авдаг учраас тэднийг чанартай хоол хүнсээр хангах үүрэгтэй.
Харамсалтай нь монгол ажилчдад өгч буй тэдний гурван удаагийн хоол нь импортын амт чанар муутай, амин дэм, шим тэжээлгүй хятад ногоо, хятад жимс байдаг учраас тус компанид ажиллаж буй 1300 гаруй монгол залуус бэлэн гоймон, пиццаг сонголтоо болгон ходоодоо аргацаах болсон гэдгийг албаны эх сурвалж хэлж байна.
Зэс, алтны асар их нөөцтэй Оюу толгой компанийн ажилчид жилийн 365 хоногийн хэдэн өдөрт нь амарч, гэр бүлтэйгээ хамт байдаг вэ? Амьдралынхаа бүх цагийг газрын гүнд ажиллаж өнгөрүүлдгийг нь бодоод ядаж тэдэнд өгч буй хоолныхоо орц найрлаганд Оюу толгой компанийн удирдлагууд санаа тавих хэрэгтэй болоод байна.
Ямар ч компанид хамгийн нэгдүгээрт ажиллах хүч, боловсон хүч нь эхэнд тавигддаг шиг Оюу толгой компанийн удирдлагууд нийт ажилчдынхаа хоолонд үндэсний үйлдвэрлэлийн шим тэжээл сайтай монгол ногоо, эрүүл хүнсийг яагаад сонгож болохгүй гэж. Ажилтан эрүүл байвал бүтээмжтэй ажиллаж улмаар компанийн үйл ажиллагаанд хүртэл эерэг нөлөө үзүүлдэг гэдэг дээ. Тиймээс Оюу Толгой компанийн удирдлагууд гадны ашиг хонжоо харсан компаниудад нийт ажилтнуудынхаа эрүүл мэнд, амь насыг даатгахын оронд өөрсдөө гар бие оролцон санаа тавьж, ажилтнуудаа “халамжлах” хэрэгтэй болоод байна.

Т.Гал

todnews.mn

Хөдөлмөрийн аюулгүй байдлаа сайтар ханган ажиллаарай

Өмнөх нийтлэл

Хар баасан гаригт болсон Вол-мартын эмгэнэлт явдал

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм